Замчид барьсан замаа ашиглуулахгүй гэв
Авто замчдын нэгдсэн холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж, Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа тухайгаа мэдэгдлээ. Мөн тэд хэрэв Засгийн газар яаралтай арга хэмжээ авч хариу өгөхгүй бол барьсан замаа ашиглуулахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Харин үүнээс үүдэн гарах асуудалд хариуцлага хүлээхгүй гэдгээ дуулгалаа.
“Монгол Улсын хөгжил цэцэглэлт, иргэдийн амь нас, аюулгүй байдал, тав тухыг хангахын төлөө өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл хөдөө хээр, 40 хэмийн халуун, -35 хэмийн хүйтэн шуургатай хүнд, хортой нөхцөлд ажилладаг. Гэвч хийсэн ажлын санхүүжилт олгоогүйгээс хэдэн мянган хүн ажлын байргүй болж, замчдын хөдөлмөр нийгмийн хамгааллыг эрсдэлд оруулж байна” хэмээн хэвлэлийн бага хуралд оролцогчид хэлж байв.
Тэд Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Сангийн сайд Б.Болор, Хөдөлмөрийн сайд Ч.Баярсайхан, Гудамж төслийн захирал Б.Батболд нарт дараах шаардлагыг хүргүүлж байгаа юм.
Үүнд:
1.Улсын чанартай авто зам засвар, арчлалтын ажилд шаардагдах нэмэлт хөрөнгийг 2016 оны төсвийн тодотголын төсөвт тусгаж, Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 93-р тоот тогтоолын хэрэгжилтийг хангах,
2.Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Авто худалдааны цогцолбор”-той байгуулсан гэрээний дагуу авто зогсоол барих ажлыг цаг хугацаанд нь хийж, гүйцэтгэсэн тул нэр бүхий дөрвөн компанийн ажлын санхүүжилт 12.8 тэрбум төгрөгийг шийдвэрлэж олгох,
3.Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралт “Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2015 онд Хөгжлийн банкнаас санхүүжих төсөл, арга хэмээ, барилга байгууламжийн жагсаалт”-аар батлагдсан “Гудамж төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудын санхүүжилт болох 22 компанийн 7.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэж олгохыг шаардаж байгаа юм.
Тэд уг шаардлагынхаа хариуг энэ сарын 25-ны өдөр авахаар хүргүүлсэн байна. Харин дээрх хугацаанд хариу өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэлээ.