Оффшор данстнуудад ямар хариуцлага хүлээлгэх вэ

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс гаргасан оффшор данстуудын мэдээлэл өнөөдрийн гол сэдэв болоод байна. Энэ асуудлаас үүдэн оффшор данс гэдэг нь хууль бус уу үгүй юу гэх асуудал нийгмийн анхаарлыг татаж байна.

Тэгвэл Офф-шор гэдэг нь off-shore буюу “эргээс гадна” гэсэн утгатай англи үг юмсанж. Тодруулбал, засгийн газруудын зохицуулалтаас хол санхүүгийн бүс  юм.  Оффшор данс нь эзэн нь тухайн улс орон, бүсэд амьдардаггүй ч компани байгуулж бизнес эрхлэхийг хэлдэг. Оффшор бизнес бол хууль бус үйлдэл биш бөгөөд аль ч улсад хэн ч байгуулж болдог.

Энэ бүс бол  бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн оновчтой сонголт харин  төрийн албан хаагчдын хувьд энэ эрсдэл авчрах алхам. Төрийн албан хаагчид татвараар цалинжиж, татвар төлөгчдөд үйлчлэх хүрээндээ энэ бол ёс зүйгүй үйлдэл болж таарч байна.

Гэхдээ манайд одоохондоо оффшор бүсд данстай хэн нэгэн хариуцлага тооцох механизм алга. Хууль эрх зүйн орчин ч байхгүй.

УИХ, ЗГХЭГД С.Баярцогт 2013 онд нэг сая ам.доллараа  Швейцарын дансанд хадгалуулаад “мартсан” байсан. Энэ тухай мэдээлэл тухайн үед олон нийтэд хүрч, монголчуудад С.Баярцогт оффшорыг танилцуулав. Гэсэн ч тухайн үед С.Баярцогтын дансанд байршуулсан мөнгөнөөс илүү дансаа нээлгэхдээ өөрийгөө Хятадын Монгол хэмээн бичсэнд олон нийт ихээхэн эгдүүцэн хүлээн авсан. Тухайн үед С.Баярцогтод энэ  үйлдлийнх төлөө ямар нэг  зохих ёсны ял шийтгэлийг хүлээлгээгүй.

Уг  нь Хятадын Монголын С.Баярцогт гэснээс эхлэн хардах зүйлүүд олон байв. Гэсэн ч үүнийг хэн ч шалгаж тодруулсангүй. Үнэндээ С.Баярцогт “мартсан” мөнгөө хэрхэн олсон талаар ганц үг ган хийгэээгүй. Үүнийг ч бас хардах нөхцөлтэй.

Тэгвэл энэ удаад олон нийтэд ил болоод байгаа төрийн өндөр албан тушаалтнуудын оффшор бас л С.Баярцогтын жишгээр дарагдах уу.

Энэ удаагийн оффшор данстай хүмүүс “Данс нээлгээгүй, дансгүй, данстай ч нэг төгрөггүй” гэх  тайлбарыг өгч байна. Энэ удаад ч гэсэн энэ асуудал ингэсгээд намжих нь бололтой.  Учир нь нэг сая ам.доллараа мартсан С.Баярцогт ямар ч хариуцлага хүлээгээгүйг сануулахад илүүдэхгүй биз.

 

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button