Сонгинохайрхан дүүргийн сайн туршлагыг нэвтрүүлье

Ухаалаг утас бол өнөөгийн нийгмийн харилцааны гол хэрэглүүр болчихоод байгаа билээ. Гар утсыг бид өдөр тутамдаа хэрэглэдэг, хувцас шиг биедээ хамгийн ойр байлгадаг. Үнэхээр л утасгүй интернэтгүй үед яаж болоод байсан юм болоо гэж гайхмаар. Гэтэл бид энэхүү хэрэглээндээ хэт өндөр “үнэ” төлдөг гэдгээ тэр бүр мэдэхгүй байна. Ялангуяа гар утасны хөнөөл хүүхдэд 10 дахин нэмэгдэж очдог гэдгийг эрдэмтэд аль хэдийнэ судлаад, тогтоочихсон. Учир нь хүүхдийн толгойн хэмжээ жижиг, гавлын яс нимгэн байдаг учраас долгионыг насанд хүрсэн хүнээс 10 дахин илүү шингээж, хүлээж авдаг аж. Өнгөрсөн 2013 онд ДЭМБ-аас гар утасны хэрэглээ нь хавдар үүсгэх шалтгаан болох боломжтой гэж хүртэл зарласан. Гар утас огт хэрэглэдэггүй хүний биед дөрвөн хувийн DNA-гийн гэмтэл үүсч байхад, гар утас хэрэглэдэг хүний биед 40 хувийн DNA-гийн гэмтэл илэрч байгааг тогтоосон байдаг. Энэ нь хавдрын эсүүд маш ихээр үржиж, амархан томорч байна гэсэн үг юм байна.

 

Энэ мэтээр хүний эрүүл мэндэд заналхийлэхийн хажуугаар хүүхдүүдэд олон аюулыг дуудаж байдаг аж. Гэтэл одоо үед фэйсбүүк, инстаграмм, скайп хаяг байхгүй нэг ч сурагч байхгүй болсон. Эдгээр олон нийтийн сүлжээнд хаанаас ч нэвтрэх боломжийг өнөөх ухаалаг гар утас олгодог. Хүүхдүүд гэнэн томоогүй байдлаар өөрийн анги сургууль, гэр, аав, ээжийнхээ тухай мэдээллийг сонирхсон хүн бүр үзэж болохоор бичдэг. Гэрийн хаягаа зааж, манайх саяхан ийм зүйл худалдаж авсан аав, ээж хоёр тэд дэх өдөр гэртээ байдаггүй, би гэртээ ганцаараа байна гэх мэтээр бичдэг.

 

Ийм нарийн мэдээллийг авсан гэмт хэрэгтэн хүүхдийг байгаа газраас нь хулгайлах, дээрэмдэх, хүчирхийлэх, гэрт нь орж хулгай хийх, хүүхдээр нь далимдуулж эцэг, эхээс нь мөнгө нэхэх гээд олон аюулыг дуудна. Манай улсад хүүхдийнх нь фэйсбүүк хуудсаар бүх мэдээллийг аваад, улмаар барьцаалж аав, ээжээс нь мөнгө нэхэж айлгасан тохиолдол гарч байсан. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд хүүхдүүдийн эрүүл мэнд, сурлагад нь сайнаар нөлөөлөх шийдвэрийг саяхан гаргасан байна.

 

Тодруулбал, тус дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас, төхөөрөмж /tab/-ийг хэрэглэхийг хориглох тухай тогтоол гаргасан. Өөрөөр хэлбэл, сурагчид сургуулийнхаа орчинд ухаалаг гар утас, ай падыг огт авчрахгүй байх бөгөөд хичээлийн бус цагаар хэрэглэж болох зохицуулалтыг хийсэн байна. Мөн дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд дотооддоо журам боловсруулан хэрэгжүүлэх бөгөөд сургууль, цэцэрлэгийн орчинд товчлууртай, энгийн гар утсыг хэрэглээнд нэвтрүүлэх юм билээ. Тус дүүрэгт ерөнхий боловсролын улсын болон хувийн сургуулиудын дунд хийсэн судалгаагаар 24783 хүүхэд буюу нийт хүүхдийн 72 хувь нь ухаалаг гар утас /мэдрэгчтэй/ хэрэглэдэг нь тогтоогдсон байгаа юм.

 

Тиймээс 20 гаруй мянган хүүхдийн эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулалтыг дуүргийн удирдлагууд хийсэн гэсэн үг. Энэ нь нэг талаас хүний эрхэнд халдаж байгаа юм шиг харагдах ч нөгөө талдаа өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэнд болоод өөр олон зүйлээс хамгаалж байгаа гэдэг нь сайшаалтай. Тэгээд ч ийм туршлага ганцхан манай улсад ч биш дэлхий олон оронд байдаг. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн сайн туршлагыг улс орон даяар хэрэгжүүлж, ЕБС-иудын сурагчдын ухаалаг утасны хэрэглээг хязгаарлаж, хойч ирээдүй үеэ технологийн хохирогч болгохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна.

Монголын мэдээ

Ж.Отгон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button