Мөнгөлөг хатагтай Б.Саранчимэг УИХ-д хүч үзнэ

Хов хоосон шарилжнаас өөр юмгүй хог хийссэн талд, өдгөө нийслэлчүүдийн хамгийн очих дуртай, хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан хэмээн өөрөөрөө бахархдаг Б.Саранчимэг энэ удаагийн УИХ-ын  сонгуульд  өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж яваа сурагтай. Түүний  “Цэцэрлэгт хүрээлэн” байгуулсан  ганц гавьяаг МАН-ынхан ч их юманд бодож  өрсөлдөөн ихтэй нийслэлээс ганц мандат авчих хамгийн өндөр магадлалтай хэмээн итгэл хүлээлгэж байгаа аж. Түүний хувьд 2008 онд НИТХ-ын төлөөлөгчөөр Налайх, Багануур, Багахангай дүүргээс сонгогдсоноор улс төрийн замналаа эхэлсэн гэдэг. 

Түүнийг төрсөн дүү болох  Б.Наранхүү улс төрд хөтлөн оруулсан. Улс төр, бизнес гэдэг салшгүй нэгэн цул болоод олон жилийг үдэж байна.Улс төрийн өндөр албан тушаалтай найз нөхөд, хамаатан садангүйгээр бизнес амжилттай явах нь одоо цагт ховор үзэгдэл болжээ. Улс төр өөрөө бизнесийн бүлэглэлгүйгээр амь бөхтэй оршин тогтнохын аргагүй уруугаа харсан үзэгдэл Монгол Улсад хүчээ аваад 20 шахуу жил болж байна. Бизнесээ амжилттай явуулахын тулд найзыгаа, ах дүүгээ, амраг садангаа улс төрийн шатаар өгсүүлж, араас нь мөнгөөр “бороо оруулдаг” бизнесийн бүхэл бүтэн бүлэглэл бий болдог тийм жишиг нэгэнт тогтжээ.  Үүний нэгэн адилаар “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүү төрсөн эгч Б.Саранчимэгтэйгээ улс төрд дөрөө харшуулан хамтрахаар хөтөлжээ. 

 Б.Саранчимэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсны сацуу  дүүтэйгээ бизнесийн хамтрагчид. Хүүхдийн паркыг авч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” болгохоор газрыг нь дээрэмдсэн хэрэгт дүү Б.Наранхүүгийн хамт холбогдож, олны анхаарлын төвд орж байлаа. Түүнийг өнгөрсөн сонгуулиар Дундговь аймгаас нэр дэвших нь гэх мэдээлэл олны дунд яригдаж эхэлсэн ч НИТХ-д хүч үзсэн юм. МАН-ын байр, Тусгаар тогтнолын ордонг барихад Б.Саранчимэг ч ихээхэн хэмжээний хандив өгсөн гэдгийг эх сурвалжууд өгүүлдэг.

Эгч дүүс юуны учир ийнхүү төрийн өндөр албан тушаалд очихын тулд тэрбум тэрбумаар нь хайр найргүй хөрөнгө цацаж буй нь анхаарал татахгүй байхын аргагүй хэмээн тухайн үед олон нийт шуугьж байв. Хатагтай Б.Саранчимэг эх орноо хөгжүүлэх, төрийн бодлого тодорхойлоход хувь нэмрээ оруулахын төлөө ийнхүү хувийнхаа хөрөнгийг ч хайр найргүй олон нийтэд зориулдаг эх орон ч уу, эсвэл өөр хувийн сонирхол байна уу гэдэг нь нь эргэлзээг хэн бүхэнд төрүүлж байлаа. Одоогийн улс төр, бизнесийнхэнд тэрбум төгрөг зарцуулсан эрхмүүд түүнийгээ 10, 20 дахин үржүүлэн өсгөх сонирхол байснаас, хувийн хөрөнгөө тавиад туучихаад чимээгүй суусан тийм жишиг байгаагүй. Тэр тусмаа газрын наймаагаар баяжсан Б.Наранхүү, төрсөн эгч Б.Саранчимэгт тийм “ёс суртахуун” байгаа болов уу. Түүний төрсөн дүү Б.Наранхүү хэд хэдэн удаа хуулийн байгууллагад шалгагдаж байсныг бид мэднэ. 

Дашрамд дуулгахад  Б.Саранчимэг хатагтай нөхөртэйгөө, хоёр хүүгээ, хоёр талын аав ээж, ах дүү нийлсэн 20 шахам хүн дагуулан Италид мөнгөн хуримаа хийхээр явж  олныг алмайруулж байлаа. Италичууд угийн найрсаг, гэр бүлсэг улс. Гэвч Монголоос хуримынхаа 20 жилийн ойг тэмдэглэхээр хоёулаа, хоёр талынхаа аав ээжийг дагуулан очсон монгол хосын гэр бүлсэг сайхан чанарыг гайхаж байсан гэдэг. Ийм нэг  мөнгөлөг төрсөн эгч дүү УИХ-ын чуулганы танхимд  мөр зэрэгцэн суухаар бэлтгэл ажилдаа оржээ. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button