Урвагчдад итгэл хүлээлгэх нь юу л бол

Сонгууль хаяанд тулаад ирснийг харуулах шиг улс төрийн тогоон доторх амьдрал буцалж байна. Улс төрчдийн араншин ч хаврын тэнгэр шиг өдөр бүр өөрчлөгдөж, тааж хэлэхийн аргагүй шийдвэрүүдийг гаргаж байна. Одоогоор нам хоорондын тэмцэл арай эхлээгүй тул нам дотроо хөлөө жийлцэх, биенийхээ булхайг дэлгэх ажил хийгдэж байна. Эцэстээ энэ их хэрүүл тэмцэл нь зарим нам, хүчнийг хагалж бутарган, сонгуульд нэр дэвших эрхийг нь хүртэл хязгаарлалаа. Тодруулбал СЕХ-ноос дотоод асуудлаа шийдвэрлэж чадаагүй Хөдөлмөрийн үндэсний намыг сонгуульд оролцох эрхгүй хэмээх мэдэгдлийг хүргүүлсэн. Үүний дараа ХҮН-ын гишүүд 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж оролцохоо мэдэгдлээ. 

Энэ мэт дотоод асуудлаасаа болж ХҮН сонгуульд оролцож чадахааргүй болсон бол МАХН-ын хувьд зарим гишүүд нь намаасаа татгалзаж, өрсөлдөгч намыг нь сонгож байна. Өчигдөр  улс төрийн хүрээнд болсон  олны анхаарлыг татсан нэгэн үйл явдал бол МАХН-ын гишүүд болох Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намаа орхиж буйгаа зарласан явдал байлаа. Тэд МАХН-аас гарангуутаа МАН-д элсэж буйгаа мэдэгдсэн. Тэдний хувьд өрсөлдөгч намыг сонгосон гэхээсээ илүүтэй хуучин бууриндаа эргэж бууж буй хэрэг.Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар одоогоос яг дөрвөн жилийн МАН-аа орхиж, МАХН-д элсэж байсан түүхтэй. Энэ үед тэд улс төрийн үзэл бодол нийлэх боломжгүй гэж байв. Ингээд яг дөрвөн жилийн дараа ийм утга бүхий зүйл ярьж Н.Энхбаярыгаа ганцаардуулж орхиод гараад явчихлаа.Н.Энхбаярыгаа орхисон нь нэг хэрэг.

Тэгвэл тэдний үзэл баримтлалд итгэж УИХ-д  төлөөлөгчөөрөө илгээсэн иргэдийн санаа бодол, хүсэл зорилго яах вэ? Үзэл баримтлалдаа үнэнч байж чадаагүй тэдэнд дахин итгэл хүлээлгэх болов уу гэдэг асуулт эндээс гарч ирж байна. Тэд МАН-д элсэх болсон талаараа дараах зүйлийг ярьсан иргэдийн дургүйцлийг бүр их төрүүлээд буй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийсэн нь тодорхойгүй байж эргэж сонгогдох боломж хайн МАН-д элсэж буйгаа ил тод зарласан юм.

Тодруулбал Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаан “Сонгуульд улс төрчид амжилт гаргахын төлөө оролцдог. Надад Сүхбаатар аймгийн МАН-ын гишүүд санал санал тавьсан.  Энэсонгуульд амжилтай оролцохын тулд хүчээ нэгтгэх тал дээр хатуу зогсож байсан. Энэ дагуу МАН-д элсэнэ. Хэлэх үг, хийх ажлаа хэнээр ч заалгахгүй. Бид бие дааж улс төрийн сонголтоо хийх улс төрч мөн. Өмнө нь МАН-ын гишүүдээс надад хамт сонгуульд оролцьё, саналаа хувааж хүчээ тарамдуулахгүй байя гэсэн саналууд ирсэн. Бид хоёр МАХН-аас гарч МАН-тай хамтран ажиллахаар шийдсэн. Хүнээ сонгодог тогтолцоо үргэлжилнэ. Тойргууд дээр хүчтэй халз өрсөлдөөн болно.Д.Тэрбишдагва гишүүн бид хоёр МАХН-аас гарах өргөдлөө намын даргадаа өгч байгаа” гэлээ.

Харин Д.Тэрбишдагва  хэлэхдээ "Шударга Ёс эвсэл цэцийн дүгнэлт дээр завсарлага авсныг би хувьдаа эсэргүүцэж байгаа. Ард иргэдтэй уулзаад явж байхад 28 хүнийг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлдэг. 28 гэдэг тоон дээр ард иргэд маш их шүүмжлэлтэй ханддаг.  Бид хоёр МАХН-аас гарах өргөдлөө одоо өгөх гэж байна. Ард түмний хүсэл эрмэлзлийг үл харгалзан нэг өдрийн өмнө ч гэсэн хэлэлцэх ёстой асуудлыг хойш татаж, завсарлага авсан учраас Шударга Ёс эвслээс бас гарч байгаагаа мэдэгдэж байна" гэсэн юм. 

Тэдний энэ сонголтын дараа үзэл бодол, итгэл үнэмшлээсээ хүртэл эрх ашгийн төлөө ухрах болсон тэднийг дахин сонгох хэрэг байна уу хэмээн иргэд жиг жуг хийлцэж байна.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button