“World masters”-д 20 жүдоч уригджээ
Олимпийн эрхийн оноо олгох сүүлчийн тэмцээн болох “World masters”энэ сарын 27-ны өдөр Мексикт эхэлнэ. Тус тэмцээн нь жин тус бүрийн шилдэг 16 бөхийг урьж оролцуулдгаараа бусад тэмцээнүүдээс онцлогтой бөгөөд нэр хүндтэй юм. Тэгвэл дэлхийн шилдгүүдийн олимпийн наадмын өмнөх цугларалт, сорилго болсон уг тэмцээнд манайхаас 20 жүдоч зодоглохоор болсон байна.
Манайхаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Ц.Цогтбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д С.Ням-Очир, Г.Одбаяр, 81 кг-д Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, 90 кг-д Л.Отгонбаатар, 100 кг-д Н.Түвшинбаяр, +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, А.Цолмон, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид, 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д П.Лхамдэгд нар зодоглоно.