Нурсан гүүрэн дороос иргэдийг гаргах ажиллагаа явагдаж байна
Энэтхэгийн Калькутта хотод баригдаж байсан гүүр нурснаас 20 орчим хүн амь үрэгдэж, 100 орчим хүн бэртэж гэмтжээ.Эдгээрээс гадна гүүрний нуранги дор дарагдсан хүмүүс байж магадгүй гэж албаныхан таамаглаж байна. Хотын ачаалал ихтэй автозамын дээр нурсан энэхүү гүүрний нуранги дороос амьд үлдэгсдийг гарган авахын тулд хотын иргэд нүцгэн гараараа нурангийг зайлуулж байгаа аж.
Энэтхэг улсын барилгын салбарт хяналт шалгалт дутмаг байдаг, мөн стандартад нийцээгүй материал ашигладаг зэргээс үүдэн энэ мэт осол гарах нь цөөнгүй тохиолддог байна.
Сая нурсан гүүрийг Калькутта хотын хүн ам хамгийн шигүү суурьшсан дүүрэгт барьж байсан юм. 2 км урттай энэ гүүр нь 2009 оноос баригдаж эхэлсэн бөгөөд ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой хугацаанаасаа хэд хэдэн удаа хоцорчээ. Гүүр яагаад нурсан шалтгааныг одоогоор хараахан тодруулаагүй байгаа ч барилгын ажлыг гүйцэтгэж байсан компани мөрдөн шалгалтад туслалцаа үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Энэтхэгийн Үндэсний гамшгийн удирдлагын газраас 62 хүнийг нуранганаас гаргасан хэмээн мэдээлжээ. Дашрамд дурдахад, нуралт болсон тус парк нь хүн ихээр цуглардаг хэд хэдэн худалдааны захтай ойрхон оршдог юм байна.