“Шинэ төмөр зам” төслөөс мөнгө угаасан гэх Ч.Ганбатыг албадан авчрахаар болжээ
“Шинэ төмөр зам” төслөөс болж ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газраас баривчилсан байдаг. Түүний баривчилгаатай холбогдуулан “Либерти Партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбатыг сэжигтнээр татан байцаан шалгах гэсэн боловч тэрбээр хилийн чанадад байгаа тул интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн.
Түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа эхлээд даруй долоон сарын нүүрийг үзээд байна. Тиймээс хууль хяналтынхан сэжигтнийг авчрах ажлаа эрчимжүүлж байгаа талаар мэдээлэл гарч эхэллээ. Өөрөөр хэлбэл, түүнийг албадан авчрахаар холбогдох байгууллагууд төлөвлөж буй гэсэн үг.
Түүнчлэн Ч.Ганбат гэгч нь 2012 онд АНУ-ын иргэн болсон гэх мэдээлэл байна. Уг нь Монгол улсын иргэншилтэй хүн хуулиараа давхар иргэншил авах боломжгүй байдаг ч Ч.Ганбат АНУ-ын иргэн болж чаджээ.
Тэгвэл өөр улсын иргэншилтэй Ч.Ганбат гэгч дээрх хэрэгт яаж яваад оролцсон нь олны анхаарлын төвд байгаа. Тэгвэл тэрбээр 2010 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хуучнаар Зам тээвэр барилга хот байгууулалтын сайдын 427 дугаар тушаалаар “Шинэ төмөр замын төсөл”-ийн ажлын хэсгийн ахлагчаар томилогдож улмаар тендерийн баримт бичиг боловсруулах, түүний дагуу ажиллах гадаадын зөвлөхийг олох үүрэгтэйгээр, дараа нь 2011 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн тушаалаар нэгдүгээр хавсралтаар шалгаруулалтад хяналт тавих зорилготойгоор ажлын хэсгийн гишүүн болж байсан.
Түүнчлэн 2011 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр зөвхөн оффшор компанитай гэрээ байгуулах шийдвэртэй атал хөлс мөнгөө бүрэн авахын тулд өөрийн “Либерти Партнерс" компанийг гэрээнд оролцогч тал болгож хууль бусаар тендерт захиалагч ба гүйцэтгэгч болсон. Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар банкнаас өндөр хүүтэй авсан 850.000 ам.долларын зээлийг “МТЗ” компанийн дансанд оруулалгүйгээр шууд бэлнээр авсан баримт нь өдгөө хууль хяналтныхны гарт орж түүнийг ийнхүү эрэн сурвалжлах хэмжээнд хүрсэн байна.