Иракийн арми Эль Фаллужах хотыг чөлөөлнө

Сири, Иракийн хойд этгээдийн томоохон хотуудыг эзэлж, хяналтаа тогтоож, улмаар Халифын вант улс байгуулснаа зарлаад байсан хэт даврагч “Лалын улс" бүлэглэл эдүгээ газар нутгаа алдсаар байгаа билээ.

 

Сүүлийн үед АНУ тэргүүтэй холбоотны цэргийн эвсэл, ОХУ-ын армийн Ирак, Сирийн цэргийн армид үзүүлэх дэмжлэгтэй холбоотойгоор Лалын улс бүлэглэл Ирак дахь нутгийнхаа 40 хувь, Сири дэх нутгийнхаа 10 орчим хувийг алдаад буй тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч өнгөрөгч долоо хоногт мэдээлсэн байдаг. Тэгвэл Иракийн арми тус хэт даврагч бүлэглэлийн эсрэг томоохон дайралтад бэлтгэж буй ажээ.

 

Тодруулбал, Иракийн Ерөнхий сайд Хайдер аль Абади өчигдөр тус улсын төв хэсгийн Эль Фаллужах хотыг хэт даврагчдаас чөлөөлөх цэргийн ажиллагаагаа эхлүүлснээ зарлав. "Эль-Фахтужа хотыг тун удахгүй чөлөөлнө. Ялалт хаяанд ирээд байгаа бөгөөд “Лалын улс” бүлэглэл зугтахаас өөр аргагүй болсон" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

 

Иракийн цэргийнхэн тус хотын оршин суугчдыг хотоос гарч явахыг анхааруудснаас гадна хотоос гарах боломжгүй болсон тохиолдолд байшингийнхаа дээвэр дээр цагаан туг хатгах зааврыг өгчээ. Нийслэл Багдад хотоос баруун тийш 50 км зайд байрлах Эль Фаллужах хот нь 2014 оны нэгдүгээр сараас хойш хоёр жил хагасын хутацаанд “Лалын улс” бүлэглэлийн хяналтад байжээ.

 

Харин одоогоор хотыг 20 мянга орчим цэрэг, цагдаагийн болон сайн дурын хүчнийхэн бүслэн авсан байна. “Лалын улс” бүлэглэлийн хоёр дахь том түшиц цэг болж буй энэ хотыг чөлөөлөх нь терроризмын эсрэг тэмцлийн хамгийн ширүүн тулаануудын нэг болж магадгүй байгаа юм.

 

Учир нь Фаллужа хот 60-90 мянган иргэнтэй бөгөөд тэдний ихэнхийнх нь гэр бүлийн аль нэг гишүүн нь хэт даврагч бүлэглэлд элссэн байдаг байна. 2014 оны зургадугаар сараас хойш хэт даврагч бүлэглэл Иракийн ихэнх нутгийн эзэлж байсан бол эдүгээ Иракийн арми алдсан хотуудаа террористуудаас чөлөөлөх дайралтыг эхлүүлж, хэд хэдэн амжилтыг гаргасан. Тухайлбал, өнгөрөгч арванхоёрдугаар сард Иракийн цэргийнхэн Рамади хотыг лалын улсынхнаас чөлөөлсөн юм.

Монголын мэдээ

Б.Даваахүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button