Бээжингийн олимпт оролцсон 31 тамирчнаас сэргээш илэрчээ
Сүүлийн өдрүүдэд сэргээш хэрэглэсэн тамирчдын тухай мэдээлэл тасрахгүй байна. Рио-2016 олимпийн наадамд оролцох хэд хэдэн тамирчин сэргээшийн шинжилгээнд бүдэрч олимпийн эрхээ хураалгаад байгаа. Тэдний дунд манай нэг тамирчин ч багтаж байгаа юм. Тэгвэл саяхан Олон улсын олимпийн хороо "Бээжин-2008” олимпод оролцсон 12 орны 31 тамирчны шинжилгээнээс допинг илэрснийг зарлалаа. ОУОХ Бээжингийн олимпийн наадмын үеэр авсан допингийн шижилгээний дээжээс 454-ийг сонгон, Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон Олон улсын спорт холбоодтой хамтран шинжилгээ хийжээ.
ОУОХ Бээжингийн олимпод оролцсон, зодог тайлаагүй байгаа, “Рио-2016”-д оролцох эрх авсан 454 тамирчны Бээжингийн олимпод оролцохдоо өгсөн сорьцыг дахин шинжилж, тухайн үед баригдаагүй өнгөрсөн 31 тамирчинг илчилсэн байна.
Гэхдээ тэдгээр 31 тамирчны нэрийг тодорхой зарлаагүй байгаа бөгөөд шинжилгээний хариуг дахин нягталсны дараа нийтэд мэдээлэх аж. Хэрвээ дахин шалгалтад 2008, 2012 оны олимпоос медаль авсан тамирчин бүдэрвэл амжилтыг цуцалж, медалийг нь удаах байрт шалгарсан тамирчинд олгох гэнэ. Мөн ОУОХ “Лондон-2012” олимп, “Сочи-2014” олимпт оролцсон 250 тамирчнаас сэргээшийн давтан шинжилгээ авсан бөгөөд хариуг нь удахгүй зарлах аж.
Дашрамд дуулгахад тамирчид тэмцээний үеэр сэргээш хэрэглэснээ нуух боломж байдаггүй юм байна. Учир нь тэднээс авсан сорьцыг 10 жил хадгалж, нягталж шалгадаг юм байна.