МАН-ын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзжээ

МАН-ын сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй УЗ-ын гишүүд сонгуулийн хуулийн хэрэгжилт аймаг, нийслэлийн тойргийн хороодтой холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Сонгуулийн хуулийн дагуу аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг нэр дэвшигчээр бүртгэн шийдвэр гаргах ёстой.

 Гэтэл зарим аймгуудын сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийг санаатайгаар буруу хэрэглэж, асуудлыг улстөржүүлж, төрийн сонгуулийг зохион байгуулах, төрийн ажлыг мушгин гуйвуулж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасаар байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа талаар МАН-ын сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан  мэдэгдлээ.

Тодруулбал, Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшихээр бүртгүүлсэн зургаан нэр дэвшигчийг бүртгэсэн боловч ажлын тайлангийн сэтгүүл тараасан, 31 хувь эзэмшиж буй компанийн өртэй гэх мэт шалтгаанаар нэр дэвшигчийн жагсалтаас хассан байна.

Мөн МАН-аас Увс аймгийн ИТХ-д нэр дэвшсэн 4, Говь-Алтай аймгийн ИТХ-д нэр дэвшсэн 3 нэр дэвшигчийг орон нутгийн сонгуулийн хороод нь бүртгэхээс татгалзсан байна.  Иймээс МАН-ын зүгээс СЕХ-нд энэ асуудлаар шаардлага хүргүүлж, улмаар сонгуулийн байгууллага зохион байгуулалттайгаар нэг намын нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хууль бусаар хасуулж байгаа талаар асуулга тавина гэдгээ мэдэгдлээ.

 

Мөн энэ үеэр Дархан-Уул, Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга нар дээрх асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

 

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button