М.Энхболд:Төрийн албыг завхруулж, хууль дүрэм зөрчихдөө эрх баригчид гаршиж байна

 –М.Энхболд Төв аймгийн найман суманд ажиллалаа-

МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн бямба гаригт сонгогдсон тойрог болох Төв аймгийн Мөнгөнморьт,  Баяндэлгэр, Архуст, Эрдэнэ сумын иргэдтэй УИХ-ын гишүүний тайлан уулзалтаа хийлээ. Уулзалтын эхэнд М.Энхболд улс орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал яагаад ийм нөхцөлд хүрэв гэдэгт иргэдэд мэдээлэл өгсөн. Орон нутгийн иргэдийн хувьд намын нэрсийн жагсаалтаар гишүүн болдог сонгуулийн тогтолцоог өөрчилснийг зөв хэмээн үзэж буйгаа хэлж байв. "Тавантолгойн хувьцааг хотод өндөр үнээр худалдаж авч байгаа нь үнэн үү", "Улсын өрийг яаж төлөх вэ", "Монголын газар нутгаас нэг хэсгийг нь аваад явчих юм биш байгаа" гэхмэтчилэн тодруулж байлаа. МАН-ын дарга М.Энхболд уулзалтын үеэр "Монголын төрийн албаны зөвлөл анх удаагаа УИХ-ын чуулган дээр төрийн албаны чадавхигүй байдал нь улс үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрлээ гэдэг дүгнэлтийг хийсэн. Төрийн албыг  завхруулж, хууль дүрэм зөрчиж байгаа үйлдэлд өнөөгийн эрх баригчид гаршиж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Үндсэн хуулийг зөрчиж Үндсэн хуулийн Цэцийн даргыг ажлаас нь чөлөөлсөн явдал. Бидний 17 хувийн өсөлттэй хүлээлгэн өгсөн эдийн засаг 2.5 хувь болтлоо уналаа. Жилийн эцэст хасах руу орж магадгүй. Ийм өндөр өсөлттэй байсан эдийн засаг хасах руу орно гэдэг асар хурдтай унаж яваа онгоцтой адил гэсэн үг. Засгийн газрын алдаатай бодлогын уршгаар эдийн засаг уналтын байдалд орсон гэдэг дүгнэлтийг сөрөг хүчний хувьд хийж байгаа" гэлээ. Түүнчлэн Тавантолгойн хувьцааг худалдан авч байна гэдэг нь бодитой бус зориуд зохион байгуулж, иргэдийг төөрөгдүүлэх зорилготой байх магадлалтай хэмээн М.Энхболд гишүүн хариулсан юм. Ингээд Төв аймгийн  Мөнгөнморьт,  Баяндэлгэр, Архуст, Эрдэнэ сумын иргэд чухам ямар асуудал ярьж байсныг багцлан хүргэж байна.

Мөнгөнморьт сум: Уулзалтын салхийг Төв аймгийн Мөнгөнморьт сумаас хагаллаа. Тус сумын иргэн Ж.Батмөнх  "Оюутолгойн ажил ямар шатандаа явна вэ. Та газар дээр нь очиж харсан уу. Далд уурхайн ажил эхэллээ л гэх юм. Удалгүй муу гэрээ байгуулжээ гэнэ. Хөдөөгийн бид чинь учрыг нь олохгүй байна" хэмээн асуусан. Үүнд М.Энхболд  хариулахдаа " Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Дубайд  Оюутолгойн гэрээ, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Энэ бол Монголын эрх ашигт төдийлөн нийцээгүй. Өмнө нь хийсэн гэрээний манай талд оногдох хэмжээ, чанарыг бууруулсан гэрээ болсон. Тиймээс  Ч.Сайханбилэгийг  энэ гэрээтэй холбоотойгоор огцруулах хэрэгтэй гэж зарим гишүүн үзэж байсан. Оюутолгойн хөрөнгө оруулалт УИХ 10 тэрбум ам.доллар гэж баталсан. Өнөөдөр ес орчим тэрбум ам.долларт хүрээд байгаа. Оюутолгойн орд газрын гүний уурхайн ажил хэвийн явагдаж байсан. 2013 онд Уул уурхайн сайд Д.Ганхуягийн өгсөн чиглэлийн дагуу "Эрдэнэс МГЛ" компанийн захирал Ц.Сэдваанчиг гүний уурхайн үйл ажиллагааг зогсоох захидал бичсэн. Өнөөдрийн эрх барьж  байгаа нөхдүүд МАН-ын хийсэн бүх ажлыг харлуулах гэж оролдож, үүний гороор эдийн засгаа татаж унагаад байна" гэлээ. Түүнчлэн иргэдийн зүгээс мөрийн хөтөлбөрийн талаар сонирхож байсан ч Сонгуулийн тухай хуульд хуульд заасны дагуу эрт тайлбарлаж болохгүй хэмээсэн. "Жижигхэн алдаа ямар үр дүнд хүргэдэг вэ гэдгийг Өвөрхангайн нэр дэвшигчдийг буцаан татсан жишээнээс бид харсан шүү дээ" гэж М.Энхболд гишүүн  хэлж байсан юм.

Баяндэлгэр сум : Уулзалт ид дундаа явж байтал хүчтэй салхины улмаас шугаманд гэмтэл гарч тог тасарлаа. Гэсэн ч М.Энхболд гишүүн юу ч болоогүй мэт ярьж байснаа нэг хэмнэлээр үргэлжлүүлж, улс орны эдийн засаг, нийгмийн чиглэлээр цаг үеийн мэдээлэл сонсох гэж зорьж ирсэн иргэдэд мэдээлэл өгөв.Баяндэлгэр суманд малын гоц халдварт Цэцэг өвчин дэгдэж, малынх нь 50 хувийг вакцинжуулсан юм байна. Үлдсэн 50 хувийг нь вакцинжуулж, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж өгөхийг хүслээ. Тус сумын иргэн Б.Буд "эдийн засаг ингэж хүндэрсэн үед бүх бурууг улстөрчид рүү чихэх биш Монгол улсын иргэн бүр дор бүрнээ хичээх хэрэгтэй" гэсэн уриалгыг гаргав. Солонгосчууд хүнд байдлыг даван туулахад ээмэг, зүүлтээ хүртэл өгч байсан шиг улсынхаа хөгжлийн төлөө зургаан өдөр ажиллах хэрэгтэй хэмээсэн юм. Манайх шиг үйлдвэрлэл хөгжөөгүй, эдийн засаг дорой оронд амарч хэвтэх зав байхгүй гэх санаачилгыг Р.Буд гаргалаа. Мөн тус сумын иргэн Г.Нямсүрэн эдийн засаг хэцүү байна гэж жирийн иргэдийнхээ төсвөөс танах биш дээрээсээ эхэлж, дарга нар тансаглалаа багасгах хэрэгтэй гэв. Намын дарга, яамдын сайд нар зөвлөхийн орон тоог цөөрүүлмээр байна гэсэн юм. Сониучхан нэг нь хүмүүс УИХ-ын гишүүн болох гээд хөлөө хугалах нь холгүй гүйлдэх юм. Ямар ашигтай байдаг юм бол гэж хүртэл асууж байлаа.

Архуст сум: Энэ суманд ч гэрэл цахилгаан байгаагүй ч уулзалт хэвийн болж өнгөрөв. Нутгийн иргэдэд цаг үеийн мэдээлэл сонсоход тог, цахилгаангүй байх нь тийм ч том саад биш бололтой.  Төв аймгийн Архуст суманд саяхан нам даралтын зуух дэлбэрч, хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Улсын онцгой комисс , Шадар сайдаар ажиллаж байсан хүний хувьд М.Энхболд үүнд анхаарал хандуулж, холбогдох хүмүүстэй утсаар холбогдсон юм байна. Энэ суманд ч Тавантолгойн хувьцааг хотод өндөр үнээр авч байгаа нь үнэн үү гэдгийг тодруулж байлаа. Хэрэв суманд хувьцаа авна гэвэл хэдэн төгрөгөөр хамаагүй зарж, хоногийн хоолоо залгуулах иргэд цөөнгүй байна. Ийм байдлаар бид чинь газар, нутгаа зарж байгаа юм биш биз дээ хэмээн санаа зовниж буйгаа дуулгав. Сонгууль дөхөхөөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр улстөрчид нэгнийгээ үгүйсгэж, хийснийг нь харлуулдаг уламжлалт пиараас орон нутгийн иргэд уйдаж буй аж. Тиймээс "Эвлэвэл бүтнэ, ховловол гутна" гэдэгчлэн талцаж хуваагдахгүйгээр шударгаар улс төрийн намуудыг сонгуульд оролцохыг сануулж байлаа.

Эрдэнэ сум: Тус сумын иргэн Н.Мөнхбат Налайхтай маргаантай байдаг хилийн цэсийн асуудлыг нэг тийш нь шийдмээр байна гэдэг хүсэлтийг тавилаа. Харин иргэн Б.Дондогмаа " Засгийн газрын нэг хүнд ногдох өр зургаан сая төгрөгийн өртэй болж байна гэж сонслоо. Цаашид сонгуульд МАН ялчихбал энэ өрийг дарах арга чарга байна уу гэдэг нь ард түмэнд сонин байна. Таныг зурагтаар ОХУ, Хятад улсад айлчиллаа гэж мэдээ гараад байх юм. Үр дүн нь ямархуу байна вэ" гэж асуулаа. Үүнд УИХ-ын гишүүн М.Энхболд хариулахдаа " Өр бол үнэхээр санаа зовоосон асуудал болж байна.  Нийгмийн бүх мэргэжлийн хүрээнийхэн зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Энэ өрөөс хэрхэн гарах вэ гэж асуугаад байгаа юм. Ер нь зургадугаар сарын 10 хүртэл  сонгуулийн мөрийн хөтөлбөрөө олон түмэнд ярьж таниулж, болохгүй гэсэн байгаа. Манай нам "Бид хамтдаа" аяныг явуулж,  эдийн засаг, нийгмийн судалгаа хийдэг мэргэжилтнүүдийг оролцуулж, ирэх дөрвөн жилд Монголыг хөгжүүлэхэд юуг анхаарах ёстой вэ гэдэг мөрийн хөтөлбөр боловсруулж, СЕХ-нд өгсөн. Хүний амьдралын үе шат, мөч бүхэн, нийгмийн амьдралын бүх салаа мөчирт сэргэлт авчрах бодлогыг оруулсан. Энэ өрөөс гарах арга механизмаа  тодорхойлсон. Энэ өрөөс гарахын тулд  эхний ээлжинд өр зээлээр юу хийсэн бэ, хийсэн ажил нь үр дүн өгөөж байна уу эргэж төлөгдөх боломж байгаа эсэхэд хяналт тавих хэрэгтэй. Чингис бондын зарцуулалтад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан шалгаад 10 сарын турш Эдийн засгийн байнгын хороогоор шалгуулах гээд чадаагүй. Аргаа барахдаа АТГ Хөгжлийн банкыг Чингис бондын хөрөнгийг зарцуулсан асуудлаар  шалгуулахаар өгчихсөн байгаа. Хууль  дүрэм зөрчсөн, ҮАБ-ын зөвлөмжийг зөрчсөн маш олон асуудал бий. Хууль хяналтын байгууллага бодит байдлыг гаргаж тавина хэмээн найдаж байна" хэмээсэн юм. УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн ням гаригт Баянцагаан, Баянжаргалан, Баян, Сэргэлэн суманд ажилласан байна. 

\

\

\

\

 

Ц.Оюунтунгалаг 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button