Золбин нохойд хазуулвал хэн хариуцлага хүлээх вэ

Айлын нохой хүүхэд барьж аминд нь хүрсэн харамсалтай хэрэг гараад удаагүй байгаа. Тодруулбал, энэ сарын 16-нд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруун салааны салхитын ам гэх газарт “Дундад Ази үүлдэрийн” зодоонч нохой таван настай хүүг барьсан аймшигт хэрэг гарсан юм. Хүү эмээгийнхээсээ бие засчихаад ирье хэмээн гарч улмаар хоёр хашааны цаана байх гэр рүүгээ гүйж явахдаа хамар хашааны айлынхаа нохойд бариулсан. Энэ тохиолдолд тухайн нохойн эзэнтэй учир хариуцлага хүлээх хүн нь тодорхой байгаа. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар таван жил хорих ял төлөвлөөд байгаа билээ.
Тэгвэл нийслэлд бөөн бөөнөөрөө тэнүүлчлэх золбин нохойн хүний амь нас, эрүүл мэндэд халдсан тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ. Сүүлийн үед золбин муур, нохойн асуудал хэрээс хэтрээд байгаа. Гэр хороолол байтугай орон сууцны хороолол дунд бөөн, бөөнөөр тэнүүчлэх болсон. Учир нь золбин нохой устгах ажлын санхүүжилтийг шийдэж чадахгүй байгаа учраас энэ ажил зогсонги байдалд ороод байгаа гэх мэдээлэл бийгаа юм. Мэдээж хангалт, санхүүжилт байхгүй учир улаан гараараа амьтан алаад байх хүн тэр бүр ховор байх нь ойлгомжтой. Гэхдээ төсөв мөнгө нь шийдэгдчихвэл нохой, муур устгалын ажлыг хийдэг гэрээт анчид улаан гараараа буюу хаданд савах, сүхдэх зэргээр золбин нохой устгах ажлыг хийж байгаа гэсэн мэдээлэл ч байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 400-600 золбин нохойг устгадаг гэх судалгаа бий. Өөрөөр хэлбэл анчид нэг дүүргээс л гэхэд 100 орчим золбин нохой устгадаг гэсэн үг. Тэгвэл энэ ажил гацаад хэдхэн хоноход асуудал ямар болох нь ойлгомжтой биз. Тиймээс уг асуудлыг mminfo.mn сайт хөндөж бичсэний дараа өдөр буюу энэ сарын 23-ны өдөр нийслэлийн Засаг дарга болон, дүүргийн засаг дарга нарын зөвлөлийн хурлаас золбин нохой муур устгалын талаар хэлэлцсэн юм билээ. Анчдын цалин, тээвэрлэлт болоод суманд зарцуулагддаг мөнгийг ярьсан юм. Аль 2013 оны тогтоолоор 7500 төгрөг болгож байсан. Гэтэл үүнээс хойш нэмээгүй. Тиймээс энэхүү зардал одоо хурэлцэхгүй байгаа гэдгийг дүүргийн дарга нар онцолжээ.
Энэ мэт байдлыг харгалзан “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” болон дүүргийн ЗДТГ-аас золбин нохой, муур устгах зардлыг нэмэх саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд удаа дараа ирүүлсээр байгаа юм билээ. Тиймээс ч нийслэлийн Засаг дарга болон, дүүргийн засаг дарга нарын зөвлөлийн хуралдаанаар иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотын төвд нохой муурыг буудаж устгалгүйгээр иргэдээс тодорхой хэмжээний ханшаар худалдан авахаар болжээ. Түүнчлэн хотын төвөөс уургалж бариад нэг цэгт тээвэрлэн хүргэж устгалд оруулах зэрэг зохион байгуулалтын ажлуудыг хийх шаардлагатай байгаа учраас золбин нохой муур устгах үнийг 12 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байгаа юм.
Гэхдээ энэхүү саналыг одоо НИТХ-д өргөн барьж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлах учиртай. Энэ мэт асуудлаа хурдан шийдэж нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг нэн яаралтай хамгаалахгүй бол золбин нохой хүүхэд битгий хэл насанд хүрсэн хүнийг ч барих нь энүүхэнд байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар эзэнгүй нохойд хазуулж гэмтсэн, амь насаараа хохирсон бол хэн хариуцлага хүлээх вэ. Хотын дарга эсвэл “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” гээд бусад холбогдох албаныхан ч хариуцлага хүлээхгүй гэдэг нь ойлгомжтой. Харин ч тухайн иргэний хохь болоод өнгөрөх биз. Тиймээс энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх хэрэгтэй байна.
Ж.Отгон