МХМЗ 45 редакцид хаягласан гомдлыг шийдвэрлэв

Өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (МХМЗ) амжилттай ажиллаж байна. Үүнийг олон улсын “Хил хязгааргүй сэтгүүлчид”  байгууллагаас Монголын хэвлэлийн эрх чөлөөт байдлын эерэг үзүүлэлтийн нэгээр нэрлэлээ. 

Тус зөвлөл нь нэг жилийн хугацаанд Сонин, Сэтгүүл, Сайт болон Радио, Телевизийн салбарыг хариуцсан Ёс зүйн хоёр хороотойгоор ажиллаж, 45 редакцид хаяглагдсан 16 иргэний гомдлыг шийдвэрлэв.

Салбарын өөрийн зохицуулалтын энэ байгууллага нь хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж, сэтгүүлзүйн салбарт ёс зүйн төлөвшлийг бий болгон олон нийтийн мэдэх эрхийг хамгаалснаараа бүх төрлийн цензурын үндэс суурийг арилгахын төлөө ажиллах юм.

Хэвлэл мэдээллийн салбар дахь ёс зүйн төлөвшил нь чөлөөт сэтгүүлзүйн хөгжлийн түвшинг илэрхийлэх чухал хэмжүүр билээ. Иймээс ч хэвлэл мэдээллийн салбарынхан өөрийн зохицуулалтын байгууллагыг санаачлан байгуулсан нь хэвлэл мэдээллийг төрийн хяналтаас иргэдийн хяналтад шилжүүлэх үйл явцыг хурдасгаж байгаа билээ.

Түүнчлэн аналогоос дижитал орчинд шилжих энэ үйл явц нь МХМЗ төдийгүй хэвлэл мэдээллийн байгууллагуудад шинэ сорилтыг авчирч, ёс зүйн илүү хариуцлага, хэм хэмжээг шаардаж байна.

Монгол Улсад дөрвөн жилд нэг тохиох сонгуулийн компанит ажил тулж ирлээ. Энэхүү шийдвэрлэх цаг үед хэвлэл мэдээлэл улс төрөөс хараат бус байж, үнэн зөв мэдээллийг олон нийтэд түгээн, ёс зүйн зарчмаа баримталж ажиллахыг МХМЗ уриалж байна.   

 

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button