Улсын хэмжээнд ажилгүй иргэдийн тоо 143.5 мянгад хүрчээ
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас энэ оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Улсын хүн амын ажил, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой судалгааны нэгдүгээр улирлын гүйцэтгэл гарчээ. Уг судалгаагаар энэ оны эхний улирлын байдлаар 1 сая 89 мянган хүн манай улсад ажил хөдөлмөр эрхэлж байна. Үүний 320 орчим мянга нь хөдөө аж ахуйн салбарт, 210 орчим мянга нь үйлдвэрлэлийн салбарт, бусад 560 орчим мянга нь үйлчилгээний салбарт ажиллаж байгаа аж.
Харин улсын хэмжээнд 143.5 мянган ажилгүй иргэн байгаа гэсэн судалгааны дүн гарчээ. Улмаар ажилгүйдлийн түвшин 11.6 хувьд хүрсэн байна. Дээрхи судалгааны дүнг жилийн өмнөхтэй харьцуулахад ажиллагсдын тоо буурах хандлагатай, ажилгүй иргэдийн тоо нэмэгдэх, ажилгүйдлийн түвшин өсөх төлөв ажиглагдсан талаар Үндэсний статистикийн газрын мэргэжилтнүүд хэлж байна.
Тодруулбал, ажиллагсдын тоо 27.6 мянгаар буурсан байхад нийт ажилгүй иргэдийн тоо 143.5 мянгад хүрч, 55 орчим мянгаар нэмэгдсэн дүн гарчээ. Улмаар ажилгүйдлийн түвшин 11.6 хувь болон нэмэгдсэн байна. 143.5 мянган ажилгүй иргэдээс хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй, ажил хайж буй 33.4 мянган иргэн байгаа аж. Эдгээр иргэний 52 хувь нь эмэгтэйчүүд, 49 хувь нь дунд боловсролтой иргэд байна.