ХҮН-ыг сонгуульд оролцох эрхгүй гэв

Сонгуулийн ерөнхий хорооноос Хөдөлмөрийн үндэсний нам, Иргэний зориг ногоон намыг сонгуульд оролцуулахгүй хэмээх мэдэгдлийг хүргүүлжээ. Харин ямар шалтгаанаар ийн мэдэгдсэн нь одоогоор тодорхойгүй байна.  Гэвч эх сурвалжийн мэдээлж буйгаар ХҮН-ын дотоод асуудлаас үүдэн ийн мэдэгдсэн аж. Харин ИЗНН-ын хувьд сонгуульд оролцох баримт бичгийг дутуу бүрдүүлэн өгсөн байна. Дашрамд өгүүлэхэд ИЗНН-ынхан энэхүү мэдээллийг авсан даруйдаа шуурхай хуралдсан байна.

 

Харин ХҮН-ынхны хувьд  мэдэгдлийг авсан ч тодорхой хариу өгөөгүй байна. Тус намын одоогийн дарга С.Боргил саяхан мэдээлэл хийхдээ ямар нэг байдлаар манай намыг сонгуульд оролцуулахгүй байвал бид бие даан нэр дэвшинэ хэмээн мэдэгдсэн нь СЕХ-ноос хүргүүлсэн уг мэдэгдэлтэй холбоотой байж болох юм.

Хөдөлмөрийн үндэсний намын хувьд дотоод асуудлаа шийдвэрлэж чадахгүй явсаар  өнөөдрийг хүрсэн. Тэд  энэ оны хоёрдугаар сараас хойш дөрвөн удаа намын даргаа сольсон байдаг юм. Намын даргаа солих бүртээ тамга тэмдгийн асуудал гаргаж өдгөө ч энэ асуудал шийдэгдэхгүй хоёр тамгатай байгаа гэдгийг С.Боргил хүлээн зөвшөөрсөн. Ингэхдээ энэ асуудлаа тун удахгүй шийдвэрлэж, сонгуульд ямар нэгэн улс төрийн нам эвслийг дэмжихгүй бие даан оролцоно хэмээн мэдэгдсэн билээ. 

Харин нөгөө талд намын даргаар сонгогдсон ч Улсын дээд шүүх хүлээж аваагүйн улмаас огцорсон Т.Ганболд АН-ын дэмжиж оролцоно хэмээн мэдэгдэж өөрийн гарын үсэг, тамгатай албан бичиг илгээж суугаа. Ямартай ч Хөдөлмөрийн үндэсний намын энэ дотоод асуудал даамжирсаар эцэстээ гол зорилго болох сонгуульд оролцох эрхгүй болгож орхилоо. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button