Хэн юу хэлэв

Х.Тэмүүжин: Хүүхэлдэй болох гэж сайд хийхгүй

 

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин цаг үеийн асуудлаар ярилцлага өгөхдөө хууль зүйн салбарт шинэчлэл хийх нь тийм ч амар байгаагүй талаараа ярьжээ. Мөн өөрийн хийсэн шинчлэл ямархуу янзтай байгаа талаар ч дурьдсан байна. Тэрбээр “Ямар ч салбарт өөрчлөлт хийхэд хэцүү л байдаг. Өөрчлөлтийг дэмжээд явах нэг хэсэг байна, эсэргүүцээд “Үгүй, би дарга байх ёстой. Эрх мэдэл л надад хэрэгтэй” гэж боддог хэсэг ч байна. Тэр бүгдийг даван туулахын тулд шинэчлэлийг хийж байгаа улс төрийн хүчин өөрөө хатуу зогсох ёстой л доо. Харамсалтай нь тэгж чадаагүй. Тэр үед өгч байсан ярилцлагаа би ч санаж байна.“Би өөрөө өөрөөсөө болж унасан” гэж. Гэхдээ тэрнийхээ төлөө харамсдаггүй.

 

Эрх мэдэлтэй, нөлөөтэй, мөнгө төгрөгөөр бүгдийг шийдэж байгаа хэсэгт очоод “Би танай хүн байнаа” гээд хэлчихсэн бол үргэлжлүүлээд дөрвөн жил ажиллах л байсан байх. Гэхдээ надад бас зарчим, үнэт зүйл гэж юм байна аа. Энэ шинэтгэлийг юуны төлөө хийж байгаа вэ гэдгээ баттай мэдэж байсан учраас “Уучлаарай, би хэн нэгний хүүхэлдэй болох гэж Хууль зүйн сайд хийхгүй ээ. Хэн нэгний мөнгөний түрийвч, хулгай зэлгийг нуух гэж тэнд суухгүй ээ” гэдгээ л хэлсэн.

 

Надад тэнд очиж ёслоод албан тушаалдаа үлдэх үү, эсвэл чадахгүй гэж хэлээд өөрөө хөөгдөх үү гэдэг хоёр л сонголт байсан. Хоёр дахь нь нэрэнд цэвэр, сэтгэлд амар байсан.Ядаж л өөрөө өөртөө үнэнч үлдэнэ шүү дээ. Дараа нь миний оронд тэнд очсон хүн ямар байдалтай байгааг харж л байна. Миний эхлүүлсэн пшнэчлэлүүд жаахан царцсан, жаахан гацсан. Гэхдээ цаашаа үргэлжилж байна. Зарим шинэтгэлийг буцаах гэж оролдсон. Тэр нь бүтээгүй Хууль зүйн сайдаар томилогдож байхдаа тэр хүн цагдаад хичнээн хайртай байлаа даа.Одоо байгаа байдлыг нь харахад цагдаад хайртай, хуулийн салбарт хайртай нь албан тушаалд томилогдох тэр хэсэгхэн үеийн л хэрэг байж дээ.

С.Бямбацогт: Монгол Улсын эрх ашиг гэж үзэж Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН-д элсэхээр болж байна

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сүүлийн үед улс төрд өрнөөд байгаа асуудлуудаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Сүүлийн хэдэн хоногт улс төр жинхэнэ утгаараа бужигнаж, минутаар өөрчлөгдөж байгаа. Зарим нэг нь намаасаа гарч, өөр намд орж ч байх шиг. Мөн УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авснаар, сонгуулийн систем өөрчлөгдөх нь тодорхой боллоо. Үүнийг дагаад нэр дэвшигчдийг зарлах хугацаа ч өөрчлөгдөх бололтой.

 

Энэ талаар С.Бямбацогт гишүүн “Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН-д гишүүнчлэлээ сэргээе гэсэн асуудлыг тавьж байгаа. МАН, МАХН эвсэх асуудлаар өнгөрсөн хугацаанд нэлээд яриа, хэлцэл явсан. МАН-аас Ч.Хүрэлбаатар гишүүн ажлын хэсгийг ахалсан. Харин МАХН-аас Ч.Улаан гишүүн ажилласан. Тэр үед яригдаж байсан яриа, тохиролцоонуудыг та бүхэн мэдэж байгаа. MAH, МАХН эвсэж сонгуульд орсон тохиолдолд УИХ- ын 76 суудлын 25 мандат буюу 34 хувийг нь МАХН-аас, 66 хувийг МАН-аас нэр дэвшүүлнэ гэж тохирсон байсан. Хэрэв сонгуульд олонхи болсон тохиолдолд аль нэг намын дарга нь УИХ-ын дарга, нөгөө нь Ерөнхий сайд болно гэсэн тохиролдоо хийгдсэн байсан.

 

Харамсалтай нь энэ тохирооноосоо МАХН-ынхан буцсан. Үүнд ажлын хэсэг ахалсан Ч.Улаан гишүүний хувьд сэтгэл дундуур үлдсэн юм шиг билээ. Үнэхээр намын жирийн гишүүд, дэмжигчдийн хувьд энэ хоёр нам нэгдээсэй, нэгдэж чаддаггүй юм гэхэд эвсэж сонгуульд оролцоосой гэж хүсч байсан. Энэ нь зөвхөн хоёр намын гишүүдийн асуудал биш, Монгол Улсын эрх ашиг гэж үзэж байсан. Гэвч энэ бүх яригдаж байсан асуудал бүтэлгүйтсэнд ажлын хэсгийн гишүүд сэтгэл дундуур байгаа. Үүнийх нь илэрхийлэл болж, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч, МАН-д элсэхээр болж байна.

 

Тавдугаар сарын 5-9-ний хооронд улс төрийн намууд УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаатай. Гэтэл цэцийн дүгнэлт гарсантай холбогдуулж, Сонгуулийн хуульд байгаа УИХ-ын сонгуультай холбоотой заарим заалтуудад өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаа. Энэ нь нэр дэвших хугацааг хойшлуулах зайлшгүй үндэслэл болж байгаа нь сонгуулийн санал авах өдрийг хойшлуулах шалтаг, шалтгаан болохгүй. 2012 оны сонгуулиар тавдугаар сарын 31-ний өдөр намууд нэр дэвшигчээ тодруулсан. Ингээд зургаадугаар сарын 8-нд сонгуулийн сурталчилгаа эхэлж байсан. Тэгвэл бид энэ удаад тавдугаар сардаа багтаад нэр дэвшигчдээ тодруулаад, зургаадугаар сарын 11-нд сурталчилгааг эхлүүлэх бололцоотой. Тэгэхээр цаг хугацааны хувьд зөрчил гарахгүй” хэмээн ярьжээ.

Н.Ариунболд: Улсын хэмжээнд тариалалт хугацаандаа эхэлж, хугацаандаа дуусна

 

Энэ хавар тариаланчид тариагаа тарих уу, үрийн буудай хүрэлцэх үү гэдэг асуудал нэлээд хэл ам татлаад байгаа билээ. Зарим тариаланчид тариа тарих боломжгүй гэж сүржигнүүлэн төр засгаас юу ч хийхгүй байна хэмээн хэл ам татлах болсон. Тэгвэл энэ асуудлаар ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд байр сууриа илэрхийлжээ.

 

Тэрбээр “Өнгөрсөн мягмар гарагаас үрийн улаанбуудайгаа тариаланчдад олгож эхэлсэн. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 6-8 мянган тонн үрийн улаанбуудай нийлүүлэх гэрээг компаниудтай байгуулсан. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өөрийнх нь нөөцөд долоон мянган тонн үрийн буудай байсан ч тариаланчдад нийлүүлээд дууссан. ОБЕГ-т тав орчим мянган тонн үрийн буудай байсныг зах зээлд нийлүүлэхээр болсон. Дотоодын нөөц боломжоо ашиглаад ч үрийн улаанбуудайн нэлээд хэсгийг импортоор авах шаардлага үүссэн. Ингээд дөрөвдүгээр сарын 26-нд эхний ээлжийн импортын үрийн улаан буудай орж ирсэн. Тухайн үед Дарханы улсын байдаагчийн албан ёсны хяналтаар аливаа зөрчилгүй, чанарын шаардлага хангасан дүгнэлт гарсан.

 

Гэтэл удалгүй Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Цэрэндулам импортын үрийн буудайнаас дээж авахдаа оруулж ирсэн өмчлөгчийг байлцуулахгүйгээр хууль бус дүгнэлт гаргасан юм. Хилээр улаанбуудайг оруулах үеэр гаалийн төв лабораториас хүнсний бүтээгдэхүүний бүх дээжийг хийлгэдэг. Ямар нэгэн нөлөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа. Би энд хариуцлагатай хэлье. Улсын хэмжээнд тариалан эрхлэлт цагтаа эхэлж, цагтаа дуусна гэдгийг хэлмээр байна. Үрийн улаанбуудайгүй болсноос болж тариалалтыг хойшлуулсан зүйл байхгүй. Хүнсний улаанбуудайг 320-350 мянган га талбайд хийхээр төлөвлөсөн байгаа. Тариаланчид ажилдаа аль хэдийнэ орсон байна. Тавдугаар сарын 10-ны үеэр улсын хэмжээнд тариалалтаа эхлүүлж, 25-ны өдөр гэхэд тариалал бүрэн дуусах ёстой. 

 

Монголын мэдээ

Н.Пунцагболд

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button