Дютерт Филиппинийг цэвэрлэнэ

Филиппинд өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгчийн бүх нийтийн сонгуулийн санал хураалт болж, гэмт хэрэгтэй тууштай тэмцэх хатуу бодлогыг баримтлагч "шийтгэгч” хочит 71 настай Родриго Дютерт үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Өмнөх Засгийн газрын үйл ажиллагааг ил шулуунаар шүүмжилж олонд танигдсан тэрбээр хууль дүрэм хэрэгждэггүй хот гэдгээрээ алдаршсан Давао хотын захирагчаар ажиллах хугацаандаа гэмт хэрэгтэй тууштай тэмцсэн нэгэн. Тиймдээ ч олон нийт түүнд “шийтгэгч” гэх хочийг өгсөн аж.

 

Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тэр үеэс өөрийн баримталдаг гэмт хэрэгтэй тэмцэх бодлогоо үргэлжлүүлнэ гэх амлалтыг өгч байсан Родриго Дютерт анхны мэдэгдлээ хийв. Ерөнхийлөгчийн тангарагаа өргөж, албан ёсоор Филиппиний Ерөнхийлөгч болсон энэ эрхмийн эхний мэдэгдэл нь ч гэмт хэрэгтэй хатуу тэмцэхийн тулд зарим холбогдох хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах байлаа.

 

Тодруулбал, одоогоос 10 жилийн өмнө халсан цаазын ялыг тэрбээр дахин сэргээхийг конгресст уриална гэдгээ тэрбээр мэдэгджээ. Үүнээс гадна сэжигтэн эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд буудах эрхийг цагдаа нарт олгох байр суурьтай байгаа ажээ. Филиппин улс 2006 онд тухайн үеийн Глория Арройогийн засгийн үед цаазын ялыг халж байжээ. Гэвч шинэхэн Ерөнхийлөгч Дютерт цаашдаа цаазыг дахин сэргээж, хар тамхины гэмт хэрэгтэн, хүчин болон хүний амь хохироосон, хулгай хийсэн хүмүүст үйлдсэн хэргээс нь хамааран ялын дээд хэмжээг оноох байр суурьтай байгаагаа хэвлэлийнхэнд мэдэгдэл хийх үедээ онцолсон байна.

 

Хэрэв сэжигтэн аюулгүйн албаныхны өмнөөс эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд буудах эрхийг нь ч гэсэн хуулийнханд эргүүлэн өгөх гэнэ. Ингэхдээ зохион байгуулалттай гэмт хэргийн үед гэдгийг тэрбээр тодотгожээ.

 

Энд нэг зүйлийг дурьдахад, Родриго Дютертыг гэмт хэрэг бугшсан Давао хотын захирагч байх үед хэдэн зуун гэмт хэрэгтнүүд амиа алдсан байдаг аж.

 

Улмаар 2015 онд хүний эрхийн байгууллагаас түүнийг “Үхлийн хотын захирагч” гэж тодорхойлсон байдаг юм байна. Дээр дурьдсан саналуудаа тэрбээр тун удахгуй конгресст өргөн барих аж. Түүнчлэн, олон нийтийн газар үүрийн 02.00 цагаас хойш архи согтууруулах ундаагаар үйлчлэх, мөн хүүхэд харгалзах хүнгүйгээр шөнө гадуур сэлгүүцэхийг хориглох саналтай байгаагаа өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан тэрбээр олон нийтэд мэдээлсэн байгаа юм. Хэрэв ийм зөрчил илэрвэл эцэг эхийг нь баривчлах хүртлэх шийтгэл ногдуулах юм байна.

 

Ямартай ч, “шийтгэгч” хочит хотын дарга Филиппиний Ерөнхийлөгчийн суудалд заларсан тул цаашдаа Филиппиний хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх хатуу чанд хууль дүрмүүд мөрдөгдөж магадгүй байна. Үүнээс гадна шинэхэн Ерөнхийлөгч Өмнөд Хятадын тэнгис дэх хилийн цэсийн асуудлаар маргаантай байдаг БНХАУ-тай харилцаагаа цаашид сэргээж, нааштай яриа хэлцэл хийхээ амласан байна.

 

Монголын мэдээ

Б.Даваахүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button