Долоо хоногийн тойм

Өнгөрч буй долоо хоногт улс эх оронд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

Оффшор данстнуудыг зарлав

 

\

Өнгөрөгч мягмар гарагт "Panama papers"-ээс Монголын хэд хэдэн оффшор данстнуудыг нэрлэсэн билээ. Ингээд лхагва  гарагийн 03:00 цагийн орчимд "Panama papers" оффшортой холбоотой бүрэн мэдээллээ цахим хуудастаа байршуулснаар  дэлхий нийтэд хүлээлт үүсгээд байсан оффшор данс эзэмшигчдийн бүх мэдээлэл ил болсон.Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, дэлхийн олон улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг дэлгэлээ.Монгол улсын нэрээр давхардсан тоогоор нийтдээ 49 хүний нэр, 10 байгууллага, 43 байрлалын илэрц гарч ирж байгаа бөгөөд Монгол гэсэн нэрсийн жагсаалтад зарим хүний хувьд хоёроос гурван удаа оффшор данс нээсэн мэдээлэл нь давхацсан байна.Харин хамгийн түрүүнд оффшор данстай хүнээр тодроод байсан УИХ-ын гишүүн С.Баярцогтын хувьд Монгол улсаас илэрсэн нэрсийн жагсаалтанд байхгүй байгаа юм. Учир нь тэрээр албан ёсны оршин суугаа хаягаа Хятад улс гэж мэдүүлснээр Хятад улсын офшор данс эзэмшигчдийн жагсаалтанд дээгүүр жагсч байгаа юм.

 

Сонгуулийн тойргоо тогтоож, мандатаа хуваариллаа

\

Монгол Улс 2016 оны сонгуулиа жижиг мажоритар системээр хийхээр болсонтой холбогдуулан сонгуулийн тойрог, мандатын тоогоо баталлаа. Өөрсдийн эрх ашгаа урдаа барьсан улс төрчид хэдэнтээ завсарлага авсаны эцэст сонгуулийн 76 мандатын 48-ыг нь аймгуудад, 28-ыг нь нийслэлд хуваариллаа. Хуваарилалт нь шог байна хэмээн зарим гишүүн гомдол мэдүүлсэн хэдий ч, нэгэнт галт тэрэг өнгөрсөн учраас дахин хэлэлцэхгүй гэснээр сонгуулийн сунгаа эхэлснийг зарлалаа.

МАХН-ын гишүүд намаа орхиж байна

\

Улс төрийн намуудын хувьд МАХН-ын хувьд тун хүнд долоо хоног өнгөрлөө. Сонгууль дөхсөн энэ үед намаасаа гарсан УИХ-ын гишүүн Ч.Улаан, Л.Тэрбишдагва нарын араас Хүний гавьяат эмч Л.Жамбалжав гишүүнчлэлээсээ татгалзсанаа мэдэгдсэн. Тэгвэл энэ сарын 13-нд МАХН-ын нарийн бичгийн дарга О.Лхагвацэдэн, Г.Дугаржав нар намаасаа гарахаар шийдсэнээ сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Шалтгаан нь “Ганц хүн намын бүх зүйлийг мэддэг, шийдвэрийг гаргадаг, дарга нарыг томилдог нам хол явахгүй юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд яс махандаа тултал ойлгож, мэдэрсэн.Нөгөөтэйгүүр, МАН болон МАХН нэгдэх талаар бүх шатанд ярьж, бараг л шийдвэр гарчихаад байхад асуудал орвонгоороо эргэсэнд тун харамссан гэнэ. Мөн МАХН олон сайхан хөтөлбөр гарган амлалт өгсөн ч нэг нь ч хэрэгжээгүй тул намаасаа гарахад нөлөөлсөн” гэлээ. Ийнхүү нэг хүний гэгдэх намаасаа гишүүд нь татгалзаж, АН, МАН-ын хаяа бараадах болсон юм.

 

Дахин төлөвлөлтийн ажилд дахин 20 тэрбумыг зарцуулахаар шийдвэрлэв

\

НИТХ-ын ээлжит бус наймдугаар хуралдаанаар нийслэлийн төсөвт гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулан 20 тэрбум төгрөг нэмж суулгахаар тусгалаа. Дахин төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нийслэлийн Орон сууцны корпорацийг хувьцаат компани болгосноор шаардлагатай мөнгө босгох, үнэт цаас гарган зах зээлээс хүү багатай, хугацаа урттай хөрөнгө санхүү татах гэнэ. Нийслэлийн төсвийн 20 тэрбум төгрөг болон банкууд НОСК-ийн үнэт цаас худалдан авснаар Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол зэрэг хур асуудал бэрхшээл, хүн амын талаас илүү хувийн ая тухтай аж төрөх  хүлээлт ихтэй хүсэл сонирхлыг дэмжих гарц шийдлүүдийн нэг болно гэлээ.

Э.Сумьяа сэргээшийн шинжилгээнд бүдэрч, олимпийн эрхээ хураалгав

\

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт болон сонгомол бөхийн төрөлд РИО- 2016 олимпийн эрх авсан тамирчдын жагсаалтыг өөрчлөн зарлалаа.Сербид болон Европын олимпийн эрхийн төлөөх тэмцээн болон Казахстанд болсон Азийн олимпийн эрхийн тэмцээнд оролцсон цөөн тамирчдаас мелдониум хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрсэн тул Дэлхийн бөхийн холбоо ийм шийдвэрт хүрчээ. Харамсалтай нь сэргээшийн шинжилгээнд бүдэрч, олимпийн эрхээ алдсан тамирчдын дотор бөхийн чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн тамирчин Э.Сумъяагийн нэр багтжээ.Манай тамирчин энэ оны гуравдугаар сард Казахстан улсын Астана хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртэн олимпийн эрх авсан билээ. Тэрбээр олимпийн эрхийн төлөө Энэтхэгийн бөх Бабита Кумаритай өрсөлдөж 15:8 онооны харьцаагаар хожиж Риог зорих эрхтэй болж байсан юм.Тэгвэл манай бөх сэргээшийн шинжилгээнд бүдэрснээр түүний олимпийн эрх Энэтхэгийн бөхөд шилжиж байна.

Б.Сансар

olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button