Г.Ганбат: Хэн нь илүү хулгайч вэ гэх эцэс төгсгөлгүй тулаанд шударга ёс хожиж байна

Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа
-Сонгуулийн тов ойртож буй тул намууд дор бүрнээ бэлтгэлээ хангаад эхэлчихлээ. Танай намын хувьд сонгуулийн бэлтгэлийг хэрхэн хангаж байна вэ?
-Нэгэнт хэрэгжээд эхэлчихсэн Сонгуулийн тухай хуулийн хүрээнд сонгуульд оролцох тул хуулиа нэгбүрчлэн судалж, тандалт судалгаа хийж, гишүүд дэмжигчдээ идэвхжүүлж, бусад улстөрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, хувь хүмүүстэй санал солилцох уулзалтуудыг зохион байгуулж байна.
Парламентад суудалгүй улстөрийн намуудын зөвлөлдөх уулзалтуудын хүрээнд бий болсон ойлголцол, өнгөрсөн дөрвөн жилийн хамтын тэмцлээс улбаалсан итгэлцэлдээ үндэслэн “Хамуг Монголын хөдөлмөрийн нам”-тай хамтын ажиллагааны санамж бичиг солилцсон. Бусад намуудаас ирүүлсэн саналыг ч нухацтай судалж байна.
-Энэ оны эхээр Эх орончдын нэгдсэн нам болон “Хамуг Монголын хөдөлмөрийн нам”-аас Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчиж байгаа талаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байсан. Энэ гомдлын хариуг ирүүлсэн үү?
– Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр бид хоёр иргэний хувиар Сонгуулийн тухай хуулийн 9 зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээлэл гаргасан юм. Хууль батлагдаж, хэрэгжиж эхэлснээс хойш гурван сар, мэдээлэл гаргаснаас хойш хоёр сарын дараа маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзлаа гэсэн хариу ирүүлсэн. Хувийн хэргээр гадаадад голдуу байсан, ганц ч удаа уулзаж, тайлбар аваагүй хүн гэнэт ийм шийдвэр гаргачих юм. Татгалзсан үндсэн шалтаг нь “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Энэ тайлбараар бол Үндсэн хууль зөрчих бүрэн эрхийг УИХ-д Үндсэн хуулиар олгочихсон бололтой юм гэж ойлгогдож байгаа.
– Сонгуулийн тухай хуулийн 9 зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Мэдээллийнхээ товч агууллагыг тайлбарлавал?
-Энэ хуулиар сонгуульд өрсөлдсөн нам, эвсэл зөвхөн можаритор буюу тойргоос суудал авсан тохиолдолд пропорциональ буюу хувь тэнцүүлсэн саналаа тооцуулахаар болсон. Нэг нэгээсээ хараат бус, 48:28 гэсэн хосолсон сонгуулийн тогтолцоог хуульдаа заачихсан. Гэтэл сонгогдсон нэгийг нь нөгөөгийнх нь сонгогдох эрхийн босго болгож байгаагаас нь үзвэл сонгуулийн холимог тогтолцоо ч юм шиг. Энэ нь олон шатлалт гэж үзэхээр сонгуулийн тогтолцоог зохиомлоор үүсгээд байна.
Жижиг намуудыг хавчих, олон намын системийг устгах, дарангуйллаа хадгалахын тулд улсаа муухай харагдуулж болохгүй.
Гадаадад байгаа 120 мянган иргэний эрхийг хангах нэрийдлээр зөвхөн хувь тэнцүүлсэн аргаар, гурав хоног санал авахаар хуульчилсан байгаа юм. Бусад улс, тухайлбал Канад ямар сонгуулийн тогтолцоо байна, түүгээрээ гадаадад байгаа иргэддээ эрхээ эдлэх ижил тэнцүү боломжоор хангадаг. Хүн амын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, иргэний цахим үнэмлэхтэй хүний оршин сууж байсан хаягийг нь үндэслэн бас тойргоос нэр дэвшигчдэд санал өгүүлж болно шүү дээ.
Сонгуулийг нэг өдөр, нэг цагт эхлүүлж, дуусгадаг нийтлэг журамтай атал өргөн зугаалаг шиг гурав хоног зохион байгуулж болох уу.
Хуучин хуулиар нөхөн сонгуулийг тухай бүр зохион байгуулдаг байсан бол одоо хурааж байгаад жилдээ 2 удаа явуулах юм гэнэ. Сонгох-төлөөлүүлэх, сонгогдох-төлөөлөх эрх энд хохирохгүй юу.
Төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хувьцаат компанийн зарим өмчийг сонгуулийн үйл ажиллагаанд үнэ төлбөргүй дайчлан гаргуулах , иргэн, хуулийн этгээд нам, эвсэл, нэр дэвшигчид жилд зөвхөн нэг удаа хандив өгөх зэргээр заасан нь хуулиар түрүү барьж хүний өмчлөх эрхэд халдсан, хязгаарласан үйлдэл гэж бид үзсэн.
Төсвийн хөрөнгөөр худалдаж авчихаад программ хангамж нь улсынх болдоггүй, гадаадын компанийн өмч мөнөөх алдарт хар машины иж бүрдэл, программ хангамж зэргийг худалдан авах, ашиглах, бүр түрээслэх зардлыг санхүүжүүлэхээр заасан нь агуулгаараа үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхгүй гэж үү.
Намуудыг улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар саналын хуудсанд эрэмблэхээр заасан нь эрх баригчид өөрсдөдөө л давуу байдал олгож буй ядмагхан арга. Гэтэл хөгжилтэй орнуудад энэ асуудлыг тэгш боломж талаас нь харж, шодох зэрэг аргыг түгээмэл хэрэглэх болсныг тэд мэдэж л байгаа шүү дээ.
Иргэний сонгогдох эрхээ хэрэгжүүлэх нэг шалгуурт цэргийн жинхэнэ алба хаасан байхаар тусгасан нь тэгш эрхийг алдагдуулсан байна гэж бид үзсэн. Хүний үндсэн, нийтлэг эрхийг үүргээр нь барьцаалсан хэрэг биш гэх үү. Эрхзүйн энэ зарчмыг хөсөрдүүлээд зогсохгүй нас, хүйс, нийгмийн байдлаар нь хүртэл ялгаварласан шинж харагдаж байна. Үндсэн хууль зөрчсөн тухай бидний энэ 9 үндэслэлээс гадна “Жудаг” хөдөлгөөнийхөн бас 5 асуудал гаргаж тавьсан байсан. Ард нийтийн санал асуулга, УИХ, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар Сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэрийг Үндсэн хуулийн цэц хянах асуудлыг ердийн шүүхийн журмаар авч хэлэлцэхээр тусгасан маргаан ч яригдаж байна.Энэ мэтчилэн Үндсэн хууль зөрчсөн шинжтэй ноцтой асуудлууд байсаар байхад эрх баригчид хуйвалдааны хуулиа хамгаалсаар суух юм.
– Хүний эрхийн үндэсний комисст бас хандсан гэл үү?
– Монгол Улсын иргэд “Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг шударгаар эзэмшдэг. Бид ч бас 1072 хувьцааны өмчлөгчид. Бараг монгол хүн бүрт хамаатай Тавантолгойн хувьцааг кейс болгон авч үзвэл төр биднээс асуухгүйгээр бидний энэ өмчид хуулиар халдаж,үнэ төлбөргүй дээрэмдэх нь байна. Төр, түүний эрх бүхий этгээд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор,үнийг төлнө гэж Үндсэн хуулинд заасан байдаг.
Үндсэн хууль сахиулах, хүний эрхийг сэргээн хамгаалах үүрэгтэй Үндсэн хуулийн цэц ийм илт үнэнийг гуйвуулж байхад харин Хүний эрхийн үндэсний комисс Үндсэн хууль, хүний эрх зөрчсөн гэсэн та нарын гомдол үндэслэлтэй байна, Цэцэд хандаарай гэсэн хариу өгсөн.
– Цэцийн шийдвэрийг давж заалдах уу?
– Давж заалдана. Бид Цэцийн гишүүн Д.Солонгыг улстөрийн захиалгатай, эрх баригчдын дарамттай, “эзнийхээ” заавартай шийдвэр гаргалаа гэж хардаж байгаа. Гадаад, дотоодод хаана байгаа нь мэдэгдэхгүй, ганц ч тайлбар, нотолгоо авалгүй, уулзах хүсэлт хангаагүй Д. Солонго гишүүнээс татгалзана, эргүүлэн татах асуудлыг анх санал болгосон Улсын дээд шүүх болон томилсон УИХ-д нь гаргана.
-Зарим гишүүд сонгууль ойртсон үед Сонгуулийн тухай хуульд засвар оруулах ямар ч боломж байхгүй гэж байна. Нөгөө талдаа хуульд өөрчлөлт оруулахгүй бол бие даагч болоод шинээр нэр дэвшигчдэд боломж алга хэмээн ярьж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Эрх баригчдад энэ хуулийг өөрчлөх ямарч сонирхол байхгүй. Байлаа гэхэд зөвхөн өөрсдийнхөө явцуу эрх ашигт нийцсэн засвар хийнэ.Тэгэхээр бидэнд тус болохоосоо ус болох болов уу. Гэхдээ ямар ч хуулиар сонгуульд орсон чөлөөтэй сонгох үндсэн эрх нь ард түмэнд бий.Гагцхүү өнгө мөнгө, худал амлалтанд хуурталгүй, эрх мэдэл, сүр хүчинд сүрдэж мохолгүй , сонгуульдаа идэвхтэй, хариуцлагатай, хяналттай бүх нийтээрээ оролцож, чин хүсэл зоригоо сонголтоороо илэрхийлчих хэрэгтэй. Цөөхөн монголчуудад сонгуулийн хувьсгалаас өөр зам байхгүй.
-Таныг 281.1 үндэсний хөдөлгөөнийг санаачлагчдын нэг гэж сонссон. Ямар зорилготой юм бол?
-Эдийн засгийн хямрал,долларын ханшны уналтад монголчууд бүгд хохирч байна.Үүнийг хөнгөвчлөх нэг гарц бол Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн нэг дэх заалт гэж бид харсан юм. Тэнд “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн,буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө”гэж заасан байдаг. 2002 оноос хойш ийм чухал заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад эдийн засгийн харилцаанд ч, шүүхийн практикт ч хэрэгжүүлэлгүй ихээхэн хугацаа алджээ. Тиймээс ард иргэд, аж ахуйн нэгжүүд өр зээлийн сүлжээнд баригдаж, ханшийн дарамтад орсон энэ хүнд хэцүү цаг үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,Ерөнхийлөгч, УИХ,Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ, Монголын банкуудын холбоо, шүүх засаглал, бүгд нэгдэн нягтарч, зөвшилцөж байгаад энэ тулгамдсан асуудлыг дээрх хуулийн заалтын хүрээнд шийдвэрлэе гэсэн санаачилга юм.
-Сүүлийн үед намууд хоорондоо гэхээс илүүтэй нам дотроо ихээхэн зөрчилтэй байна. Үүнийг ажиглаж байгаа улс төрчийн хувьд юу хэлэх вэ?
-Явцуу эрх ашигтаа хүлэгдсэн фракцууддаа дөрлүүлсэн, шуналдаа дийлдсэн улстөр-бизнесийн бүлэглэлдээ дарлуулсан төрийн дээр сандайлсан намуудын эрх мэдлээ нохой шиг булаалдаж,хэмлэлцэх хайр найргүй зодоон гэж харж байна. Хэн нь илүү хулгайч вэ гэх шиг тэдний эцэс төгсгөлгүй тулаанд шударга ёс хожиж байна.Тавантолгойн луйврын гэрээг зогсоолоо, төмөр замын хулгайг илрүүллээ, Мүүний шашны гар хөлийг илчиллээ, ХҮН-ын багийг хууллаа, МАХН-ын санхүүжилтийг дэлгэлээ. Ийм зүйлийг тэд өөрсдөө л илчлээгүй бол ямар ч хүчтэй сөрөг хүчин байгаад чадахгүй байсан.
-Намынхаа талаар мэдээлэл өгөөч. Хичнээн гишүүд дэмжигчидтэй вэ?
-Эх оронч эгэл хүмүүсийн санаачилгаар 2012 онд байгуулагдсан нам. Анхнаасаа хатуу гишүүнчлэлээс татгалзаж, улстөрийн буюу аппаратын гишүүнчлэлтэй,дэмжигчдийн нам байх бодлого баримталсан. 2012 оны УИХ-ын сонгуульд намаа,бодлогоо таниулах зорилгоор ганцхан хүн дэвшүүлж , сонгуульд оролцсон 13 нам, эвслээс авсан саналын тоогоор 10-т жагссан.
– Өнгөрсөн чуулганаар Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг болсон хэмээн ярьсаар байгаад хуулиа өөрчилж чадсангүй. Нам бүрийн сонирхол яваад байх шиг байна. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг та үзсэн үү. Хуультай холбоотойгоор намынхаа байр суурийг илэрхийлбэл?
-Хүний итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх , эвлэлдэн нэгдэх эрхийг хуульчлахдаа туйлын болгоомжтой хандах хэрэгтэй гэж би үздэг. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль харилцаа бүрийг зохицуулахаар хэт улайрснаас зарим талаар сая дурдсан улстөрийн эрх, эрх чөлөөг эмзэг болгосон. 31 хүн цуглачихаад нам байгуулах, үүнийгээ СЕХ-нд мэдүүлээд өнгөрөх либералчлал , гишүүн нэг бүрийг УБЕГ-т бүртгүүлэх улстөрийн хяналт, 3000 доош хүн амтай сум,сууринд намын салбаргүй байх дутуу алхам,намыг татан буулгах хялбар тогтолцоо, торгууль шийтгэлийн дарамт зэрэгт би шүүмжлэлтэй хандаж ирсэн.Үндсэндээ энэ хуулийн төслийг би дэмжээгүй.
Улстөрийн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон намын тогтолцоог төгөлдөржүүлэх, намуудыг төлөвшүүлэх, төрийн жинхэнэ албыг намаас чөлөөлөх, хатуу гишүүнчлэлээс татгалзах, үйл ажиллагааны санхүүжилтийг төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зарчмаар улстөрийн хараат бус сангуудаас олгох, сонгуулийн үеийн сурталчилгааны зардлыг биет бус хэлбэрээр жигд санхүүжүүлэх зэрэг нийгмийн дэмжлэг, хүлээлт үүсгэсэн олон чухал асуудал уг нь энэ хуульд тусах ёстой.
– Ирэх сонгуульд намууд эвсэж орох тухай яриа байгаа ч одоогоор аль ч нам эвсэнэ гэдгээ зарлаагүй байна. Танай намын хувьд бусад намтай эвсэх тухай яригдаж байна уу. Жижиг намууд эвсэж магадгүй гэх мэдээлэл ч байсан.Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Санал нь сайхан ч санаа нь явцуу байх юм.
Улс орон, ард түмний язгуур эрх ашигт зангидагдсан үзэл санаанд тулгуурлаагүй ямар ч том нэгдэл урт насгүй. Бид цаг зуурын эрх ашгаар сүлбэлдсэн механик нэгдэл биш цаашдаа улс орны хөгжлийн төлөө нэг цул болох органик нэгдлийг хүснэ.Үүнийг Монголын эрх ашиг шаардаж байгааг хүн бүр ухамсарлах цаг болсон.
Ярилцсанд баярлалаа
Olloo.mn