Г.Батбаатар: Олон жил тарьж, ургуулсан мод бутыг үндсээр нь сугалж байна
Гуравдугаар сарын 30-ны өдөр БЗД-ийн 12 дугаар хороо Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд баригдах барилгын шав тавих ёслол болсон билээ. Энэ асуудалтай холбогдуулан өнөөдөр “Чулуутын задгай” ТББ, “Монголын оюутан залуучуудын нэгдэл” хамтран хэвлэлийн бага хурал хийж, эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ. Энэ үеэр бид “Монголын оюутан залуусын нэгдлийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Батбаатартай ярилцлаа.
-Цэцэрлэгт хүрээлэн нийт хичнээн га талбай хамардаг юм бэ?
-36 орчим га талбай байдаг юм. Баруун жигүүрт нь мод бут ургамал тарина. Зүүн жигүүрт нь Биолонгийн хүрээлэнгийнхэн эрдэм шинжилгээний судалгаа хийдэг юм.
-Судалгаа, сорил явагддаг талбай нь барилгын газарт орчихсон юм биш биз дээ?
-Захаар нь шахуу шүргүүлж талбайгаа авсан юм.
-Хичнээн га-д барилгын ажил хийгдэх юм бол?
-Найман га талбайд барилга барихаар шавыг нь тавьчихлаа.
-Энд ямар зориулалтын барилга баригдах гэж байгаа юм бэ?
-Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа эмчилгээ, лаборатор бүхий Азид байхгүй эмнэлэг барина гэж байгаа. Одоогийн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн чинь Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа анх энэ газрыг ашиглах талаар бидэнтэй уулзахдаа ярьж байсан юм” гэлээ.
-Хүрээлэнгийн зүгээс энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Хүрээлэнгийн зүгээс аль ч талд нь орохгүй, байр сууриа илэрхийлэхгүй байгаа. Тэд яамныхаа шийдвэрийг дагана гэж мэдэгдсэн.
-Барилга барих газрын зөвшөөрлийг нь хаанаас олгосон юм бол?
-2013 онд Нийслэлийн Засаг даргын захирамж нь гарчихсан байдаг юм. Японы буцалтгүй тусламжаар олон улсын стандарт шаардлагад нийцсэн иж бүрэн лаборатор бүхий эмнэлэгийн барилгад найман га, хоёр бага сургуульд хоёр га газрыг олгохоор захирамж гаргасан байдаг юм билээ.
-Барилгын талбайн мод бутыг үндсээр нь булгалан татаж, сүйтгэж байна гэж байгаа. Мод бут ургамлаа хааш нь зөөж шилжүүлж байгаа вэ?
-Бидний төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлсэн мод бут сөөг, хоёр гурван худаг байсан. Мод бут сөөгийг үндсээр нь тасалж байна. Харин худгуудыг шууд эвдэлж байх жишээтэй. Одоогоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү зөөж шилжүүлэх тухай яригдаж байна.
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нийслэл хотын хоёр дахь том цэцэрлэгт хүрээлэн болох боломжтой. Мөн биологийн шинжлэх ухааны үндэслэлтэй олон олон ургамал, бут сөөгийг энд тарьж ургуулах ажлыг үргэлжлүүлэх нь иргэдийн эрүүл мэндэд ач тустай аж. Учир нь БЗД-ийн нутаг дэвсгэрт “Амгалан” ДЦС ашиглалтад орсноор ойр орчмын агаарын бохирдол өнгөрсөн өвөл эрс ихэссэн шүү дээ.
-Барилга барихаар авсан талбайгаа өөр компанид дамлан зарсан гэх яриа гарах боллоо. Үнэхээр ийм тохиолдол болсон юм уу?
-Одоогоор мэдэгдсэн юм алга. Хэрэв тэгж байгаа бол асуудалд өөрөөр хандах ёстой байх. Газар чөлөөлөх асуудал нь явсаар Засгийн газрын түвшинд яригдаж байна гэлээ.
-Та бүхний зүгээс холбогдох газруудад энэ асуудлаар хандаж үзэв үү?
-Мэдээж хандалгүй яах вэ. Нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн байгаа. Дөрөвдүгээр сарын 1-ний дотор хариу өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих төлөвлөгөөтэй байна. Бид АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолбор барих ажлыг огт эсэргүүцээгүй, харин ч оюутан залууст хэрэгтэй эмнэлэг барих гэж байгаа нь сайшаалтай. Харин уг барилга барих газар нь өөрөө шинжлэх ухаан, амралтын цэцэрлэгт хүрээлэн байгаа нь л асуудал үүсгэж байна. Нийслэлийн удирдлагууд тогтоол, шийдвэрээ эргэн харж боломжит газар луу шилжүүлж баривал хэн хэнд нь тустай.
Ямартай ч асуудал тодорхой боллоо. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ийм шийдвэр гаргажээ. Нөгөө иргэдээсээ санал авдаг, иргэд эсэргүүцвэл захирамжаа цуцалдаг дарга энэ газрыг жинхэнэ утгаар нь золиослохоор шийдчихжээ. Э.Бат-Үүл баатрын гавьяагаар хөгшчүүл амрах газаргүй, хүүхдүүд тоглох орчингүй, хосууд болзох талбайгүй болж, олон хүний сэтгэл шингэсэн хөдөлмөр талаар болж, модод нь үндсээрээ ховхорч, улсын цэцэрлэгт хүрээлэн хувийн мэдлийн талбай болчихлоо. Хүмүүсийн дурсамж, ШУА–ийн үнэт зүйлийг үгүй хийж байгаа эрх мэдэлтнүүд энэ шийдвэрээ эргэн харж болохгүй гэж үү.