Бүтэн марафоны ялагчийг 10 сая төгрөгөөр урамшуулна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний төлөвлөгөөнд “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг нийслэл хотод гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ талаар Нийслэлийн Биеийн тамир спортын газрын дарга Ж.Ганболдоос тодрууллаа.

 

-Гурав дахь удаагаа зохион байгуулагдах “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн талаар тодруулаач?

-“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтййг ирэх сарын 04-ний өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж эхлээд байгаа. Өмнөх жилүүдийн гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид оролцсон. Түүнчлэн олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 17-18 мянга гаруй хүнийг хамруулан амжилттай зохион байгуулахад нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, ивээн тэтгэгч, дэмжигч, хэвлэл мэдээллийн спонсор байгууллагуудын идэвхи санаачлага, хамтын хүчин чармайлт чухал нөлөө үзүүлдэг. Энэхүү гүйлтийг амжилттай зохион байгуулах, оролцогч дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд “Улаанбаатар Марафон”-д Засгийн газар, салбарын яам агентлагууд татан оролцуулж байгаа. Түүнчлэн нийслэл, дүүргийн нутгийн Захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулахыг эрмэлзэж байгаа.

 

-Одоогийн байдлаар марафонд оролцохоор хэчнээн хүн бүртгүүлээд байгаа вэ. Хэдэн орны тамирчид оролцох бол?

 

-Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар Марафонд нэгдэцгээе” цомыг нийслэл, дүүргийн хэмжээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 04-нөөс энэ сарын 25-ны хооронд 50 хоногийн хугацаатай аялуулж 5000 гаруй хүн анкетаар, 10 мянга гаруй хүн онлайнаар бүртгүүлээд байгаа. Өмнөх жилүүдийн "Улаанбаатар-Марафон" олон улсын гүйлтэд хөрш зэргэлдээ болон ах дүү хамтын ажиллагаатай 14-19 орны 50-90 гаруй нэр хүндтэй тамирчид, ЭСЯ-ны гадаадын ажилтан, тэдгээрийн гэр бүл оролцсон.

 

Түүнчлэн 2014 онд БНСУ-аас Барселоны Олимпийн марафон гүйлтийн аварга нэг тамирчин, Япон улсаас Азийн аварга хоёр тамирчин БНХАУ-аас олон улс, тив, дэлхийн шагналт гурван тамирчин оролцсон. Харин 2015 онд БНХАУ-аас олон улс, тив, дэлхийн шагналт гурав тамирчин, Бутаны Вант улсын бүтэн марафоны аварга хоёр тамирчин урилгаар ирж оролцсон нь энэхүү гүйлтийн цар хүрээ, чанарыг тодорхой харуулж байгаа юм.

 

Энэ жилийн марафонд хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчдыг оролцуулах зорилгоор ОХУ, Япон, Солонгос, БНХАУ, Кени, Этиоп зэрэг улс орнуудын тамирчдад урилга хүргүүлсэн. Үүнээс Япон улсын марафоны тамирчин Ямамото Ёшихиро, Кенийн өндөр зэрэгтэй тамирчин Cheronges Domi­nic Premoi, Lomerinyang Julius Arile зэрэг тамирчид оролцохоор саналаа ирүүллээ. Мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Их Британи, АНУ, БНГУ, Австрали, Нидерланд, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Финлянд, Канад, Итали зэрэг 15 орны ЭСЯ-ны гадаадын ажилтан, тэдгээрийн гэр бүл болон “Let’s travel”, “Сэмей Тур” ХХК зэрэг жуулчны компаниудаас нийт 60 гаруй хүн бүртгүүлээд байгаа.

 

-Гүйлтэд оролцох хүсэлтэй иргэд хаана очиж бүртгүүлэх үү?

 

-Марафоны гүйлтийн онлайн бүртгэлийг www.ub-marathon.ub.qov.mn сайтаар болон Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодоос томилогдсон мэргэжилтнүүдэд бүртгүүлж болно.Түүнчлэн “Улаанбаатар- Марафон” олон улсын гүйлтийг зохион байгуулах тухай мэдээ мэдээллийг www.ub-marathon.ub.qov.mn сайт,  “Ub-Marathon 2016” Public group, Community page-ээр сурталчилж байгаа.

 

Дашрамд дуулгахад, бүртгүүлээд төлбөрөө төлсөн оролцогчдод олгосон сугалааны тохирол ирэх сарын 04-нд буюу марафоны өдөр болно. Сугалааны ялагчид “Эрдэнэс Монгол” групп, “Туушин” зочид буудлаас оюутны хагас жилийн сургалтын төлбөрийн эрх, Сүхбаатар дүүргээс, Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нэг жилийн сургалтын төлбөрийн эрх болон “361°” брэнд, “Голден жим”, “Хербалайф”, “Юнисити”, “AVC” зэрэг компаниудын бүтээгдэхүүний эрх, марафоны футболк, малгай, батламжийггардуулах юм. Түүнчлэн энэхүү үйл ажиллгаанд иргэдийг татан оролцуулах зорилгоор сошиал ертөнцөөр зарлагдсан “UB MARATHON-2016 “LIKE” уралдаан” энэ сарын 30-ны өдрийн 17:00 цагт хаагдсанаар ялагчдыг тодруулахаар болсон. Ялагчид Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргүүдийн Усан бассейны нэг сарын эрх, “Хавай” фитнесс клубын нэг сарын эрх, гүйлтийн футболк, малгай, медалион өгөхөөр төлөвлөөд байгаа.

 

-Марафон хэчнээн ангилалаар болох уу. Энэ өдөр төв замуудыг хаах уу?

-“Улаанбаатар Марафон 2016” олон улсын гүйлт ирэх сарын 04-ний өдрийн 09.00 цагт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Хагас марафон /21.095 м/, бүтэн марафон /42.195м/-д 18-аас дээш настай, марафон гүйлтээр тогтмол хичээллэгчид, 10.000 м-т 18-аас дээш настай, гүйлтээр тогтомол хичээллэдэг эрэгтэй, эмэгтэй зөвхөн сонирхогчид оролцох юм. Харин 5000м-ийн 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш гэсэн дөрвөн насны ангилалд эрэгтэй, эмэгтэй зөвхөн сонирхогчид, 1.5 км-ийн гэр бүлийн төрөлд 11-ээс доош насны хүүхэдтэй гэр бүлийн гишүүд (өвөө эмээ, эцэг эх эсвэл ах эгчийн хамт оролцож болно), 1.5 км-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилалд зөвхөн тэргэнцэртэй, хараагүй иргэд (эдгээрээс өөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусад зай, төрлийг сонгож) оролцож болно. Тэмцээний өдөр бүртгэл хийхгүй бөгөөд энгэрийн дугаар олгохгүй. Гүйлтийн тэмцээн болох өдөр Чингисийн талбай руу орох, гарах хөдөлгөөнийг 08:30 цагаас хязгаарлаж хаана.

 

-Хэрвээ нууц биш бол шагналын талаар тодруулаач?

 

-Оролцох хүсэлтэй иргэд энэ сарын 30-ны 17:00 цагаас өмнө интернетэд холбогдсон аль ч газраас www.ub-marathon.ub.qov.mn онлайн бүртгэлд хамрагдах боломжтой. Өөрийн биеэр очиж бүртгүүлж ч болно. Эсвэл аль ойр байгаа дүүргийнхээ Биеийн тамир, спортын хороо болон Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт иргэнийхээ үнэмлэхтэйгээ ирнэ. Марафон гүйлтийн зай төрөл бүрт 1-3 байр эзэлсэн тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Мөн 21.095м, 42.195м, 10.000м зайд гүйж эхний 4-10 дугаар байр эзэлсэн гүйгчдийг дурсгалын медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

 

Тодруулбал, Бүтэн марафон /42.195 м/ гүйлтийн шагнал I-10 сая, II-найм, III- зургаан сая төгрөг, IV-X байр 200-400 мянган төгрөг, Хагас марафон /21.095 м/ гүйлтийн шагнал I-тав, II-дөрөв, III-гурав сая төгрөг, IV-X байр 150-200 мянган төгрөг, 10.000 метрийн зайн гүйлтийн шагнал I-500, II- 400, III-300, IV-X байр 100-150 мянган төгрөг, IV-VIII байр 50-100 мянган төгрөгөөр тус тус шагнаж урамшуулах болно.

 

Монголын мэдээ

Ж.Мягмар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button