АСЕМ-ын уулзалтанд 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд оролцоно
Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 27 дугаар хуралдаан болж, дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил болон Ази, Европ түмний 11 дүгээр чуулга уулзалтын зохион байгуулалттай холбоотой хэд хэдэн асуудал хэлэлцлээ.
Шангри-Ла дахь Хэвлэлийн төвийн тохижилтын ажлыг зургаадугаар сарын 10-ны дотор эхлүүлж, интернет сүлжээ, кабел холбохыг даалгалаа.Мөн долдугаар сарын 14-17-нд хуваарьт нислэгээр ирэх, явах зорчигчдыг “Буянт ухаа” спорт цогцолбороос “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүргэх, нисэх буудлаас тосох автозамын маршрутыг баталж, агаарын хөлгийн нөөц бүрдүүлэх тухай хэлэлцлээ. Түүнчлэн “Чингис хаан” ОУНБ-ын хамгаалалтын бүс дэх камержуулалт, гэрэлтүүлгийг сайжруулах даалгаврыг өглөө.
АСЕМ-ын зочдод зориулсан бэсрэг арга хэмжээ зохиогдох “Чингисийн хүрээ” жуулчны бааз хүртэлх 3.4 км автозам болон 400 машины багтаамжтай автомашины зогсоол байгуулах төсвийг шийдвэрлэлээ. Эдгээр бэлтгэл ажлыг дурдсан хугацаанд багтаан зохион байгуулж дуусгахыг Үндэсний зөвлөлийн гишүүдэд даалгав.
АСЕМ-ын уулзалтад одоогийн байдлаар 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочин, төлөөлөгч оролцох төлөвтэй байна.
Ирэх долдугаар сарын 4-6-нд Улаанбаатарт болох Ази, Европ түмний чуулганы бэлтгэл ажил, төсөв зэргийг мөн хэлэлцлээ. Уг арга хэмжээнд түнш орнуудын 500 гаруй төлөөлөгч оролцохоос 250 нь дотоодын төлөөлөгч байх юм. Чуулганаар МУИС, ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургуулиудад салбар 3 хуралдаан хийх бөгөөд нэгдсэн хуралдааныг Төрийн ордонд хийх аж.