Ц.Чимиддондог: Сэтгүүлчийг үзэг нь биш, хөл нь тэжээдэг

Монгол Улсад ардчилсан, чөлөөт сэтгүүлзүйн үндэс суурийг цогцлоон хөгжүүлэх, сэтгүүлзүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, ил тод хариуцлагатай нийгмийн төлөө хэмээх зорилтыг дэвшүүлэн ажилладаг Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн 20 жилийн түүхт ой энэ өдөр тохиож байна. Ойн өдрийг нь тохиолдуулан Хэвлэлийн хүрээлэнгийн Менежментийн албаны дарга Ц.Чимиддондогтой ярилцлаа.
-Монголын Хэвлэлийн Хүрээлэн байгуулагдаад эдүгээ 20 жилийнхээ түүхт ойг угтаж байна. Өнгөрсөн он жилүүдийн ололт амжилтаа эргээд дүгнэвэл?
-Монгол Улс ардчилсан шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш хүний үндсэн язгуур эрхүүдийг хэрэгжүүлэх шаардлага нийгэмд бий болсон. Тухайлбал, иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хэрэгжүүлэх шаардлага гэсэн үг. Хэдийгээр Үндсэн хуульд эдгээр эрхийг баталгаажуулсан ч нийгэмд бодитой хэрэгжүүлэх олон талын зохицуулалт дутагдалтай байсан. Тиймээс юуны өмнө орчин цагийн сэтгүүлзүйн суурийг тавих, мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, төлөвшүүлэх шаардлага гарч ирсэн.
Ингээд 1996 оноос энэ шаардлагыг хэрэгжүүлэх үүднээс Монголын Хэвлэлийн Хүрээлэн албан ёсоор ажиллаж эхэлсэн байдаг. Шинэ сэтгүүлзүйн ертөнцийн үүд хаалгыг Монголын сэтгүүлчдэд нээж өгөхийн тулд тэднийг сургах хэрэгтэй болсон. Үүний дагуу эхний жилүүдэд олон сургалт семинарыг зохион байгуулсан. 1990-ээд оны дунд үе хүртэл сэтгүүлчдийг зөвхөн МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхим болон ЗХУ-д бэлтгэж байв. Монголд сэтгүүлч бэлтгэж мэргэшүүлдэг, онол дадлагын мэдлэг олгодог газар өөр байгаагүй. Нөгөө талаар ерээд оны дундуур хэвлэлийн эрх чөлөөний асуудал хөндөгдөж нийгмийн олон талт бүлгүүд эрх зүйн хувьд баталгаажуулах уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг ихээр хийж байсан боловч тэр бүр үр дүнд хүрээгүй байдаг. Иймээс Хэвлэлийн Хүрээлэнгээс хуулийн төслийг боловсруулж өргөн барих нь зөв юм байна гэсэн шийдвэрт хүрснээр 1998 оноос өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа хуулийн үндсэн үзэл баримтлалыг боловсруулж, өргөн барихад анхаарал хандуулж, удирдаж ажилласан. Үүний үр дүнд нам, төрийн мэдэлд байсан хэвлэлүүд чөлөөт гэсэн тодотголтой болсон.
Мөн МҮОНРТ-ийг олон нийтийн болгох шилжилтийн үед анхны Үндсэний зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлэх, дүрэм журмыг боловсруулахад идэвхтэй оролцсон. Гэх мэтчлэн байгуулагдсан цагаасаа хойш олон шинэ дэвшилтэт үйл ажиллагааг сэтгүүлзүйн салбарт Хэвлэлийн Хүрээлэн зохион байгуулалцсаар ирсэн. Мөн өнөөдрийг хүртэл бид 500 орчим мэргэшсэн сэтгүүлчийг дадлага давамгайлсан аргаар бэлтгэж гаргаад байна. Манай төгсөгчдийн ихэнх нь хэвлэл мэдээллийн байгуулагуудын бодлогыг тодорхойлж байна. Тухайлбал, “Өнөөдөр”, “Үндэсний шуудан”, “Засгийн газрын мэдээ”, “Зууны мэдээ” зэрэг өдөр тутмын сонин хэвлэл, сайт, телевизүүдэд өөрсдийн байр сууриа олоод ажиллаж байгаа.
-Та өнөөдрийн ХМХ-ийн хараат бус байдлыг хэрхэн дүгнэдэг вэ?
-Редакцийн хараат бус байдлыг хангах нь хэвлэл мэдээллийн байгууллага дахь редакцийн өөрсдийнх нь хүчин чармайлтаас шалтгаалдаг. Миний хувьд www.gogo.mn сайт нэлээд тэнцвэртэй хараат бус, мэргэжлийн чиглэлд дөхсөн, төвийг сахисан буурь суурьтай мэдээ мэдээлэл гаргадаг гэж хардаг. Өөрөөр хэлбэл, хараат бус байснаараа бодит байдалд нийцсэн, олон нийтэд ашигтай, тэдний амьдралыг өөрчлөх мэдээлэл гаргадаг гэсэн үг. Энэ нь үндсэндээ хэн нэгний захиалгагүй, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн болж байгаа юм.
Ийм бүтээгдэхүүний хэрэглэгчдийн хүрээ аяндаа өргөждөг. Үүнийг дагаад тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд сурталчилгаа нийлүүлэх бизнесийн байгууллагууд болон бусад хамтран ажиллагч түншүүд өөрсдөө ороод ирдэг. Энэхүү тогтолцоо нь удаан хугацаанд аажмаар бий болдог. Одоо өргөн барихад бэлэн байгаа Хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд хэд хэдэн чухал заалтыг Хэвлэлийн Хүрээлэнгийн зүгээс оруулж өгсөн. Тухайлбал, эх сурвалжаа нууцах эрхийг хангах, редакцийн хараат бус байдлыг баталгаажуулах, эзэмшил харъяаллыг ил тод болгох тал дээр бид үзэл баримтлалаа шингээсэн. Эдгээр нь манайд ус, агаар мэт хэрэгтэй байгаа. Гэвч энэхүү хууль маань одоо болтол батлагдаагүй. Яваандаа батлагдах байх хэмээн найдаж байна.
-Танай судалгааны албанаас хийдэг, хэрэглэгчдийн дунд явуулдаг статистик судалгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ямар ач холбогдолтой вэ?
-Манайх хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн судалгааг 10 гаруй жил хийж байна. Хэрэглэгчдийн судалгаан дээр үндэслээд бизнесийн байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийнхөө менежмент, маркетингийн бодлогыг зохицуулдаг. Энэ нь эрүүл, шинэ өрсөлдөөнийг хэвлэл мэдээллийн салбарт бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Дээр нь тоон мэдээллүүд маань хожмын судлагдахуун болж үлддэг учир хамгийн чухал ач холбогдолтой. Тухайлбал, Дэлхийн сонины холбоо хэвлэл мэдээллийн мониторинг судалгааг авч хэрэглэдэг. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн өнөөгийн байдлыг тодорхойлсон мониторинг, агуулгын судалгааг жил бүр хийдэг.
-Цаашдаа хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ямар ажлууд байна?
-Бид сүүлийн үед цахим сэтгүүлзүй рүү чиглэсэн үйл ажиллагаануудыг ихэвчлэн явуулж байгаа. Ахисан төвшний буюу эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиглэлийн сэтгүүлчдийг Монголд бэлтгэхээр зорьж байна. Германы Дочче Велла академитай хамтран эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг “Сэтгүүлч” дээд сургуулийн багш нар болон Хэвлэлийн Хүрээлэнгийн орон нутаг дах бүсийн төвүүдийн зохицуулагч нараа хамруулаад хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Үндсэндээ 2018 оноос эхлээд боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу Монголын сэтгүүлчдэд эрэн сурвалжлах сэтгүүлзүйн орчин үеийн арга зүй, технологи, онол дадлыг эзэмшүүлэх төсөл юм. Мөн онлайн сургалт, редакцийн, ганцаарчилсан гэх мэт сургалтуудыг төлөвлөж байгаа. Түүнээс гадна олон нийтийн харилцааны буюу PR чиглэлээр Төрийн болон бусад салбарын ажилтнуудыг бэлтгэх, мэдээлэл харилцааны стратеги төлөвлөлтийн орчин үеийн загварыг дэлгэрүүлэх, хөгжлийн сэтгүүлзүй болон бусад салбараар сэтгүүлчдийг мэргэшүүлэх гээд чамгүй ажил өмнө маань байна.
-Та өнөөгийн манай сэтгүүлзүйн салбарын ёс зүйг хэрхэн тодорхойлох вэ?
-Ёс зүйн зарчмын дагуу ажиллахын тулд сэтгүүлчээс маш их ур чадвар шаарддаг. Тухайлбал, мэдээллийг шударга аргаар олж авна, хэнээс ч хараат бусаар ажиллана, эх сурвалжаа хамгаална гэх мэт наад захын зарчим бий. Өнөө үед ёс зүйн зарчмаа мэдэхгүйгээсээ болоод сэтгүүлчид санамсаргүй алдаа гаргах тохиолдол их. Мөн зайлшгүй засч, залруулах ёстой алдаа ч байна. Тухайлбал, сэтгүүлчид баримтыг нягтлахгүйгээр таамгаар зохиож байна. Мөн мэдээлэх, эс мэдээлэхийн тулд төлбөр нэхэх, мэдээ мэдээлэлд үзэл бодлоо шингээж нийгэмд тулгах зэргийг хэлж болно. Манай сэтгүүлчид шүүмжлэлийг бүтээлч байдлаар хүлээж авч чадахгүй болжээ.
Мэргэжил нэгтнээ мууллаа, нэг тогооноос хоол хороож байж яах нь вэ дээ гэх мэт өнцгөөс ханддаг. Шүүмжилж байж л цэвэр өрсөлдөөн бий болж хөгжинө шүү дээ. Би үүнийг бүр онцлон хэлмээр байна. Мөн “ширээний араас босдоггүй сэтгүүлзүй” нэлээд хөгжсөн харагддаг. Яг үнэндээ “Сэтгүүлчийг үзэг нь биш, хөл нь тэжээдэг”. Сэтгүүлч баримтыг эх сурвалжтай ярилцаж, өөрийнх нь амнаас авч байж үнэн бодит болно шүү дээ. Үүнийг л манай залуу сэтгүүлч нар анхаарч, ажил дээрээ хэрэгжүүлэх хэрэгтэй байна даа.
Ц.Батзул