Л.Мөнхдэлгэр: Алтан гарт сувилагч нэртэй болсон нь хамгийн сайхан санагддаг

Өнөөдөр Олон улсын сувилагчдын баярын өдөр тохиож байна. Энэ хүрээнд Нэгдүгээр амаржих газар/Өргөө/-ын сувилагч Л.Мөнхдэлгэртэй сувилагч мэргэжлийнх нь талаар ярилцлаа. Тэрбээр 26 дахь жилдээ сувилагчаар ажиллаж байгаа мэргэшсэн мэргэжилтэн юм.
-Юуны өмнө танд Олон улсын сувилагчдын баярын мэнд хүргэе?
-Баярлалаа. Та бүгдэд бас энэ өдрийн мэнд хүргэе.
-Таны мэргэжлийн онцлогоос яриагаа эхлэх үү?
-Энэ дэлхийн хамгийн их хариуцлагатай, өгөөмөр байх ёстой мэргэжил гэж үздэг.
-Сувилагчийн мэргэжлээр ажиллаад хэдэн жил болж байгаа вэ?
-Сувилагчийн сургуулийг 1990 онд төгсөөд л ажиллаж эхэлсэн. 26 дахь жилдээ ажиллаж байна
-Ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?
-Би Нийслэлийн Өргөө Амаржих Газар 26 дахь жилдээ ажиллаж байна. Сувилагчийн Сургуулийг төгсөөд 1 –р Амаржих газар Нийслэлийн эрүүл мэндийн газраас томилогдоод л шууд ажилд орж байсан.
-Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан юу байв?
-Яг үнэнийг хэлэхэд Би 10-р анги төгсөхдөө өөр мэргэжил сонгосон байсан. Тэрэндээ хүрч чадалгүй сувилагч болж төгсөөд Амаржих газар томилолтоор ирэн иртлээ мэргэжилтэйгээ эвлэрэхгүй явлаа. Угтаж авсан хамт олон намайг өөрийн болгон өлгийдөж би энэ мэргэжлийнхээ эзэн нь болсон.
-Таны мэргэжилдээ баримталдаг зарчим юу вэ?
-Хариуцлагатай, цагийн юм цагтаа, бусдад яаж үр өгөөжтэй ажиллаж амьдрах вэ гэдгийг л их баримталдаг.
Хүнийг сувилахад бүхнийг өөрийн төлөө юм шиг ажиллах хэрэгтэй гэж захидаг
-Эрүүл мэндийн салбарт бусдыгаа тэргүүлэн олон жил амжилттай ажилласан хүний хувьд энэ мэргэжлийг сонгон ажиллаж байгаа залуу боловсон хүчнүүддээ юуг захиж, зөвлөх вэ?
-Сувилагчийн мэргэжлээр төгссөн боловч ажиллаагүй олон төгсөгч байдаг нь учир шалтгаан ихтэй ч сонирхлоос илүү сэтгэл дутсаных гэж би боддог. Сонгоод төгсөхөөс гадна ажиллаж чадна гэдэг чухал. Сэтгэлээсээ ажиллах гэдэг л хамгийн эрхэм. Сайн сайхан зүйлийг хийж хүнийг сувилахад бүхнийг өөрийн төлөө юм шиг ажиллах л хэрэгтэй гэдгийг захина.
-Ажлаа гүйцэтгэх үед тань ямар бэрхшээл тулгардаг вэ? Түүнийг яаж даван туулдаг вэ?
-Бэрхшээлгүй ажил гэж ерөөсөө байхгүй, нийгмээс, надаас, бусдаас шалтгаалсан бэрхшээл зөндөө. Энэ үеийг даван туулчихад л болно, ажил минь үргэлж ийм биш шүү дээ гэж давна даа.
Сувилагч бидэнд дахиад ирж төрнө өө гээд гарах л хамгийн том шагнал болдог
-Сувилагч хүн байнга өвчтөнтэйгөө харьцдаг шүү дээ өвчтөнөөсөө талархлын үгийг сонсох шиг сайхан шагнал байхгүй байх.
-Би хамгийн сайхан газар ажилладагтаа үнэхээр их бахархдаг. Хөөрхөн охиноо, хүүгээ төрүүлсэн эхчүүд аз жаргалтай эрүүл энх амаржихаас гарахдаа баярлалаа, дахиад ирж төрнө өө гээд гарах л хамгийн том шагнал юм. Гэтэл тэр хүмүүст миний оруулсан хувь нэмэр тун бага, баг- хамт олны минь (эмч, сувилагч, эх баригч, асрагч) асар их хүч хөдөлмөр сэтгэл зүтгэл шингэсэн байдаг.
-Авсан гавьяа шагналынхаа талаар болоод өвчтөнөөсөө сонссон хамгийн сайхан үгийн талаар?
-Ээлжийн сувилагчаар тасралтгүй 22 жил ажилласан. Энэ хугацаанд үйлчлүүлэгч нараасаа болон хамт олноосоо Алтан гарт сувилагч нэртэй болсон нь хамгийн сайхан санагддаг.
-Өвчин гэж хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Ачаалал ихтэй цаг наргүй ажиллаж байхад эмнэлэг, Яам тамгын газраас та нарын нийгмийн асуудалд хэр анхаарал хандуулдаг вэ?
-Үйлчлүүлэгчдэд хэрэгтэй зүйлийг хангасан байхад л бидний ажил хөнгөрчих юм шиг санадаг даа. Миний хувьд би азтай хүн. Намайг ойлгодог, үнэлдэг сайхан хамт олны дунд амьдралынхаа ихэнх хувийг өнгөрөөсөн. Учир нь удирдлага хамт олныхоо дэмжлэгээр нийгмийн асуудлаа шийдэж амьдрах орчноо сайжруулж саяхан шинэ байранд орсон.
-Сувилагчийн энэ амаргүй ажлыг насаараа хийхэд тань ар гэрийнхний дэмжлэг тусламж мэдээж хамгийн их үүрэг гүйцэтгэсэн байх. Гэр бүлийнхээ талаар?
-Тийм ээ, ямар ч ажлыг хийхэд ар гэр хамгийн их үүрэгтэй. Гэр бүлийнхэн том асуудалтай тулгараагүй л бол хамгийн нэгдүгээрт миний ажлыг тавьдаг, намайг сонсдог, дэмждэг. Тиймээс л энэ олон жил мэргэжлээрээ тууштай ажилласан гэж боддог.
-Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг хором мөч бүхэнтэй уралдаж ажилладаг мэргэжил нэгт нийт сувилагч нартаа хандан баярын мэндчилгээ дэвшүүлээч
-Мэргэжилдээ үнэнчээр ард түмнийхээ эрүүл энхийн төлөө чадах бүхнээ сэтгэл зүрхнээсээ зориулж явсан ахмад үе болон одоо мөр зэрэгцэн ажиллаж байгаа Монголын мянга, мянган сувилагч нартаа Олон Улсын Сувилагчийн Баярын мэндийг Хятад улсын Шанши хотоос хүргэе, сайхан баярлаарай.
Ярилцсанд баярлалаа