Хэн, юу хэлэв

Д.Бямбасүрэн: 76 гишүүн сонгуулийн өмнө өөртөө ашигтай байдлаар сонгуулийн системийг өөрчилдөг байдал архагшиж байна

 

Ойрын үед улс төрийн хурээнд сонгуулийн хууль, оффшор данстай холбоотой асуудлууд нэлээд анхаарал татаж эхэлсэн. Энэ сэдвүүдээр ч улстөрчид, эдийн засагчид байр сууриа илэрхийлж, ярьсаар байна.

 

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан, Гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэн гуай улс төрийн нөхцөл байдал, сонгуулийн хуулийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Монгол орон улс төрийн хувьд, эдийн засгийн хувьд ч мухардалд орлоо гэж би харж байна. Сүүлийн 10 гаруй жилд улс төрийн хүчнүүд хосолж төр барилаа. Гэхдээ оновчтой зөв бодлого тодорхойлж чадсангүй. Сүүлийн дөрвөн жил парламентад суудалтай байсан таван нам бүгд Засгийн газар байгуулахад оролцож, төр барилаа. Гэсэн хэдий ч эдийн засгийн байдал улам хүндэрч, өр ширэнд баригдсан хэвээр сонгуультай золгож байна. Ийм нөхцөлд гарц, шийдлийг зургадугаар сард ард түмэн өөрсдөө шийдэх хэрэгтэй. Тиймээс ард түмний өмнө хариуцлагатай мөч ирж байна. Одоогийн сонгуулийн өмнөх бэлтгэлийг харахад төрд байгаа улс төрийн хүчин нөөцөө шавхсан гэж харагдаж байна.

 

Ер нь өнгөрсөн найман жилд алдсан алдаандаа дүгнэлт хийхгүйгээр бид цаашид шинэ зам олох боломжгүй. Хоёр том намаас гадна МҮАН, ИЗНН, МАХН-уудад шүүмжлэлтэй зүйл бий. Тэд өнгөрсөн хугацаанд хоёр том намаа дагаж, тэдний хоолны ширээн дээр унасан үртсийг хуваах, түүндээ баярлах замаар явж ирлээ. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтны алба авах асуудалд анхаарсан гэсэн үг л дээ. Ийм байдлаас үүдэж ИЗНН, МҮАН сонгуульд оролцох боломжгүй болж, МАХН-ын хүч суларсан. Энэ гурван нам өнгөрсөн хугацаанд ердөө хавчуурга байдлаар явж ирсэн. Дэд сайдын суудал өгчих, ийм тийм суудал өгчих гэдэг барьцаалсан арга хэрэгсэл нь өнөөдрийн төвшинд хүргэж байгаа юм. Ингэснээр эдгээр намын гишүүдийн итгэл үнэмшил алдарсан болов уу.

 

Хоёрдугаарт, өөрсдөө тодорхой үзэл баримтлалаа тодорхойлж чадаагүй нь олон түмний дэмжлэг авахад хүрэлцэхгүй боллоо. Энэ байдлаас болж тэр намыг дэмжинэ, энэ намтай эвсэнэ гэдэг байдлаар ар араасаа мэдэгдэж эхэллээ. УИХ-д байгаа 76 гишүүн сонгуулийн өмнө өөртөө ашигтай байдлаар сонгуулийн системийг өөрчилдөг байдал архагшиж байна. Намууд дэмжлэг авч чадахгүй юм байна гэдгээ ойлгох шиг боллоо.

 

Үүний үндсэн дээр сонгуулийн хуулийг өөрчлөх гэж одоо хүртэл будилсаар л байна. Өмнөх парламентаар 28 гишүүнийг намын жагсаалтаар шууд сонгоно гэж зүтгэсээр байгаад оруулсан. Одоо болохоор Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэрийг Цэц гаргаад, УИХ-аар хүлээгээд авчихлаа. Жагсаалтын асуудал нь Үндсэн хууль зөрчсөн юм бол одоогийн УИХ, Засгийн газар нь Үндсэн хуулиас гадна байгуулагдсан төрийн байгууллага болж хувирлаа. Энэ асуудалд хариулт өгөхгүйгээр өнгөрч байна. Үүнд тодорхой хариулт өгөх улс төрийн хүчин алга” хэмээн ярьжээ.

 

А.Ариунаа: Япон машин 1500 ам.доллароор хямдарна

 

Монгол, Япон улс эдийн засгийн салбарт хамтран ажиллахаар, хэлэлцээр байгуулж буй. Хэлэлцээр албан ёсоор ирэх зургадугаар сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна. Ингэснээр Монгол, Япон улсын хооронд худалдагдах бараа бүтээгдэхүүнүүд гаалийн татвараас чөлөөлөгдөх юм.

 

Энэ талаар Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал А.Ариунаа тодорхой тайлбарыг хийжээ. Тэрбээр “Монгол Улсын болон Япон Улсын Гадаад хэргийн яамд хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох ноот бичгийг энэ оны тавдугаар сарын 8-ны өдөр солилцсон тул энэхүү хэлэлцээр 30 хоногийн дараа буюу 2016 оны зургадугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хоёр талын худалдаанд хөнгөлөлттэй нөхцөл үйлчилж эхэлнэ гэсэн үг юм.

 

Тухайлбал, монголын тал 5700 орчим төрлийн бараа, Японы тал 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулна. Манай улсын хувьд Японоос орж ирж буй импортын 3423 төрлийн барааны гаалийн тарифыг, харин Япон Улс манай экспортын 8004 төрлийн барааны гаалийн татварыг хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус тус шууд чөлөөлнө. Энэхүү хөнгөлөлт нь зөвхөн импортын гаалийн татварт хамаарна гэдгийг онцгойлон хэлмээр байна. Олон улсын хэмжээнд нийт 97 бүлгийн 9700 төрлийн бараа байдаг. Иймд аливаа орон тухайн барааны нэр төрлөөс хамааруулан гаалийн татварыг өөр өөрөөр ногдуулдаг.

 

Манай хоёр орны худалдаанд автомашин томоохон хувь эзэлдэг. Хэлэлцээрийн хүрээнд манай улс 0-3 жил ашигласан Япон автомашиныг импортлоход үнийн дүнгээр ногдуулдаг 5 хувийн гаалийн тарифыг шууд тэглэнэ, 4-6 жил ашигласан автомашины импортын тарифыг 10 жилийн хугацаанд жил тутам 0.5 хувиар бууруулах замаар тэглэхээр тохирсон. Харин 7-9 жил ашигласан автомашин импортын гаалийн 5 хувийн тарифыг 10 жилийн дараа буюу 2026 оноос тэглэнэ. 10-аас дээш жил ашигласан автомашиныг Японоос оруулж ирэхэд гаалийн импортын татвараас чөлөөлөхгүй байхаар тохирсон.

 

Жишээн дээр тайлбарлая л даа. Иргэн та эсхүл бизнес эрхлэгч 30 мянган ам.долларын үнэ шинэ машин Японоос оруулж ирэхэд тухайн барааны үнийн дүнгээс тооцож, гаалийн татвар 5 хувь буюу 1500 ам.долларыг төлнө. Тэгвэл энэ хэлэлцээр хэрэгжсэнээр 1500 ам.доллар нь улсын төсөвт бус, харин бизнес эрхлэгчийн орлого болж байна гэсэн үг. Улмаар манай зах зээлд нийлүүлэх хэлэлцээрийн ашиг шимийг хүртэгч нь манай бизнес эрхлэгчид” хэмээн ярьжээ.

 

Д.Батбаяр: Надад оффшор данс байгаа

 

Өнгөрч байгаа долоо хоногийн хамгийн их дуулиан тарьсан үйл явдал нь оффшор данс байсан юм. Манай нэр бүхий улстөрчид болон тэдний хүүхдүүдийн нэр оффшор данстай холбогдсон. Тэр дунд УИХ- ын гишүүн асан, сүмоч Д.Батбаярын нэр цохиж явсан билээ. Тэгвэл тэрбээр энэ талаар тайлбар хийсэн юм.

 

Тэрбээр “Оффшор данс гэдэг нь өөр оронд данстай иргэнийг хэлнэ гэж би бодож байна. Тэр утгаараа надад 3, 4 оффшор данс байдаг. Үүнийг нуугаад байх зүйлгүй. Би 25 жилийн өмнө Японд барилдаж байхдаа цалингийн данс, Эрүүл мэндийн даатгалтай холбоотой данс, өөрийн хувийн амьдралд зориулж данс нээж байсан юм. Эдгээр дансыг зодог тайлснаас хойш 10 гаруй жил ашиглахгүй байгаа. Тодруулбал, мөнгө байхгүй хоосон дансууд юм. Японоос өөр оронд данс нээгээгүй. Ер нь мөнгөө нууж байгаа хүмүүс арлуудын оронд данс нээж мөнгөө нуудаг гэж ойлгосон. Түүнийг сонсоод би жигшиж байсан. Гэтэл өнөөдөр намайг оруулчихсан байгаа учраас тэдгээр хүмүүсийн зарим нэгийг гүтгэж байж гэдгийг ойлголоо. Надад мөнгөө нуух шаардлага байхгүй. Би төрөөс төрсөн тэрбумтан биш. Би өөрийн хөдөлмөр, хөлсөөр Монгол Улсын нэрийг гаргаж барилдаж олсон хэдэн төгрөг надад бий. Тэр мөнгөө Монголд оруулж ирээд бизнес хийж байгаа нь үнэн. Би татвараас нуугдаад байх бизнес хийдэггүй. Эрүүл мэнд спортын чиглэлээр ажил хөдөлмөр эрхэлж байна. Кёкүшюзан гэдэг сан байгуулаад буяны ажиллагаа явуулж байна. Гэхдээ тийм их биш ч гэсэн өөрийн хэмжээндээ татвараа төлөөд явж байгаа жирийн нэг иргэн хүн. Надад данс нээгээд түүндээ мөнгө нуугаад байх шаардлага ч байхгүй хэмээжээ.

 

Монголын мэдээ

Н.Пунцагболд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button