Д.Доржпүрэв: Бид лобби хийсэн нь үнэн, гэхдээ хэний төлөө хийсэн бэ гэдэг нь л асуудал

Төв аймгийн Ардчилсан намын дарга Д.Доржпүрэвтэй аймаг орон нутгийн цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төв аймгийн хувьд Улаанбаатар хоттой хамгийн ойр хэдий ч хөгжлөөр хоцрогдсон гэлцдэг юм билээ. 2012 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам анх удаа ялалт байгуулж 4-н жил засаг барьсан. Намын даргын хувьд аймгаа хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийн хүрээнд ямар ажлууд хийгдэв. Зорьж зүтгэсэн ажлууд биеллээ олж чадав уу?

-Миний хувьд Төв аймгийн Ардчилсан намын даргаар 2008 оны арванхоёрдугаар сарын 13-наас хойш ажилласан. Түүхэн цаг хугацаа, мөчлөгийн хувьд, хамт олны хичээл зүтгэл, Төв аймагчуудын бидэнд өгсөн итгэлийн үр дүнд 2012 оны Орон нутгийн сонгуулиар бид аймагтаа ялалт байгуулсан. Энэ дагуу аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга тэргүүтэй зарим нэг томилгоо хийсэн. Үр дүн хэрхэн гарсан бэ гэдгийг хүн бүхэн харж байгаа байх. Жил бүр бид тухайн жилд хийсэн ажлынхаа тайланг ном болгож, өрх бүртээ өгдөг. Жишээ нь 2013 онд бид Төв сайхан нутгийнхаа 90 жилийн ойг тэмдэглэсэн. 2012 оны арванхоёрдугаар сарын 13-нд манай Засаг дарга томилогдож байсан. Түүнээс наадам хүртэлх долоон сарын хугацаанд бид бүгдийг амжилттай төлөвлөж, зохион байгуулж чадсан. Зуунмод хот 2012 оноос өмнө ямар байсныг иргэд, очсон зочид мэдэж байгаа байх. Өөрөөр хэлбэл, бид Зуунмод хотыг хотын өнгө төрхтэй болгосон. 2013 онд бид Зуунмод хотод олон тооны орон сууцыг төлөвлөлттэйгээр барьсан. Ингэхдээ давхар орон сууцуудаа халуун устай болгосон. 2012 оноос өмнө Зуунмод хотын ихэнх байр халуун усгүй орон сууцанд амьдардаг иргэд маань жаахан зутруу байсныг өөрчилж чадсан. За тэгээд Зуун мод-Улаанбаатар чиглэлийн засмал зам, дэд бүтэж, цахилгаан дулаан, гэр хорооллын тохижилт, кино театр гээд маш олон бүтээн байгуулалтын ажлыг хийж чадсан.   

\

Зуун мод хотод баригдсан 1000 айлын орон сууцны нэгдүгээр хэсэг

 

ТӨВ АЙМАГ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА УЛСАД 14-ӨӨС ЭХНИЙ 5-Д ОРСОН НЬ БИДНИЙ АЖЛЫН НЭГ ҮЗҮҮЛЭЛТ

-Төсвийн хөрөнгөөр бүгдийг хийж, бүтээж болж байна уу?

-Иргэдийн төлөө, нийтийн төлөө хийж байгаа ажлуудын дийлэнхийг төсвөөс санүүжүүлдэг зуршил бараг тогтчихож. Нийгмийн хэрэгцээнд таарсан бүтээгдэхүүн үйлчилгээг хувийн хэвшлийнхэн бэлдчихсэн байдаг. Хувийн хэвшлийнхний санал болгож байгаа үнэ тарифыг олон нийт хүлээн зөвшөөрч байвал төр дэмжээд явах ёстой. Энэ утгаараа ардчиллын залуус аймагтаа энэ чиглэлийг барьж, чамлахааргүй бүтээн байгуулалт, үлгэр жишээ ажлууд хийсэн. Тухайлбал 2015 онд бид Улаанбаатар Зуунмод сумыг холбосон 42 километр засмал зам тавьсан. Энэ замын гол хэсэг нь 18.9 километр. Энэ замыг 2000 оноос хойш засна, шинэчилнэ гэж яваад 2015 онтой золгосон байдаг. Бүр мэргэжлийн байгууллагынхан “Энэ замаар зорчихыг хориглоно. Хүний аминд халтай” гэсэн дүгнэлт гаргачихсан байсан. Гэтэл Зуунмод нийслэлийн хооронд энэ замаар өдөрт хэдэн зуун авто машин явдаг. Замд зориулсан төсөв мөнгө нь батлагдаад, аль хэдийнэ дуусчихсан байсан. 2014 онд Ерөнхий сайд холбогдох албаныханд энэ замын асуудлыг яаралтай шийд гээд үүрэг өгсөн. Бид ч замаа засаж сайжруулахын тулд нэлээд хөөцөлдсөн.

-Сураг сонсох нээ та Ерөнхий сайд Н.Алтанхуягийн багийн гишүүнийхээ хэргийг гаргаж багагүй лобби хийснээр хурдан бүтсэн гэдэг юм билээ?

-Хүмүүс биднийг лобби хийсэн гэдэг л юм. Бид лобби хийсээн үнэн. Ерөнхий сайд дээр олон удаа орсон. Гэхдээ энэ ажлыг хэний төлөө хийсэн бэ гэдэг нь чухал. Төв аймаг Улаанбаатар хоттой ойрхон мөртлөө хөгжил муу гээ л байна. Үнэндээ нийслэлтэй холбогдох зам харгуй хэр сайжирна тэр чинээгээр хөгжил ирнэ шүү дээ. Аймгуудын өрсөлдөх чадвар гэж үзүүлэлт байгаа. Энэ үзүүлэлтийн хамгийн том агуулгын нэг нь зам. Эцсийн дүнгээр харахад Төв аймаг өрсөлдөх чадвараараа Монгол Улсын 21 аймгийн хаана явж байгаа вэ гэдгийг харах хэрэгтэй. 2012 оны орон нутгийн сонгуулийн өмнө өрсөлдөх чадвараараа манай аймаг 13-14-т байсан бол сүүлийн судалгаагаар тавдугаарт явна гэсэн дүн гарсан. Энэ бол бидний хийсэн ажлын үр дүн.

\

Зуунмод-Улаанбаатар чиглэлийн 18.7 км зам

-Иргэдийн амьжиргаа хэрхэн сайжрав, ажлын байр хэр нэмэгдэв гэх асуудал гол үзүүлэлтийн тоонд ордог?

-Ажлын байр нэмэгдүүлсэн үү. Хэдэн хүнийг ажлын байраар хангасан бэ. Хэчнээн өрхийг малжуулсан бэ гэх мэт асуулт цувардаг. Төр захиргааны, удирдах түвшний ажилтан, мэргэжилтнүүд иргэдийг ажилтай байх нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Мөн ая тухтай, амар амгалан амьдрах орчныг бий болгох ёстой. Цаашлаад хийсэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл нь борлогддог, зах зээлд нийлүүлэгддэг, орлоготой амьдрах нөхцлийг нь бүрдүүлж өгөх ёстой болохоос биш бид хүмүүст ажлын байр шууд гаргаж өгөх боломжгүй. Төр иргэдээ ая тухтай амар тайван орлоготой амьдрах нөхцлийг бий болгохын тулд хууль, дүрэм, журам боловсруулж, баталдаг. Түүнийг нь Засаг гэдэг байгууллага хэрэгжүүлж, орчныг бүрдүүлж өгөх үүрэгтэй. Энэ тохиолдолд иргэд нь “Би ийм юм хийж, ингэж амьдармаар байна. Тийм зүйл бүтээн байгуулмаар байна” гээд сонголтоо хийх ёстой. Энэ л зөв механизм юм. Түүнээс биш ажилтай болгоно гэдэг өөрөө хоосон амлалт. Бид боломжуудыг нь тодорхой хэмжээгээр гаргаж өгсөн, энэ хэрээрээ ч ажлын байр нэмэгдсэн. Гэхдээ сүүлийн үед эдийн засгийн хямралын үр нөлөө орж эргээд буурах хандлага байна. Гэхдээ энэ бол цаг хугацааны л асуудал.

\

 

ЖИЛИЙН ДАРАА ТӨВ АЙМАГ УЛААНБААТАРААС ИЛҮҮ АЯ ТУХТАЙ ОРЧИН БҮРДСЭН АЙМАГ БОЛОХ БОЛОМЖТОЙ

-Төв аймаг дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа гэсэн үү?

-Нэгдүгээрт, хүн юмыг гаднаас нь хараад дүгнэдэг ч доторхыг нь хараад бүр итгэл үнэмшилтэй болдог. Тэгвэл Төв аймгийн өнгө үзэмж эрс сайжирсан. Мөн дотор нь байгаа эд эс бүхэн өөрчлөгдөн шинэчлэгдсэн. Бид иргэний танхим байгуулж Засгийн газрын 11-11 төв гэдэг шиг иргэдийнхээ үгийг сонсож, санал хүсэлтэд нь хариу өгдөг 7027-1111 утсаар мэдээлэл авч, асуудлуудыг шийдэж, иргэдэд хүрч үйлчилж байна. Цаашдаа бидний зорьж байгаа зүйл нь Засгийн газар, Эрчим хүчний яамны зүгээс хэрэгжүүлж байгаа томоохон ажлын нэг арван аймгийг дулааны цахилгаан станцтай болгох ажлууд хийгдэж байна. Үүний нэг нь Төв аймаг. Одоогоор зарим нэг жижиг сажиг зүйл шийдэгдчихвэл жилийн дараа Төв аймаг Улаанбаатараас илүү аятай тухтай амьдрах боломжтой аймаг болно.

 

Энэ ая тухтай орчины нэг хэсэг нь болох 1000 айлын орон сууц,  баригдаад өнөөдрийн байдлаар 100 гаруй айлууд ороод явж байна. Үүнд төсвөөс суурь бүтцийн тодорхой хэсэгт төсөв өгсөн. Бусад бүх ажлыг хувийн хэвшлийнхэн хийж байна. Тэд өөрсдөө мөнгөө гаргаж бариад, өөрсдөө борлуулах зарчмаар ажиллаж байна. Борлуулалтын үнийн хувьд харьцангуй хямд. Жишээ нь, Төв аймгийн төрийн албан хаагчид метр квадратыг нь 950 мянган төгрөгөөр худалдан авч байгаа. Ингэхдээ давхар Ипотекийн зээлд хамрагдаж байгаа. Энэ таатай нөхцлийг хараад хотынхон Төв аймагт очиж байр худалдаж авч байна. Тэд байр нь хямд, очих зам нь сайхан, агаар нь эрүүл, ая тухтай, аюулгүй гэж байна. Энэ нь нийслэлийн их төвлөрлийг сааруулж байгаа манай Төв аймгийнхны бас нэг гавьяа гэж бодож байна. Энэ эргээд бүс нутгийн хөгжил  зөвхөн Улаанбаатарт биш, орон нутагт байж болохыг үлгэрлэж байгаа явдал.

\

\ 

 

ТӨВ АЙМГИЙН ГАЗАР НУТАГ ДЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЬЯ ГЭЖ БАЙГАА БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛЭЭР ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЁСТОЙ

-Улаанбаатар хот хүн амын төвлөрлөөс үүдэлтэйгээр газар нутгаа тэлэхээс өөр аргагүй байгаа. Гэтэл Төв аймгийн хувьд улаанбаатарчуудад газар нутгаа өгөх нь тийм ч таатай биш. Энэ асуудлыг хэрхэн харж байгаа вэ?

-Энэ бол олон жил яригдаж байгаа ярвигтай асуудал. Хамгийн сүүлийн жишээ хэлье. Нэгдүгээрт, Төв аймгийн Аргалант, Баянцогт сумын нутаг дэвсгэрт байрлах Хүй долоон худагт “Монгол наадам” гээд цогцолбор бий. Түүнийг Засгийн газар Монгол наадамд эзэмшүүлнэ гэж байгаа юм. Хамар хашааны хоёр заавал ингэж бие биенийх рүүгээ хог шидэх хэрэггүй. Шийдэх хамгийн амархан гарц нь Улаанбаатар хот үнэхээр том төсөл хэрэгжүүлэх гээд сонирхож байгаа бол Төв аймгийн иргэдтэй уулзаад түрээсийн төлбөр төлөөд яв л даа. Газар нутгаа өшөө тэлье гэж байгаа бол энэ зарчмыг л барих хэрэгтэй. Мөн Төв аймгийн нутаг дээр барилга, байшин бариад ая тухтай амьдаръя гэж байгаа бол аймгийн удирдлага, ИХТ-тэй уулзаад хөрөнгө оруулалт дээр нь хамтраад барь л даа. Газар булаацалдах шаардлага байхгүй. Эрх мэдлийг төвлөрүүлж авна гэдэг өөрөө асуудал дагуулж явдаг. Тиймээс нийслэлийн засаг, захиргаа хүртэл асуудлыг зарчмын дагуу шийддэг байгаасай гэж хүсээд байгаа юм. Хоёрдугаарт, Хөшигийн хөндийн онгоцны буудлын асуудал. Энэ үнэхээр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий хамгийн том бүтээн байгуулалттай бүтэц бүхий салбар. Үүн дээр Төв аймагчууд дургүйцсэн юм байхгүй. Ганцхан асуудал байна. Онгоцны буудлыг дагалдаад баригдах барилга байшин, хот төлөвлөлтийн асуудлыг Засгийн газар шийдчихээд бид хэрэгжүүлнэ гээд байх хэрэггүй. Тэнд засаг захиргааны нэгжийн дагуу удирдлага зохион байгуулалт бүхий орон нутгийн нэгжүүд, иргэд байгаа. Асуудлаа бид өөрсдөө шийдээд явъя л даа. Нөгөө шууд ардчилал, иргэдээ сонсоно гээд байснаа заримдаа больчихоод дээрээс шууд шийдээд байгаад дургүйцэл бий болоод байдаг. Шууд хэлэхэд газар нутгаа тэлэхийн тулд булааж авах хэрэггүй. Дээр үеийнх шиг дайн байлдаан хийгээд газар нутаг эзэлж авдаг цаг биш шүү. Одоо эдийн засгийн түншлэлээрээ хамтрах ёстой цаг. Хэрэглэе гэж байгаа бол түрээслээд яв.

\

-Туул гол хамгийн бохирдолтой голын нэгд орсон. Та бүхний хувьд Туул голыг хамгаалах тал дээр ямар ажил хийж байна вэ?

-Зах зээлд шилжсэнээс хойш үүсээд байгаа том асуудлын нэг нь усны бохирдол. Үүнд Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Лүн, Заамар зэрэг таван сумыг дамжин урссаар Булган аймгийн нутаг руу ордог Туул гол орж байгаа. Гэтэл яг хаанаас бохирддог вэ гэхээр Улаанбаатарт байгаа хэсгээс нь эхэлж бохирдоод цаашаа бохир ус болж урсдаг. Туулын бохирдлыг яагаад нийгмийн дуулиан болгож чадахгүй байна вэ гэхээр тэнд байгаа иргэдийн эрх ашиг бас яригдаад байгаа юм. Бохир усны асуудлыг гаргаж ирэнгүүт Хонгор сумынхныг тэр чигт нь хортой гэж байсан шиг манай сумдын иргэдийн амьжиргаатай шууд холбогдоод ирдэг. Уг нь сэдэв болж гарч ирдэг. Гэвч яригдаад л өнгөрөөд байдаг. Энэ бол яригдаад өнгөрөх асуудал биш шүү дээ. Бид Туулын бохирдлын асуудлаар байнга асуудал тавьдаг. Аргацааж явсаар байгаад өнөөдрийг хүрчихээд байна.

Эцэст нь Улаанбаатар хотын захиргаа удахгүй болох АСЕМ-тай холбоотойгоор Засгийн газартай хамтраад Төв цэвэрлэх байгууламжаа засъя  гэж байна. Уг нь ингэтэл сүр дуулиан болохгүйгээр шугам хоолойг нь засаад, өөр газар цэвэрлэх байгууламж барьж болох л асуудал. Гэтэл заавал хэн нэгэн ирэх сургаар ийм үйлчилгээ хийнэ гэдэг өөрөө инээдтэй явдал юм. Нэгдүгээрт, Туулыг хамгийн ихээр бохирдуулаад байгаа үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргах хэрэгтэй. Хөрөнгө мөнгө гэхгүйгээр хэрэгжүүлж болох хамгийн зөв арга хэмжээ юу вэ гэхээр бохирдуулагчдыг бүгдийг хотоос гарга. Өөр газар ажлаа хийг. Очсон газрынхан нь мөн цэвэрлэх байгууламжаа барьчихаад үйлдвэрлэлээ эхлүүл гэсэн шаардлага тавих ёстой. Ингэж Монгол Улс нутаг дэвсгэр, Засаг захиргааныхаа хувьд нэгдмэл шинж чанараа харуулмаар байгаа юм. Хотынхон  бохирдуулагч үйлдвэрүүдийнхээ толгойг илээд байдаг. Гэтэл ус бохирдоод хүн мал хордож, байгаль ургамал үгүй болоод байдаг. Хоёрдугаарт, Эрүүл мэндийн асуудал.

Туул гол дамжин өнгөрч байгаа сумдын иргэдийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа тоо бусад сумынхаас илүү байдаг. Үүний нөхөн төлбөрийг гол бохирдуулж байгаа үйлдвэрийн эзэд хариуцах ёстой. Иргэдэд байж болох боломжуудын нөхөн төлбөрийг өгөх ёстой.

Гуравдугаарт, хөрс, шорооны элэгдэл бий болдог. Өмнө нь ургадаггүй байсан сонин бүтэцтэй ургамал ургаж эхэлсэн. Дөрөвдүгээрт, мал бохирдсон уснаас ууж байна. Цаашлаад тэр малын махыг хүн иднэ. Үндсэн хуульд монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гээд заагаад өгчихсөн. Үүнийг биелүүлэхийн тулд “Эрүүл хүнс” хөтөлбөрийг 2003 онд санаачилж байсан. Дараа нь “Хүний эрх, аюулгүй байдал” гэсэн төрийн бус байгууллага байгуулаад энэ асуудлаа тавьсан. Бид үндсэн суурь эрхээ эдэлж чадаж байж дараа нь үг хэлэх эрх чөлөө гэх мэт бусдыг нь эдлэх ёстой.

-Бохирдуулагч гол эзэд нь үйлдвэрүүд. Тэдний үйл ажиллагааг яаж цэгцэлбэл бохирдол багасах цаашлаад үгүй болно гэж бодож байна вэ?

-Үйлдвэрлэл явуулахад түүхий эд нь ойрхон байвал үр ашиг ихтэй байх ёстой. Улаанбаатар байгаа ноолуур, арьс, шир, махны үйлдвэрүүдийн түүхий эд орон нутгаас л ирж байгаа шүү дээ. Эдгээр үйлдвэр Улаанбаатарт байх шаардлага байгаа юм уу. Үнэн чанартаа эдгээр үйлдвэр хот руу ирдэг гол замууд дээр байрлаж байвал зохино. Эдгээр үйлдвэрийг хотод байрлуулахгүй гэдэг зарчмыг хотын захиргаа шийдэх ёстой. Үүнд татвараар заавал дарамт болох гээд байх шаардлагагүй байх. Харин ч хөдөө орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлж байгаа хүмүүст татварын дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй.  Энэ нь бараа бүтээгдэхүүнээ Улаанбаатар, гадаадад борлуулахад нь хямд үнэтэй, өрсөлдөх чадвартай байх боломжуудыг хангах учиртай. Энэ бол нийслэлээс хамгийн түрүүнд хийх ёстой ажлуудын нэг. Байх ёсгүй үйлдвэрүүдийг байх ёстойд нь шилжүүлэхэд үүнийг дагаад орон нутагт ажлын байр бий болно. Төвлөрөл тодорхой хэмжээгээр саарна.

ТӨВ АЙМАГ СУМ БҮРИЙНХЭЭ ДЭД БҮТЦИЙГ САЙЖРУУЛЖ ХАШААНДАА ХАЛУУН ХҮЙТЭН УС, ДУЛААН ХАНГАМЖААР ХАНГАГДАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛСЭН

-Аймгийн төвийн бүтээн байгуулалт, хөгжлийн тухай дээр ярьлаа. Сумдын хувьд бүтээн байгуулалт хэр хийгдэж байгаа вэ?

-Төв аймгийн хувьд сум бүрийн дэд бүтцийг сайжруулахад анхаарч байгаа. Үүнийг гэхдээ төсвийн хөрөнгөөр биш төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Бүрэн сумаар жишээ татъя. Бүрэн суманд 2012 оноос хойш цэвэр, бохир, дулааны асуудлыг бүрэн шийдсэн. Иргэдэд дэд бүтэцтэй ойр газруудад газар олгоё. Гэхдээ нэгдсэн зохион байгуулалттайгаар, хашаагаа нэгэн жигд үзэмжтэй, гоё хийх хэрэгтэй гэх мэтээр санаачлахад иргэд дэмжиж байна. Үүнийг дагаад газрын үнэ цэнэ өсөж, өөр түвшинд хүрч байна. Үнэгүйдээд байсан газрыг эдийн засгийн эргэлтэд, өв хөрөнгө болох суурийг тавьж өгсөн гэж болно. Цаашлаад Зуунмод хотод өрх болгонд зуслангийн газар өмчлөх эрхийг Иргэдийн хурлаар баталгаажуулаад өгсөн. Иргэдийн хурал иргэдэд л үйлчлэх ёстой учраас ийм шийдвэр гаргасан. Гэхдээ хоосон зэлүүд газар өмчлүүлж, өгч болохгүй. Эрчим хүч хамгийн түрүүнд очсон байх ёстой. Дараа нь усны асуудал шийдэгдсэн, уст цэгээ гаргасан байх ёстой. Гурав дахь зам харгуй хаагуур явах, ямар байх вэ гэдгийг зурагласан байх ёстой. Дөрөв дэх нь хашааны үзэмж нэгдсэн гоё байхыг шийдэж, тухайн хүн хүлээн зөвшөөрөхөөр зардал мөнгийг төлөвлөсөн байх ёстой. Ингэж байж иргэнд очиж байгаа хөрөнгө нь ч үнэтэй болно. Иргэн ч сэтгэл хангалуун үлдэнэ.

\

\

 Өнөөдрийн байдлаар төв аймгийн 14 сум дулааны нэгдсэн сүлжээнд хамрагджээ

 

-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг дагасан бизнес, ажлын байр гээд олон боломж тэнд төвлөрч эхэлж байна. Үүнд Төв аймгийнхны оролцоо хэр байна вэ?

-Хөшигийн хөндийн онгоцны буудалд тодорхой хэмжээгээр бодлогын түвшинд Төв аймгийн болон Зуунмод хотын иргэдээс ажилд хамруулах тухай саналыг бид байнга тавьж байна. Үр дүнд нь тодорхой тооны хүн ажлын байртай болсон. Гэхдээ цаашдаа яах вэ гэдэг дээр зөв тооцоолох хэрэгтэй. Нисэх онгоцны буудал орчимд цаашид гарах ажлын байранд тухайн бүс нутагт оршин суудаг иргэд ажиллаж байж давуу тал бий болно. Харамсалтай нь нисэх онгоцны буудлаас бусад газрыг Засгийн газар шийднэ, төсөл хэрэгжүүлнэ гээд хамгаалалтад авчихаар нийтийн эрх ашиг орхигдоод байгаа юм. Жишээ дурдахад, Засгийн газраас саяхан тусгай хэрэгцээний газар нутгийнхаа байршлыг өөрчилсөн. Тэр нь өмнө нь Сэргэлэн сумын засаг захиргаагаар хэлэлцэгдсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу олгогдсон газрууд Засгийн газар тусгай хэрэгцээний газар нутгаа солингуут давхцаад эхэлж байгаа юм. Үүний цаана газрын давхцал гарч, иргэд “Миний газрыг төр булаачихлаа” гэдэг асуудал гарч ирж байна. Иргэд ч эхнээсээ гомдол саналаа бариад ирж байна. Ингээд ирэхээр том төр маань ухаалаг биш болж, иргэдийнхээ өмч рүү халдаад эхэлж байгаа юм. Бидний хувьд иргэдийнхээ эрх ашгийн төлөө л ажиллах үүрэгтэй учраас нэгдсэн зохион байгуулалтаар шүүхэд хандахаар зэхэж байна.

ТАРИАЛАНГИЙН БҮС НУТАГТ БЭЛЧЭЭРИЙН ГЭХЭЭС ИЛҮҮ ФЕРМЕРИЙН АЖ АХУЙ ИЛҮҮ ТОХИРНО ГЭЖ ХАРЖ БАЙНА

-Газар тариалан эрхлэгчид болоод малчдын эрх ашгийг хамгаалах тал дээр ямар ажил хийж байгаа вэ. Бэлчээрийн даац хэтэрсэн тухай яриа бараг аймаг бүрийн асуудал болж байна?

-Манай Төв аймгийн үндсэн хоёр том үйлдвэрлэл нь газар тариалан, мал аж ахуй. Бодлогоос илүү амьдралд хэрэгжиж байгаа бодитой зөв шийдлийн тухай яръя. Жишээ нь, манай хэд хэдэн суманд малчдын бүлэг байгуулсан. Тэр бүлгүүд өөрсдөө хаваржаа, зуслан, намаржаа, өвөлжөөнийхөө газрыг хамтдаа төлөвлөөд сумынхаа ИТХ-аар батлуулж байна. Энэ нь шинээр ирж суурьшигчдаас өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалаад авчихаж байгаа юм. Цаашлаад малын бэлчээрийн хомсдол үүсэх, даац хэтрэх зэрэг асуудлуудыг хязгаарлаж чадаж байгаа сайн жишиг. Ер нь юмны эзэн өөрөө зөв санаа гаргадаг болохоос биш эрх мэдэл барьж байгаа хүн ихэвчлэн буруу санал гаргадаг. Эдгээр ажил хэрэгжиж чадсан сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нар нь малчин өрхүүдтэйгээ хэл амаа ололцох нь амар, үл ойлголцол бараг гардаггүй юм билээ. Харин ийм шийдэл хэрэгжүүлж чадаагүй сумдын иргэд Засаг дарга зэрэг удирдах албаныхныгаа байнга хардаастай байдаг юм билээ. Ололт, амжилттай туршлагуудаа аль болох бүгдэд нь хүргэж, суурьшуулах ёстой. Удирдлагуудын зүгээс хууль, эрх зүйн орчныг нь баталгаажуулаад өгчихөд л болж байгаа юм.

Газар тариалангийн тухайд сая батлагдсан Газар тариалангийн тухай хуульд малчин тариалан эрхлэгч хоёрын асуудлыг шийдэхийг хичээсэн. Гэхдээ зарим талаар буруу зүйл заалт байна уу даа гэх бодол төрж байгаа. Бидний харж байгаагаар газар тариалангийн бүс нутагт бэлчээрийн гэхээсээ илүү фермерийн аж ахуй түлхүү болсон. Үүнийг би зөв гэж үзэж байгаа.

 \

-Төв аймгийн хөгжлийг ойрын жилүүдэд ямар байхаар төлөвлөж байгаа вэ?

-2012 онд тавьж байсан бидний мөрийн хөтөлбөрт байгальд ээлтэй бүх төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжье гэж тусгасан. Нөгөө талаар хөгжлийн чадавхиар бусад аймгаас хол илүү тасаръя. Ингэснээр хүн ая тухтай амьдрах, ажиллах, орлоготой байх, хүний сонирхол татсан гол бүс больё гэж зорьсон. Үүнийхээ дагуу ч олон ажил хийсэн. Цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Бид уул уурхайг төдийлэн дээгүүр тавиагүй. Уг нь манай аймгийн нутагт ашигт малтмалын олборлолт, хайгуулын лиценз маш их бий. Зөвхөн Баян сумын нутагт 1000 гаруй хайгуулын болон ашиглалтын лиценз байна. Бид дахин нэг ширхэг ч хайгуул болон ашиглалтын лиценз гаргахгүй гэсэн шийдвэрийг аймгийн иргэдийн 20 төлөөлөгч,  Төв аймгийн удирдах зөвлөлийн 18 гишүүн дээр удирдлагууд бүхий нийт 41 хүн хуралдаад гаргасан. Үр дүнд нь хайгуул болон ашиглалтын маш олон лицензийг олгохгүй байж чадсан. Энэ бүхэн нийлж байж Төв аймгийн иргэн бүр аз жаргалтай, орлоготой байх бүх нөхцөл боломж бий болох болов уу гэсэн үндсэн чигт л зорьж явна. Бид хамтдаа олон зүйл санаачилж, хэрэгжүүллээ. Төлөвлөсөн ажил ч их байна. Нутгийн ард түмнийхээ итгэл, дэмжлэг, хамтран ажиллаж байгаа багийнхныхаа дэмээр аймгаа, сумдаа хөгжлийн түүчээ, хүн амьдрах хамгийн таатай газар болгохыг зорьж хичээж байна. 

                                                                             

                                                        olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button