Бие даагчдын буухиа

Сонгууль болоход ердөө хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Одоогоор намууд нэр дэвшигчээ арай зарлаагүй байгаа ч хаана хэнийг өрсөлдүүлэх вэ гэдгээ дотооддоо аль хэдийн шийдвэрлэсэн байгаа болов уу. Намуудын тухайд ойлгомжтой, фракц бүлгээрээ хуваагдаад нэр дэвшигчээ тодруулчихсан байх. Өмнө нь өрсөлдөж үзсэн хэдийн танил хүмүүс ч эргээд тойрогтоо дахин нүүр тулах  үзэгдэл ч болон давтагдана хэмээн иргэд таамаглаж суугаа. 

Харин энэ жид тэдгээртэй өрсөлдөхөөр түүхэнд байгаагүй олон бие даагч мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд өгөөд байгаа. Эдгээр бие даагчдын хувьд улс төр, урлаг спортын гээд нийгмийн бүхий л салбарын төлөөллүүд байгаа нь олны анхаарлыг татаад байгаа юм. 

Тухайлбал  соёл урлагынхны хэд хэдэн төлөөлөл нэрээ дэвшүүлэхээр мэдэгдээд байгаагийн дотор дуучин Нара, Бэки, МУГЖ С.Жавхлан нар байна. 

Харин спортынхны төлөөлөл болж МУГТ, Аварга Г.Эрхэмбаяр нэр дэвших болсон нь сүүлийн өдрүүдэд ярианы сэдэв болж байна. Тэрбээр төрсөн нутаг Сэлэнгэ аймгаасаа нэр дэвших гэнэ. Одоогоор түүний намаас дэвших үү, бие даах уу гэдэг нь тодорхойгүй байгаа бөгөөд ямартай ч С.Баярцогт сайдын өрсөлдөгч болохоор ийн шулуудсан сурагтай.Гэхдээ Г.Эрхэмбаяр аваргыг бие даан өрсөлдөнө хэмээн зарим эх сурвалжууд хэлж байна.

Аваргын хувьд  өнгөрсөн хугацаанд бэлтгэл сургуулилтынхаа хажуугаар боловсролдоо чамгүй анхаарал хандуулжээ. Тэрбээр саяхан Удирдлагын академийг Төрийн удирдлага, менежментийн чиглэлээр төгссөн байна. Тиймээс ч түмнийг төлөөлөх төрийн түшээ болоход мэргэжил, мэдлэгээрээ  гологдохгүй хэмээн ийн зориг шулуудсан байна. 

Тэгвэл сонгуульд өрсөлдөх аваргын буухиа ингээд дуусахгүй. Тодруулбал Даян аварга А.Сүхбат мөн л төрсөн нутаг Төв аймагтаа бие даан нэр дэвшихээр аль эртнээс л нэр нь яригдсан. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээсээ зодог тайлсан ч дахин барилдаж олны ундууцлыг төрүүлсэн аваргын хувьд өнгөрсөн онд АН-ын гишүүнчлэлээсээ татгалзсан билээ. Үүний дараа 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшихээ зарласан. Энэ мэт  2016 оны сонгуульд нэр дэвших салбар бүрийн мэргэжилтнүүдийн буухиа үргэлжилсээр байна. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button