Тавантолгойгоо тавиад туучихсан юм биш биз

Тавантолгойн 1072 хувьцааг худалдаж авч байна гэсэн цуурхал тархаж, иргэд хаа сайгүй горьдлого тээн зогсох болсноос хойш бараг л сарын хутацаа өнгөрч байна. Гэвч өнөөдрийг хүртэл иргэд Эмээлт, Урт цагаан хавиар эргэлдсээр, зогссоор л байна. Албаны хүмүүс болохоор хувьцааг зарах ямар ч боломжгүй гээд байгаа. Цагдаагийн байгууллага ч гэсэн зарсан гэсэн ганц хүн байхгүй. Авч байгаа хүн байхгүй, илрээгүй гээд л байгаа юм. Гэсэн ч хүмүүс хувьцаагаа зарахаар зогсоод л байна. Үнэхээр ганц ч хүн хувьцаа аваагүй, нэг ч иргэн зараагүй бол хүмүүс яах гэж зогсох билээ. Энд нэг л учир байна. Үнэхээр иргэд хувьцаагаа зараад, том машинтай нөхдүүд аваад байгаа юм биш биз дээ.
Одоохондоо Тавантолгой гацаанд орчихсон л гээд байгаа. Цаагуураа юу болж байгаа талаар бидэнд мэдэх юм байхгүй шүү дээ. Төрийн томчууд юу ч хийгээд, “хор” найруулаад яваад байж болно. Тийм болохоор Тавантолгойгоо аль хэдийн тавиад туучихсан юм биш үү.
Хэн нэгэн нь /магадгүй Хятадын том компани/ авах асуудал нь аль хэдийнэ шийдэгдчихээд, хувьцаа авахад хөрөнгө хаяад ч байж болох юм. Ийм хардлага яваад л байгаа. Яг үгүй гэх газар байхгүй л дээ. Байх л хардлага. Өнөөдөр иргэд Тавантолгойн хувьцаагаа 800 мянгаас сая хүртэлх төгрөгөөр зарсан гээд байгаа. Харин авсан нөхдүүд нь цааш нь Хятад, Солонгос, Японы иргэдэд 1.5 саяаар зарж байгаа юм байх аа. Урт цагаан орчимд зогсч байгаа иргэдтэй уулзахад тийм л асуудал ярьж байна билээ.
Олны үг ортой гэдэг, тэр олон хүн бүгд хий хоосон юм яриад байна гэж бодохгүй байна. Тэгээд ч оргуй хоосон цуурхал байсан бол. Дээрээс нь ганц ч хүн хувьцаа аваагүй, гэж бараг cap шахуу хугацаанд, бороотойд, цастайд ч Эмээлт, Урт цагааныг сахиад зогсоод байх вэ дээ. Бүр нойргүй, хүйтэнд нь хөрөөд, заавал хувьцаагаа зарна гээд л зогсоод байгаа. Тэгэхээр хүн зарсан болоод л тэд улайраад байна. Ингэж ойлгохоос өөр арга алга. Түүнээс биш хувьцаагаа зарсан хүн огт байхгүй бол юу гэж л өдий хүртэл зогсоод, нойроо хасаад байгаад байв л гэж дээ. Тиймээс жаахан хардаж, асуудалд хандах хэрэгтэй юм биш үү. Наагуураа бол Тавантолгой гацсан л гээд байгаа. Харин цаагуураа бол асуудал шийдэгдээд, гадны компаниудын “идэш” болох дээрээ тулсан юм биш биз.
Хэдийгээр холбогдох байгууллагууд нь хувьцааг зарах ямар ч боломжгүй гээд байгаа ч эрх мэдэлтэй хүмүүст хийж чадахгүй зүйл гэж байх биш. Зохицуулчихсан болоод л хувьцаа авч байгаа ч байж мэднэ. Тэгээд ч Урт цагаан орчимд байгаа хүмүүс “Хувьцаа авч байгаа нөхдүүд машиндаа хурууны хээ уншдаг машин, нотариатын тамга тэмдгээ хүртэл аваад явж байна билээ” гэж яриад байсан. Худлаа гэж хэн батлах юм. Үнэнийн ортой ч юм бил үү.
Цагдаа нарт баригдахгүй, мэдэгдэхгүйгээр аваад байгаа л гэсэн. Тиймдээ ч хуулийн байгууллагынхан тийм зүйл байхгүй гээд байж ч болно. Бид өнөөдөр “Хувьцаа зарах ямар ч боломжгүй” гэсэн яриаг бат найдвартай гэж итгээд суухын оронд юу болоод байна гэж бодох ёстой. Хардах хэрэгтэй. Сонгуулийн өмнө төрийн томчууд юу ч хийж халааж мэднэ. Тавантолгойгоо ч наймаалчихсан байхыг үгүй гэх газар байхгүй. Тийм болохоор хардаж л сууя.
О.Уянга