Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн иргэдийн дунд гутранги үзэл нэмэгдэж байна

Бүгд найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-гийн Санал асуулга, судалгааны төвөөс гаргасан ээлжит судалгаагаар ажилгүйдэл, үнийн өсөлт ба авилгаас үүдэн Монгол Улсын иргэдийн дунд гутранги үзэл нэмэгдэж байгааг тодорхойлжээ.

Судалгаанд оролцогчдын 61 хувь нь Монгол Улсын хөгжил “буруу чиглэлд” явж байна гэж хариулсан нь 2011 оны мөн үзүүлэлтээс 23 хувиар өссөн бөгөөд оролцогчдын 92 хувь нь Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг муу, болон маш муу хэмээн дүгнэжээ. Мөн 56 хувь нь өрхийн эдийн засгийн нөхцөл байдал нь улам доройтсон гэж үзэж байгаа бол 48 хувь нь ажилгүйдэл Монгол Улсад нүүрлэж буй хамгийн том асуудал хэмээн хариулжээ.

БНОУХ-гийн Азийн бүс нутгийн захирал Дэрэк Лютэн “Монгол Улсын эдийн засгийн хэцүү байдал нь иргэдэд хүндээр нөлөөлж буй нь илт байна”, “Монгол Улсын иргэд ажилгүйдэлтэй нүүрлэж, авлигын түвшин өндөр байна гэж үзэж байгаа тул бухимдах нь аргагүй”  хэмээв.

Судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 83 хувь нь эрх барьж буй засгийн газрыг муу болон маш муу ажиллаж байна гэж хариулсан байна. Мөн 75 хувь нь авлигыг хамгийн гол тулгамдсан асуудал гэж нэрлэсэн бөгөөд Засгийн газрын зүгээс авлигатай тэмцэх хангалттай арга хэмжээ авч хэрэгжүүлж чадахгүй байна гэж үзжээ. Түүнчлэн оролцогчдын 15 хувь нь сонгуулиар санал авах зорилгоор улс төрийн намууд тэдэнд хээл хахууль санал болгосон удаа бий гэж хэлсэн байна.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button