Хүндийн өргөлтөөр М.Анхцэцэг Ази тивийн аварга болжээ
Узбекстаны Ташкент хотноо болж байгаа хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг түрүүлж тивийн аваргын алтан медалийн эзэн болов.
М.Анхцэцэг огцом өргөлтөөр 112 кг, түлхэлттэй өргөлтөөр 132 кг, нийлбэрээр 244 кг өргөж тивийн аваргаар тодорч Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэв. Ийнхүү М.Анхцэцэг Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж чадлаа.
Энэ жинд Япон, Энэтхэг, БНСУ, Узбекстан, Тайвань зэрэг найман орны 10 тамирчин өрсөлдсөн бөгөөд мөнгөн медалийг БНСУ, хүрэл медалийг Тайванийн туйванчид хүртсэн байна. Мөн манай туйванчдаас ОУХМ Б.Энхтамир огцом өргөлтөөр 98, түлхэлттэй өргөлтөөр 116, нийлбэрээр 214 кг-ыг өргөж тавдугаар байр эзэлжээ.