Украины зүүн этгээдийн байдал дахин хурцадлаа

Украины зүүн этгээдийн байдал дахин хурцдаж эхэллээ. Жил орчим хугацаанд сөргөлдөгч талуудын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн үр дүнд намжмал байдалтай байсан Украины зүүн этгээдэд дахин буун дуу нүргэлж эхэлжээ. Өнгөрсөн бямба гарагаас эхлэн Opocын талыг баримтлагч салан тусгаарлагчид болон Украины армийн хооронд буудалцаан болж, хамгийн сүүлд авсан мэдээллээр Украины талаас хоёр цэрэг амиа алдаж, 11 хүн гэмтэж бэртсэн талаар холбогдох эх сурвалж мэдээлэв. Тус улсын зуүн этгээдэд гал зогсоох хэлэлцээрийн дагуу ашиглахыг хориглосон хүнд зэвсэг техникийг 24 цагийн туршид 39 удаа ашиглаж, довтолсон хэмээн Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдыг буруутгасан байна.
Украины цэргийн армийн хэвлэлийн төлөөлөгч цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийх үедээ “Өнгөрсөн нэг өдрийн дотор босогчид нийт 39 удаа Украины Донбасс хот руу гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд ашиглахыг хориглосон 82 мм болон 120 мм-ийн миномет, хуягт танк, автомат буу, гранат шидэгч, их буу зэрэг зэвсийг ашиглан гал нээсэн” хэмээн өгүүлсэн байгаа юм. Салан тусгаарлагчдын нийслэл гэгддэг Донецк хотоос хойш ойролцоогоор 10 орчим км-т байрлах, Украины Засгийн газрын хяналтад буй Авдивка тосгон руу босогчид 82 мм болон 120 мм-тэй минометээр гал нээсэн гэв.
Украины Засгийн газар болон салан тусгаарлагчдын хоорондын гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд хүнд галт зэвсгүүдээ халах заалт тусгагдаж, ашиглахыг хориглосон байдаг. Уг хэлэлцээр мөрдөгдөж эхэлснээр тус улсын зүүн этгээдийн мөргөлдөөн тодорхой хэмжээнд багассан ч, хоорондын тулаан үргэлжилсээр байгаа юм. Хоёр жил орчим хугацаанд үргэлжилсэн мөргөлдөөнд эдүгээг хүртэл 900 гаруй хүн амна алдаж, 20 гаруй мянган хүн гэмтэж бэртжээ. Улс оронд нь үүсээд буй хямралыг Украины албаныхан ОХУ-тай холбон тайлбарладаг. Барууны орнууд болон Украин ОХУ салан тусгаарлагчдыг дэмжиж, цэргүүдээ тус улс руу илгээж 6уй хэмээн буруутгадаг ч, Оросын тал эрс үгүйсгэсээр байгаа билээ.
Б.Даваа