Тойргоо ч хуваачихаж, тохироогоо ч тэд хэдийнэ хийчихэж
Сонгуулийн хуульдаа ээлжит сонгууль болохоос 180 хоногийн өмнө өөрчлөлт оруулах заалтаа санаатайгаар мартаж, орхиод өнгөрсөн таван сарын хугацаанд төрөөр хангалттай тоглосон МАНАН-ын хоржоонтой наймаа дуусах тун ч дөхөж байна. Цэцийн даргыг халж сольж тавьчихаад, ард нь үлдсэн гишүүдийг хүссэнээрээ дарамтлан байж Сонгуулийн хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуультай зөрчилдсөн гэдэг дүгнэлтийг АН-ынхан гаргуулж дөнгөсөн. Ганц ч АН энэ бүхнийг зохион байгуулчихсан хэрэг биш. Хамгийн чухал хамсаатан нь Ардын намынхан байсныг мартах аргагүй.
Удам угшил нэгтэй хэмээн МАХН-ыг “хошгируулж”, начир дээрээ хөшигний цаана АН-тай хэдийнэ гар барьж орхисон тэд ч санасандаа хүрч, жагсаалтыг байхгүй болгож авсан. Аль алинд нь намын жагсаалт гэдэг хэцүү даваа байлаа. Хоёр намын рейтинг чинээндээ хүртэл уначихсан, жагсаалтын тухай буруу ойлголт нийгэмд үүсчихсэн ийм үед, ах дүү амраг садан олонтой бол дэмжлэг аваад л гараад ирэх боломжтой, бие даагчид болон жижиг намуудын санал гээгдэж үлдэх ач холбогдолтой жижиг можаритар тогтолцоогоор сонгууль явуулах нь зөвхөн МАНАН-д л ашигтай байлаа.
Тиймдээ ч томчуудын тохироо биелэлээ олж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг дуу нэгтэйгээр хүлээн авсан билээ. Айдгаа авдартаа хийж, можаритар тогтолцоог хэл ам багатайхан дэмжчихсэн тэдэнд жагсаалтын 28-ыг тойрогт шингээх асуудал хүүхдийн тоглоом байсан нь дамжиггүй. Эртнээс л тохироо хийхдээ хөдөөд МАН, хотод АН гэсэн тохироог тэд хийчихсэн байсан. Тиймдээ ч бүлгийн хурлын үеэр АН 14:14, МАН 16:12 гэсэн хувилбар гаргаж ирсэн ч цаанаа тэд 14:14 гэдгээрээ л тохирсон байжээ.
Өчигдөр АН-ын саналаар боловсруулсан тогтоолын төслийг байнгын хороо хэлэлцэх байсан ч хойпшллоо. Тус тогтоолын төсөлд 80-аас дээш мянган хүн амтай аймаг гурав, 50 мянгаас дээш хоёр, түүнээс доош бол нэг, нийслэлийн хоёр том дүүрэг буюу Сонгинохайрхан, Баянзүрх тус бүр зургаа, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул тус бүр дөрөв, Сүхбаатар гурав, Багануур, Багахангай, Налайх нийлээд нэг мандаттай байх зураглал гарчээ.
Хоёр намын дунд маргаан гарсан асуудал нь нэг мандаттай хоёр аймгийг хэрхэх тухай. Тодруулбал, Ардын намын зүгээс Булган аймгийг хоёр мандаттай болгох шахалт тавьсан бол, АН-ын мөнгөлөг эрхмүүд Дундговийн тойргийг булаацалдаж мөн л намын даргадаа шахалт үзүүлсэн сурагтай. Юутай ч хоёр Энхболд бялууны хэрчмийг тус тусад нь тун эв найртайгаар тарааж, АН найдвартай газар Ардын нам арай сул хүн, Ардын нам ялах газарт АН сул хүнээ явуулж тохироог хийж чаджээ.
Өмнө хэлсэнчлэн, тойргийн тохироо тэдэнд хүүхдийн тоглоом шиг л байсан хойно, хоёр нам ч хаана хэнийгээ явуулах, хэн нь хэнтэйгээ өрсөлдөх вэ гэсэн дүр зургийг хүртэл гаргаж, ялагдаж ирэх нэгэнд нь ямар албан тушаал өгөхөө ч ярьчихсан гэх. Нэр дэвшигчид хаана хэрхэн өрсөлдөх нь энэ сарын 23-нд эцэслэн тодрох учиртай ч түүнээс өмнө зарим аймаг, нийслэлийн дүүргүүдийн ерөнхий зураглал гарчээ. Гэхдээ энэ зөвхөн урьдчилсан таамаг гэдгийг онцлох нь зөв болов уу. Намын ҮЗХ хуралдаагүй, фракциудын тохироо хийгдээгүй учраас нэр хаашаа хэрхэн холбирохыг хэлэхэд эрт байна.
21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг бичихэд хэтэрхий том дүр зураг гарах учраас энэ удаад нийслэлийн есөн дүүргийн 28 мандатад хэн хэн нэр дэвших тухай ерөнхий тоймыг хүргэе. Нийслэлийн хүн ам олонтой Баянзүрх, Сонгинохайрхан хоёулаа АН-д элэгтэй тойргууд. Тэр ч утгаараа олон мандатыг тэнд хуваарилсан нь зүгээр ч нэг тохиолдол бшп юм. Гэхдээ энэ тойрог Ардын нам ч адилхан өөрсдийн сайн гэсэн лидер улстөрчдөө явуулах бололтой. СХД-т АН-аас Ерөнхий сайд асан НАлтанхуяг, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гуйцэтгэгч Л.Эрхэмбаяр, дүүргийн намын дарга Ө.Пүрэвбаатар, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, УИХ- ын гишүүн Ш.Түвдэндорж гэсэн нэрс зоогджээ. Гэхдээ рейтинг хэр өндөр байхаас шалтгаалж Ө.Пүрэвбаатар, Ш.Түвдэндорж нарын нэрс өөрчлөгдөж магадгүй аж.
Харин тус дүүрэгт МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, “Бишрэлт” Группийн захирал Б.Ундармаа, СХД-ийн ИТХ- ын төлөөлөгч Х.Нямбаатар, ХАС-ын Ч.Ганхуяг нарын нэрс урьдчилсан байдлаар зоогдсон байна. Харин Баянзүрх дүүрэгт АН-аас Д.Арвин, Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Д.Зоригт, тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Хүүхдийн төлөө газрын дарга асан И.Нарантуяа, УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа нарын нэр дуулдаж буй бол Налайх, Багануур, Багахангайн ганц мандатыг УИХ-ын гишүүн Ж.Батзанданд өгөхөөр тохироо хийсэн байна. Харин Ардын намаас дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Батзориг, ХАХНХ-ын дэд сайд асан Б.Мөнхбаатар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал асан Б.Саранчимэг, НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр, НИТХ- ын төлөөлөгч Б.Мөнхчулуун гэсэн хүмүүсийн нэр эхний ээлжинд дуулдаж буй. Эдгээрээс МАН Б.Саранчимэгт тун их итгэл тавьж, найдвартай суудал авах улстөрч хэмээн онцолж байгаа гэх.
Хан-Уул дүүрэгт АН-аас УИХ-ын гишүүн Л.Болд, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгальмаа, АПУ компанийн захирал Г.Батхүү гэсэн урьдчилсан нэр зоогдсон бол MAH АН-ын хамгийн баян улстөрчийн эсрэг хамгийн мундаг улстөрч болох Ц.Нямдоржийг, Л.Болдын эсрэг НИТХ-н төлөөлөгч Б.Энх-Амгаланг, Г.Байгальмаагийн эсрэг УИХ- ын гишүүн Д.Сарангэрэлийг тавьжээ. Мөн “Урбанек” хэмээн алдашрсан МҮХАҮТ-ын дарга БЛхагважав ч энэ тойрогт өрсөлдөх хүсэлтэй байгаа нь нууц биш. Баянголын мандатыг АН авна гэсэн итгэл дүүрэн бий. Тиймдээ ч намын дарга З.Энхболд, С.Эрдэнэ, С.Одонтуяа, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа нар очих гэнэ.
Харин МАН энэ тойрогт төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа бөгөөд Засаг дарга асан Л.Амгалан, “Оргил” худалдааны төвийн захирал Ж.Ханбаатар гэх мэт сул нэрс зоожээ. Чингэлтэйд өнөө жил Хөдөлмөрийн сайд, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан дахиад очно. Тэрбээр, АН-ыг дэмжихээ илэрхийлсэн Эх орон намын нэр дэвшигч, тус намын генсек И.Эрдэнэбаатар, УИХ-ын гишүүн асан Бат.Батбаатар нарын нэр дуулдаж буй бол Ардын намаас УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, ШӨХГГ- ын дарга асан Т.Аюурсайхан нарын нэр зоогджээ.
Харин хамгийн халуухан тойрог уламжлал ёсоор Сүхбаатар дүүрэг байх нь. АН мэдээж хууччуулаа буюу Л.Гантөмөр, Р.Амаржаргал нарыг нэг залуу улстөрчтэй тавина. Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээгийн нэр ч дуулдаж байгаа. Харин Ардын намаас оффшор дансны дуулианд холбогдоод Сү.Батболд, Д.Цогтбаатар нар дөрөө харшуулах гэнэ. Мөн Ж.Энхбаяр, У.Хүрэлсүх, хотын дарга асан Г.Мөнхбаяр нар нийслэлийн аль нэг тойрогт АН-ын сулхан нэр дэвшигчтэй тулах бололтой.
Энэ мэтээр хоёр намын зүгээс нэг чанга улстөрч, нөгөө талд нь сул нэр дэвшигч, АН ялах дүүрэгт Ардын нам танигдаагүй шахам залуу улстөрчдийг явуулах гэх мэтээр тохироог тун нарийн хийж буй бололтой. Эмэгтэй улстөрчийн эсрэг, эмэгтэй гэдэг хувилбар дүүрэгт байгаа бөгөөд энэ нь зарим талаар учир дутагдалтай ч, УИХ-д ямар ч тохиолдолд 5-6 орчим эмэгтэй найдвартай гарч ирэх боломж бүрдэх юм. Намууд зөвхөн тохироог эхний байдлаар зураглаад байна. Цаашдаа 10 орчим хоногийн хугацаанд эдгээр нэрс хаашаа ч хэлбэлзэж, бас өөрчлөгдөх магадлал өндөр билээ.
Б.Өнөртогтох