С.Дэмбэрэл тэргүүтэй гишүүд АН-аас нэр дэвшихийг дэмжихгүй гэв
ИЗНН-ын сум, дүүргийн намын үүрийн хорооны дарга нар дөнгөж сая мэдээлэл хийж, тус намыг сонгуульд оролцуулахгүй хэмээн буланд шахаж байна гэж мэдэгдэв. Нийслэлийн сонгуулийн хороо тус намыг бичиг барим дутуу бүрдүүлж өгсөн хэмээн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсаныг эсэргүүцэн мэдээлэл хийж байсан.
Тэгвэл Хэнтий аймгийн сонгуулийн хороо мөн тус намын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан байна. Тодруулбал нэр дэвшигчийн материалыг тавдугаар сарын 4-нд бус 5-ны өдөр өгөх ёстой гэх шалтгаанаар ийн нэр дэвшигчээр бүртгээгүй байна. Тэд үүнийг сонгуулийн тухай хууль зөрчсөн ноцтой үйлдэл хэмээн үзэж байгаа тул аймгийнхаа Сонгуулийн хороог шалгуулах хүсэлтээ АТГ болоод бусад холбогдох байгууллагад өгнө гэж мэдэгдэв. Түүнчлэн аймгийн Сонгуулийн хороо ийм шийдвэр гаргахад эрх баригч нам болоод МАН, МАХН нөлөөлж байгаа гэлээ.
Мөн шат шатны сонгуульд ИЗНН-ыг оролцуулахгүй байгаа нь намын удирдлагуудын дээгүүр хийсэн тохироотой ч мөн холбоотой байхыг үгүйсгэх аргагүй гэдгийг Хэнтий аймгийн Дархан сумын ИЗНН-ын үүрийн дарга Г.Батболд хэллээ.
-Энэ талаар “ Намуудын тохироо яригдаад байна. Тухайлбал Хэнтий аймаг дээр Хүдэр-Ян гэдэг хүн намаасаа гараад нэр дэвшинэ гэх зүйл яригдаж байна. УИХ дээр С.Оюун, С.Дэмбэрэл гэдэг хүмүүс дарга гэдэг утгаараа Үндэсний хорооныхоо шийдвэрийг унагачихлаа. Бид Үндэсний хороогоороо хуралдаад дангаараа оролцох шийдвэрийг гаргасан.Тийм учраас Хэнтий аймаг дээр мандат авчихна гэж бодож байх шиг байна. Гэхдээ уучлаарай Хэнтий аймагт АН-аас ч бай ИЗНН-аас ч бай хэн ч дэвшсэн бид дэмжихгүй. Ийм бусармаг зүйлтэй манай намын хороо үүрүүд санал нэгдэхгүй, эсэргүүцэж ажиллана гэдгээ мэдэгдэж байна.
-АН-тай тохироо хийгээд , нэр дэвшихээр яригдаж байгаа яг хэдэн хүн байгаа вэ?
-Албан бус мэдээллээр С.Дэмбэрэл, Бугамаа, Ч.Базар гэж нэг хүүхэн бий, Хүдэр-Ян гэдэг хүмүүс нэр дэвшинэ гэж яригдаж байгаа юм билээ. Яг тодорхой болсон зүйл байхгүй. Гэхдээ бид ямар ч тохиолдолд дэмжихгүй. Манай үндэсний хорооны шийдвэр гарчихаад байхад бидний өмнөөс шийдвэр гаргаж, ашиг хөөгөөд явахыг байж болшгүй зүйл гэж харж байна.
-Та бүхний зүгээс нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж буй уг асуудал дээр цаашид ямар арга хэмжээ авах вэ? Шүүхийн шийдвэр гарлаа ч хугацаа хожимдсон байх?
-Бидний хувьд зохион байгуулалттайгаар нэр дэвшүүлэхгүй байгаа уг асуудлаар шүүхдэхийг хүсэхгүй байна. Таны хэлсэнчлэн хугацаагүй болчихлоо. Шүүхийн шийдвэр гартал удах байх. Харин бидний зүгээс тэмцлийн дараагийн хэлбэрүүдийг сонгон тэмцэх болно. Мөн Хэнтий аймгийн Сонгуулийн харааг АТГ-д шалгуулна.
olloo.mn