Эдийн засгийн шилдэг бүтээлүүд шалгарлаа
Монголбанкны нэрэмжит 2016 оны “Эдийн засгийн судалгаа, шинжилгээний бүтээл шалгаруулах” уралдааны эцсийн шатны шалгаруулалт өнөөдөр буюу таван сарын 13-ны өдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурал эдийн засгийн чиглэлээр суралцдаг оюутнуудын бүтээлийг шалгаруулахаас гадна багш, судлаачдын бүтээлийг давхар шалгаруулж байгаагаараа онцлогтой боллоо.
Уралдаанд МУИС, СЭЗДС, ШУТИС, Удирдлагын академи, Мандах бүртгэл дээд сургууль, БХИС, ОУЭЗБДС, Хангай дээд сургууль, MIU зэрэг сургуулийн 87 оюутан, 22 судлаачдын 79 бүтээл ирснээс хоёрдугаар шатны шалгаруулалтад оюутны 6, судлаачдын 7 бүтээл шалгарч өрсөлдөж судалгааны бүтээлүүдийг судлаач, оуютнуудын дунд нээлттэй хэлэлцүүлж, уралдаанд оролцогчдын оролцоо өндөр, бүтээлийн чанар сайжирсан, хүчтэй өрсөлдөөн дунд явагдаж өнгөрлөө.
Оюутны ангилалд тэргүүн байр эзэлсэн бүтээл энэ удаад шалгараагүй бол дэд байрт СЭЗДС-ийн дөрөвдүгээр ангийн оюутан Г.Гэрэлчимэгийн “Банкны салбарын өрсөлдөөний төрлийг тогтоох, өрсөлдөөнд баримтлах стратегийг боловсруулах” судалгааны бүтээл, гутгаар байрт МУИС-ийн дөрөвдүгээр ангийн оюутан Э.Золбаяр, Г.Лхагвадорж нарын “Ипотекийн зээл ба санхүүгийн тогтвортой байдал” хамтын бүтээл, мөн гутгаар байрт МУИС-ийн гуравдугаар ангийн оюутан Б.Батчимэг, Г.Санчираа нарын “Тэнцвэрт үнийн түвшин инфляцид нөлөөлөх нь “P star” загвар” хамтын бүтээлүүд тус тус шилдгээр шалгарлаа.
Харин судлаачдын ангилалд тэргүүн байрт Австралийн Үндэсний Их сургуулийн доктрант Д.Ган-Очирын “Interest rate pass-through in Mongolia” судалгааны ажил, дэд байрт Орхон аймаг дахь МУИС-ийн багш Т.Элдэв-Очир, Х.Адъяацогт нарын “Монгол Улсын банкны салбарын үр ашгийн шинжилгээ” судалгааны ажил, гутгаар байрт СЭЗДС-ийн багш Д.Түвшинжаргал, Худалдаа хөгжлийн банкны эдийн засагч Д.Энхмандах нарын “Атаархах зүйл үгүй: Монгол ба Зүүн Европ Төв Азийн бүсийн орнуудын бизнесийн орчны харьцуулсан судалгаа” хамтарсан бүтээлүүд тус тус шалгарсан байна.
olloo.mn