Бухимдал дээд цэгтээ хүрчээ
Өнгөрсөн долоо хоногт улс төр жинхэнэ утгаараа бужигналаа. Сонгууль дөхөж байгаа болохоор намууд, гишүүд, нэр дэвшигчид хөл хөдөлгөөнд орж эхэллээ. Нэг хэсэгтээ л гацаад байсан зарим ажлуудыг эрчимжүүлж байна. Тойргийнхоо сонгогчидтой уулзах уулзалтыг гишүүн бүр хийж эхэллээ. Зарим нэг нэр дэвших горьдлого тээж яваа хумүүс ч гэсэн тойргоо эргэж, эргэлдэж байгаа бололтой юм. Түүний хажуугаар жижиг намууд, элдэв хөдөлгөөнүүд ч “амь орж” эхлэв. Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн ч жагсаал, цуглаан боллоо. Зарим нь УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх байсан цөмийн бодистой холбоотой хууль, тогтоомжийг эсэргүүцсэн. Улмаар Төрийн ордны гадаа шар өнгийн нунтаг цацаж, хуулийнхныг хөөрхөн сандаргаад авсан. Сандаргах гэхээсээ илүүтэй сүржигнэх шалтаг гаргаж өгсөн гэхэд болно.
Түүнээс биш манайхан барилгын материал мэдэхээргүй тэнэг болчихоогүй нь лавтай. Дээрээс нь Дархан- Уул аймгийн АН-ын гишүүн Л.Наранбаатар гэгч оймсоо шидэлж,эдийн засгийн алуурчин хэмээн баахан дөвчигнөв. Нэг хүнийг хэлсэн үү, нийтээр нь хараасан уу, бүү мэд. Ямар ч байсан нэлээд бухимдана билээ. Түүнчлэн Ерөнхий сайдыг хөдөө, орон нутгаар явахад зарим нэг аймгийн иргэд ч багагүй бухимдаж, дайрсан.
Энэ мэтчилэн иргэд бухимдалтай байна. Бухимдал нь дээд цэгтээ хүрчихээд байгаа нь ч ажиглагдаж эхэллээ. Аргагүй л дээ, сүүлийн 20 гаруй жил сонгууль болгоноор хууртагддаа. Улс орныг өөд нь татна, ард түмний амьдралыг сайхан болгоно гэж үе үеийн эрх баригчид, том, жижиг намууд, улстөрчид амласан. Гэтэл өнөөдөр бүх зүйл сайхан болчихсон юм алга. Яах вэ, өнгөрч буй дөрвөн жилд улс оронд хийх ёстой байсан ажлуудыг эрх баригчид бага сага явууллаа. Өмнө нь хийгээгүй ор тас хаячихсан зүилсийг л одоо хийж эхэлж байна гэсэн үг. Тэр утгаараа муу хэлээд байх юм алга. Харин ард түмний амьдрал сайжраад, ажилтай иргэдийн тоо нэмэгдээд, эдийн засаг өсөөд байсан юм алга. Авч байгаа цалин нь амьдралд нь хүрэлцэж байгаа иргэдийн тоо өсөв үү. Харин ч эсрэгээрээ буурсан байх. Статистикийн газраас сардаа сая төгрөгөөс давсан орлоготой өрхийн тоо нэмэгдсэн л гээд байна. Гэтэл тэр сая төгрөг үнэндээ идэж, уухаас нэг их давж байгаа бил үү. Аятайхан хувцас аваад өмсчихөд ч хүрэхгүй шүү дээ. Иргэдийн ихэнх нь өнөөдөр өлсчихгүйн төлөө л ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл, авч байгаа цалин нь ходоодыг нь хонхолзуулахгүй байхад л хүрэлцэх төдий байна гэсэн үг. Юун хуримтлал үүсгэх, байрны урьдчилгаа төлөх, ёстой хол хэвтэнэ. Өнөөдөр эдийн засаг хямраад, бүхий л зүйлийн үнэ хямдарлаа. Орон сууцны үнэ хямдраад, навс уналаа. Барилгын компаниуд хэцүүдэх нь гээд л байдаг. Хаана байна аа, тэр хямдраад байгаа бараа бүтээгдэхүүн, орон сууц чинь. Яг үнэн хэрэг дээрээ хямдарсан юм алга. Харин зарим бараа бүтээгдэхүүний үнэ улам нэмэгдэж байна. Эдийн засаг хямарсантай зэрэгцээд болсон ганц л үнэн үйл явдал бий. Тэр нь олон компани ажилчдаа цомхотгож, тэр хэрээрээ цөөнгүй иргэн ажилгүй болов. Энэ л баталгаатай үнэн. Гэтэл эрх баригчид өнөөдөр, тэр төслөө явуулсан бол, энэ уурхайгаа ашигласан бол тэгэх байлаа. Ингэж сайхан болох байсан юм гэж нэг нэгнийгээ буруутгаж, хурал болгон дээр үг хэлж байна. Тэр төслийг, уурхайг хэн явуулах ёстой юм. Засгийн газар, эрх баригчид, эрх мэдэлтнүүд. Ийм байхад ард түмэн бухимдахгүй яах юм. Оймс шидэх, барилгын материат цацах энүүхэнд. Харин ч манай ард түмэн тэвчээртэй байна. Гэхдээ л тэвчээрт хязгаар гэж бас бий. Уг нь ард түмнээ багахан уурлуулж, тэвчээрийг нь барахгүй л байвал зүгээрсэн дээ.
Н.Пунцагболд