Нохойд зуулгасан хүүхдийн амь

Дөрвөн настай хүү гэрийнхээ гадна тоглож байгаад хөршийнхөө нохойд бариулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнээс хойш нийгэм даяараа эзэнтэй, эзэнгүй нохдыг зүхэж, бяцхан хүүгийн араас гашуудаж сууна. Хүний амь араатнаас дор болжээ, нохойн эзнийг хорих ёстой хэмээн дайрч, давшлах хүн ч цөөнгүй байгаа юм. 

Тэгвэл нийгмийг цочроож, олны хараанд өртсөн нь л энэ хэрэг болохоос үүнээс далд нохойд бариулж эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирсон тохиолдлууд цөөнгүй гэдгийг ГССҮТ-өөр үйлчлүүлэгчдийн тоо харуулж байна.

Өнгөрсөн онд гэхэд тус эмнэлэгт 2943 хүн нохойд хазууллаа гэж хандсаны 1144 буюу тал хувь нь хүүхэд байжээ.  Мөн он гараад хоёр сарын хугацаанд 463 хүн нохойд хазуулж эмчилгээ хийлгэсний 23 нь тав хүртэлх насны хүүхэд байгаа юм. Тэдний ихэнх нь гудамжны буюу золбин нохойд хазуулсан гэжээ.

Гэтэл нохойд хазууллаа гэсэн гомдол цагдаагийн байгууллагад маш цөөн ирдэг гэнэ. Тэр дундаа эцэг, эх нь ажилтай  учраас хүүхэд  нь нохойд хазуулсан ч тоодоггүйг цагдаагийнхан хэлж байна. Иймээс ихэнх тохиолдолд хүүхдийн хохь болоод нохдын эздийн зол болоод дуусаж байгаа юм.

Уг нь гэрийн тэжээвэр амьтан хүний биед гэмтэл учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох, эсвэл 1-3 сар хүртэлх хугацаагаар баривчилна гэжээ. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон бусад хүнд хор уршиг учирсан бол 3-6 сараар баривчлах, таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Энэ оны байдлаар нийслэлд 80 гаруй мянган золбин нохой бий гэсэн судалгаа байна. Энэ олон нохой өнөөдөр хэний ч аминд хүрч мэдэхээр байна.Эдгээр нохойг даруй устгаж, эзэнтэй нохдын эздэд хариуцлага тооцдог хуулиа ч сайжруулсан нь дээр болов уу. 

Сүүлийн үед залуусын дунд зодооны үүлдрийн нохойнууд тэжээж, түүгээрээ гангарч, бахархах нь ихэссэн. Өнөө гайхуулаад байдаг нохойгоо хүнээс дээр үзэх нь ч бий. Гудамж, орц хонгил, тэр ч бүү хэл байрныхаа лифтээр дагуулж явахдаа өнөөх зодооны урж, иддэг нохойндоо хошуувч зүүлгэхгүй хүмүүсийн дунд авч явах тохиолдлууд бидний өдөр тутмын амьдралд байнга шахуу тохиолдож байна. Энэ тохиолдолд нохдын эздэд үүрэг, хариуцлагыг ухамсарлуулмаар, болохгүй бол хариуцлага тооцдог болмоор. Тэдгээр нохой нэг удаа хүн рүү дайрч аюул учруулбал яах вэ. Нэгэнт зодооны нохой зуусан л бол тавьдаггүй гэдгийг дээрх дөрвөн настай хүүгийн жишээ харуулж байна.

Түүнчлэн дээрх хэргээс үүдэн хүүхдийн аюулгүй байдал, эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавьж буй хараа хяналтын талаар ч ярих ёстой. Тухайн өдөр хүү  /дөрөвхөн настай жаахан хүүхэд/ хашааныхаа гадна ганцаараа явж байсан гэдэг бол эцэг эхийн хараа хяналт сул байгааг харуулж буй юм. Ингэж ярихаар манайхан гэр хорооллын хүүхдүүд бүгд л тийм байдаг хэмээн өөрсдийгөө өмөөрч болох ч гудамжинд дөрвөн настай хүүхэд ганцаараа явж байна гэдэг бол эцэг эхийн хариуцлага сул байгааг харуулж буй хэрэг. 

Иймд хаа хаанаа үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа жаахан ч гэсэн сайжруулахгүй бол ирээдүйн эзэд минь золгүй тохиолдлоор амиа алдсаар байх нь.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button