Фэйсбүүк, твиттерт хяналт хэрэгтэй байна

Олон нийтийн цахим сүлжээ буюу фэйсбүүк, твиттер эдүгээ монголчуудын салшгүй нэг хэрэглээ, бүр бараг амьдрал нь шахуу болчихсон гэхэд хилсдэхгүй биз. Өнөөдөр фэйсбүүк, твиттер хуудасгүй хүн Монголд бараг алга. Бага балчир хүүхдүүдээс эхлээд хижээл насныхан хүртэл бүгд л үнэн худал нь мэдэгдэхгүй хаягтай, зарим нь бүр хэд хэдэн хаягтай байх нь энгийн үзэгдэл болж. Хүний өмнөөс фэйж хуудас нээж, түүгээрээ олны анхаарлын төвд орж байгаа нь ч бий. Ингээд л бүх үйл хөдлөлөө зургаар илэрхийлж, хаана юу хийж буйгаа ч тайлагнадаг болчихсон. Үзэл бодол, үг хэлэх эрх чөлөө энд бүрэн утгаараа бий. Тэгэхдээ хар, муухайгаар илэрхийлэх нь ихэсч, хэрүүлээ хийж, хэн нэгэнд дайх үгээч бичдэг болсон. Твиттерийн тухайд фэйсбүүкээс арай цөөн хэрэглэгчтэй. Тэр дундаа идэвхтэй ашиглаж, минут тутамд элдэв жиргээ оруулдаг хүн хэдэн мянгаар л тоологдох байх.

 

Гэхдээ л өнөөдөр фэйсбүүк, твиттерээр бусдыг “од” болгож ч болж байна. Байж суух газаргүй болгож, амьдрал ахуйг нь уудалж, авгай хүүхний хэрүүл хийж, газар дор ортол нь ч муулж болж байгаа.

 

Эсвэл ямар ч хамаагүй сэдэв сонгож аваад , элдвээр бичээд, бусадтай хуваалцаад, түтээгээд, шуугиан болгох жишээтэй. Хаа хамаагүй өнгөрсөн цагт болсон зүйлийг өлгөж аваад л муулах жишээтэй.

 

Ерөнхийдөө фэйсбүүк, твиттерийг мэдээллийн хэрэгсэл гэдэг талаас нь ашиглахаа больж, бусдыг муучлах, доромжлох, худлаа шуугиан дэгдээх, хуучин муусайн юмаа зарах зах болгож л хэрэглээд байгаа юм. Дээрээс нь фэйсбүүкт өсвөр насныхан, залуус бараг л донтож, гэмт хэргийн хохирогч хүртэл болж байгааг цагдаагаас анхааруулах төдий мэдээлж байгаа. Тийм болохоор олон нийтийн цахим сүлжээг “хазаарлаж”, хяналт тавих хэрэгтэй байгаа юм.

 

Учир нь өдөр тутмын хэрэглээ болчихоод байгаа фэйсбүүкийн сөрөг тал алхам тутамд мэдрэгдэх боллоо. Үүнээс гадна цахим орчинд үйлдэгдэж байгаа маш олон хэрэг бий. Цахим орчинд хамгийн их гарч байгаа хэргүүд гэвэл, гадаадаас Монгол Улс руу чиглэсэн цахим гэмт хэргүүд байгаа талаар албаны хүн ярьж байв. Тодруулбал, цахим шуудангийн луйвар, нигерийн залилангийн хэрэг гарч байгаа аж.

 

Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйл буюу доромжлох зүйл ангид “Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг

Түүнчлэн Монгол Улсын дотоодод гарч байгаа хэргүүдээс дурьдвал сүүлийн үед фэйсбүүк, твиттер, сошиал ертөнцөд хүнийг гүтгэх, доромжлох буюу Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйл ангийн хэргүүд их гарч байгаа аж. Дээр нь залилангийн хэрэг, компьютер мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг сүүлийн хоёр жилд нэлээд их гарч байгааг ч хэлсэн юм. Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйл буюу доромжлох зүйл ангид “Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг. Харин 111.1-д “Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээсэн байдаг.

 

Гэвч хуурамч хаягны цаанаас үйлдэж буй энэ гэмт хэргийг тэр болгон илрүүлээд байдаггүй. Тийм болохоор өнөөдүүл нь даварсаар даварсаар Дагвын орон гэгчээр бие биеийнхээ тухай үнэн, худал мэдэгдэхгүй элдэв мэдээлэл цацаад л суугаад байна. Одоо ч байдал тийм л байна. Тэр чигтээ хэрүүлийн, гүтгэлгийн шинж чанартай бараан мэдээллүүд хөвөрсөөр л. Угтаа бол “Хүн нэрээ, тогос өдөө” гэдэг. Тэгэхээр хүний нэр төрд халдана гэдэг бие махбодид нь халдсанаас ч илүүтэйгээр хүнд тусдаг гэдэг шүү дээ. Ер нь ч тэгээд цахим эрх чөлөө гэдэг чинь улс орны эрх ашгаас илүү гарах учиргүй шүү дээ. Тийм болохоор фэйсбүүк, твиттерт тавих хяналтаа чангаруулмаар л байна даа.

Монголын мэдээ

Э.Туул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button