Өвстэй, Сүүтэй, Тахилгатай, Үүлэн тооцоолуурыг биширсэн тэмдэглэл
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны хамтын ажиллагааны хүрээнд 20 гаруй сэтгүүлч дөрөвдүгээр сарын 23-наас дөрөвдүгээр сарын 30-ны хооронд Хөх хотод айлчлан, Ордосоор аялан, “Хятад, Монголын шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага”-д оролцсон юм. Энэхүү айлчлал, аяллын тэмдэглэлээс эрхэм тантай хуваалцъя.
Солонго тодорч, тал нутаг умард нийлсэн нь
Айлчлалын эхний өдөр Өвөр Монголын Өдрийн сонины хороогоор зочилж, Солонго мэдээллийн төв, Хятадын монгол хэлний мэдээллийн сайт болон Сонины хорооны томоохон Монгол, Хятад мэдээллийн сайтуудын үйл ажиллагаатай танилцлаа.
2005 онд байгуулагдсан “Умардын мэдээ” буюу www.northnews.cn сайт 100 хувь төрийн мэдлийнх бөгөөд мэдээллийн технологи хөгжүүлэх голлох үйл ажиллагаатай, вэб хуудас хөгжүүлэгч байгууллага юм байна. 2015 онд “Тал нутаг” гэх төрийн сайттайгаа нэгтгэгдэн 68 ажилтантайгаар өдөр тутмын мэдээллийн урсгалын томоохон тоглогч болжээ. Умардын мэдээ сайтад гар утасны апликэйшн хөгжүүлэгч тусгайлсан хоёр ажилтан байх бөгөөд 8 сэтгүүлч мэдээлэл боловсруулах чиглэлээр, 30 хүн мэдээлэл түгээх, нийтлэх, цацах чиглэлээр ажиллаж, өдөрт 1200 зураг дуу, дүрс бүхий мэдээ мэдээллийг түгээдэг бол бусад 30 орчим ажилтан нь програм хөгжүүлэлт, мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг, мөн шууд мэдээний бичил студиуд редакциуддаа байршуулсан байна. Үүнээс 400 орчим буюу 30 хувь нь шуурхай мэдээлэл байхын зэрэгцээ өдөрт 1 сая 800 мянга орчим хандалтыг авдаг байна.
Солонго мэдээллийн төвд гурван жилийн өмнө зочилж байсныг бодвол улам өргөжиж, боловсон хүчний чадавх илтэд дээшилсэн, мэдээ, мэдээллийн агуулга, хамрах цар хүрээ өргөжсөн болох нь анзаарагдаж байлаа. Сар тутам Солонго сэтгүүл, 7 хоног тутам сонин гаргадаг бол солонго цахим хуудсаа MN өргөтгөлтэй буюу www.solongonews.mn болгож, гар утасны апликейшн, шуурхай мэдээллийн багтай болсон байна. Кирил, Уйгаржин Монгол бичиг гэсэн хоёр хувилбараар мэдээллээ түгээж ажилладаг төрийн мэдлийн энэхүү төв сард 2 сая юанийн алдагдал хүлээж байгаа ч хөгжлийнхөө шатанд яваа хэвлэл мэдээлийнхээ салбарт төр нь харамгүй хөрөнгө зарж, цар хүрээ, ач холбогдлыг нь өсгөсдөг болох нь харагдана.
Яргуй эсийн аргаар үржиж байна
Өдрийн сонины хороогоор зочилсны дараа манай сэтгүүлчид ӨМӨЗО-ны “Монгол өвс” төрийн өмчит компаниар зочиллоо. Энэ компани нь ар, өвөр монголд ургадаг бүхий л өвс, ургамал болон хөрсний судалгааг хийж, халуун хүйтэнд тэсвэртэй ургамлыг лабораторийн туршилтаар гарган авч, хуурай, хагас хуурай хөрсөнд ургах боломжтой ургамлыг бойжуулан, тарьж ургуулах, цөлжилтийг зогсоох, нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг саармагжуулах, ногоон байгууламжийг бий болгох, малын бэлчээрийг өргөтгөх зорилгоор “Монгол өвс” ботаникийн байгууллагыг анх байгуулжээ. Өвөр монголчуудын хувьд мод тарих, зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх ажлыг дэмжиж, уулын бүс, нам дор газар, хотын зах төв хаа сайгүй модлог ургамал тарьж, ирээдүйд ногоон хот байгуулахаар зорьж байна. Мөн хамгийн үржил шимтэй, ямар ч нөхцөлд, ямар ч ургамал ургах боломжтой тунгалаг хөрсийг гарган авч, патентжуулсан байна. 1700 гаруй нэр төрлийн өвс ургамлыг үрслүүлэн, импортод гаргадаг байна.
Мөн энд жилийн 11 сарын турш ногооноороо байх хасах 35 хэмийн хүйтэнд тэсвэртэй зүлэгжүүлэх өвсийг үрслүүлэн, хэдийнэ арилжаанд оруулсан нь анхаарал татсан юм. 1 м2 талбайг зүлэгжүүлэхэд 60 орчим ширхэг үрсэлгээ шаардагдах бөгөөд үнийн хувьд 1м2 гарзын үрсэлгээ 900 орчим мянган төгрөгийн өртөгтэй болох юм байна. Тус компани төв Хөх хот болон Өвөр монголын ихэнх газар нутагт цэцэрлэгжүүлэлтийг хийсэн гэдгийг тайлбарлагч бидэнд сонирхуулсан.
Манайхны төдийлөн анзаардаггүй өвс ургамлууд, тухайлбал, бидний нэрлэж заншсан Төмсний улаан, Ганга өвс, Ерхөг согоовор, Таван салаа, нохойн хошуу зэргийг судлан шинжлээд кулоны арга буюу эсийн аргаар үржүүлэн, импортод гаргадаг болсон байна. Хавар цагт үзэгдээд өнгөрдөг яргуйг ч энд эсийн аргаар үржүүлэгдэж байна.
Дэлхийн хүн амын хэрэглээний сүүний 4 литр тутмын 1-ийг үйлдвэрлэгч
Ийнхүү бидний аяллын эхний өдрийн үдээс өмнөх хөтөлбөр өндөрлөсөн. Үдээс хойш Хөххотын Үүлэн компьютерын аж үйлдвэрийн парк, Мэн Ниү /Monmilk/ групийн сүүний үйлдвэртэй танилцаж, Өвөр Монголын музей үзэж сонирхсон.
“Мэн Ниү” буюу бидний мэдэх Monmilk сүүг үйлдвэрлэдэг дэлхийд алдартай тус үйлдвэр нь 1998 онд анх жижигхэн мухлаг төдийгөөр эхэлж байсан бол өдгөө дэлхийн нийт хүн амын сүүний хэрэглээний 4 литр тутмын 1 литрийг нь дангаараа хангадаг “Мега үйлдвэр” болж чаджээ. Үйлдвэрийн бүхий л үйл ажиллагаа нь автоматжуулагдсан нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн төдийгүй хүнээс хамааралтай алдаа гарахаас бүрэн сэргийлсэн үйлдвэр болсон байна. Бидний зочилсон энэ үйлдвэрийн барилга Мин Ниү группийн зургаа дахь бүтээн байгуулалт юм байна. Өдөрт 2000 тонн сүү боловсруулах хүчин чадалтэй энэ үйлдвэрийг нэг тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар босгосон аж. Биднийг зочлох явцад сүүний машинууд зогсоо зайгүй ирж, иж бүрэн ариутгах систем бүхий хонгилоор дамжин сүүгээ тушааж байв.
Тус үйлдвэрийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь Хятадын үр тарианы том компаниудын 4-т ордог групп байх бөгөөд 2009 оноос нийт хувьцааны 15 хувийг эзэмших болсон бол гадаадын хамгийн том хувьцаа эзэмшигч нь “Арла фоодс” аж. Энэ компани нь борлуулалтын тал дээр түлхүү хамтардаг бол 2013 оноос 10 хувийн хувьцааг “Данонн” групп эзэмшиж, тараг, иогортны үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр хамтардаг байна. Тус үйлдвэрт нийтдээ 100 гаруй хүн ажилладаг, бүх шат дамжлага нь автоматчилагдсан.
1999 онд байгуулагдахдаа “Өвөр Монголын төлөө уухайлъя” уриатайгаар эхэлж байсан энэ үйлдвэр 2002 онд 2 тэрбум юаны орлоготой болж Хятадын 100 тэргүүний аж ахуйн нэгжийн нэг болж байжээ. 2003 оноос сансарын нисэгчдийн хэрэглэдэг сүү үйлдвэрлэдэг болсон бол 2004 оноос тамирчдын тусгайлан хэрэглэдэг сүү үйлдвэрлэдэг болж, 1 секунтэд 5 литр сүүг савлагдаж байдаг аж.
Үйлдвэрийн 1 давхарт сүүний аж ахуйн хэрэглэгдэхүүний үзмэр бүхий амарч зугаацах төв байгуулсан байх бөгөөд зорин ирсэн хүмүүст зориулсан бүтээгдэхүүний дээжийн худалдаа, үйлчилгээг цогцлоосон байна.
Дэлхий дээр сүү шингээж чаддаг, сүү таардаггүй хоёр төрлийн хүн байдаг. Бид аль алинд нь хэрэглэж болох сүү үйлдвэрлэж чадсан гэж бахархалтайгаар танилцуулах Монмилк сүүний үйлдвэр жил бүр орлогынхоо тодорхой хувийг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхэд тогтмол зарцуулдаг юм байна. Тухайлбал, орон гэргүй иргэдийг дэмжин, хүүхдийн цэцэрлэг сургуульд хөрөнгө оруулж, эрүүл мэндийн төслүүдэд хандив өгдөг байна.
Бидний дараагийн зочилсон газар бол Өвөрмонголын түүхийн музей. Энэ музейд Сяньби, Тан улс зэрэг улсын үеийн эд үлгийн зүйлс, шавар ваар, хүрэл зэвсгийн үзмэрүүд байршихаас гадна газар нутаг, зан заншил, өв уламжлалыг харуулсан үзмэрүүдийг дуу, дүрсээр баяжуулсан тухайн үед зочилж буй сэтгэгдэл төрүүлэхийг зорьсон нь анхаарал татахуйц байв. Цаашлаад бид Үүлэн тооцоолуурын аж үйлдвэрийн паркийг зорьсон.
Дэлхийг “захирах” үүлэн тархи хаалга тогших нь…
Үүлэн тооцоолуурын аж үйлдвэрийн парк гэдэг нь манайхаар Мэдээлэл, технологийн үндэсний парк гэж ойлгож болохоор. Гэхдээ 2025 он гэхэд бүрэн ашиглалтад орж, дэлхийд засаглах оюуны эко төв болох зорилго бүхий энэ нүсэр бүтээн байгуулалт нийтдээ 27,7 км2 хавтгай дөрвөлжин газар нутагт 42 байгууламж бүхий нэгдсэн серверийн төв баригдахаар анх 2010 онд шав нь тавигджээ. Одоогоор 6 байгууламж нь ашиглалтад орсон байна.
Мэдээлэл, технологийн энэ паркийг иж бүрэн ашиглалтад оруулснаар дэлхийн өнцөг булан бүрээс нэг зэрэг нэг сая хэрэглэгч хандахад гацахгүйгээр мэдээлэл авах, солилцох боломжийг бүрдүүлж буй хэрэг юм байна. Энэхүү эко оюуны төвийн хэтийн төлвийг харуулсан 10 минутын баримтат кинонд “дэлхий нийтийн цэвэр усны нөөцийг хянах, зохицуулах, цахилгаан эрчим хүчний хэрэглээг хянах, зам харилцааг компьютерээр удирдах, жолоочгүй тээврийн хэрэгсэлийг бий болгох, олон улсын агаарын тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээ, тэр дундаа шинжилгээ оношилгоо, тээвэр зууч, аж ахуйн удирдлага, зохион байгуулалт, бараа, бүтээгдэхүүний талаарх мэдээлэл авах, захиалах, борлуулах үйлчилгээ, цаг агаарын мэдээллийг авах, түгээх үйлчилгээ, банк санхүүгийн удирдлага, үйлчилгээ гээд бүхий л мэдээллийг нэг дороос авах, түгээх, үйлчлүүлэх, захиалах, борлуулах боломжтой нэгдсэн системийг бий болгох зорилтын хэрэгжилт ойрхон байгааг үзүүлж байна.
Энэ нь ч эхнээсээ биеллээ олж эхэлжээ. Бидний зочилсон энэхүү паркийн танилцуулга хийж буй энэ байгууламжны гол танхимд дижитал тавцан байрлуулсан байх агаад паркийн ерөнхий зураглалыг үзүүлж, загвар цахим системийг байгуулснаа танилцуулж байна.
Энгийнээр тайлбарлахыг оролдвол, нэг байгууллагын ажилтан албан хаагчдын бүгдийнх нь гар утас, компьютерт байх мэдээллийг нэгдсэн системд оруулснаар хэн ч хаанаас ч өөрийн нэр пасспортыг хийж, өөрийн гэрт, ажил дээрх мэдээлэл, хийж байсан ажлаа үзэх боломжтойн дээр зөвшөөрөгдсөн хэмжээнд бусдынхаа мэдээлэл, хамгийн сүүлд хийсэн үйлдэл, боловсруулсан бичиг баримтыг үзэж, авч болно.
Гэртээ байгаа компьютер дахь мэдээллийг чинь ч үзэж, авч болно гэсэн үг аж. Энэ сүлжээний нэг эд эс болсноор би хаа нэгтээ явж байгаад гэртээ хийж байсан ажлаа хэн нэгэнд илгээх бол гар утаснаасаа л хандахад болох юм байна. Фэйсбүүк шиг гэж хэлж болох юм шиг. Гэхдээ илүү нарийвчилсан, илүү өргөн хүрээнд, далайцтай хэрэглэгдэх нэг тархи, нэг удирдлагын цөм болох бололтой. Энэ л системийг танилцуулах зорилгоор зургаан том серверт 200 компьютер холбон, нэгдсэн системд оруулснаа танилцууллаа. Загвар болгон Хөх хотын нэгэн орон сууцны хорооллыг хамруулж эхэлжээ.
Ийнхүү бидний Хөх хотын бүтээн байгуулалттай танилцах аялал өндөрлөлөө.
Э.Болор