АСЕМ-ын зочдыг хүлээж авахад зочид буудлууд бэлэн болжээ

АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудлуудын талаар болон "АСЕМ вилла" цогцолборын бүтээн байгуулалтын асуудлаар  ГХЯ-ны ТЗУГ-ын захирал, АСЕМ-ын хурлын байр, зочид буудал хариуцсан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Т.Тэгшжаргал, Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат, АСЕМ-ын хурлын байр, зочид буудал хариуцсан ажлын хэсгийн зөвлөх Н.Батцэнгэл, “АСЕМ Вилла” цогцолборын ерөнхий менежер Д.Алтанзул нар 6 дугаар сарын 2-нд мэдээлэл өглөө.

Дээд хэмжээний уулзалтын үеэр ирэх гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авах түнш зочид буудлаар 40 зочид буудал сонгогдсон бөгөөд эдгээр зочид буудлууд арилжааны банкуудаар дамжуулан 121 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлд хамрагдан мэргэжилтнүүдээ сургах, засвар дэд бүтэц, тохижилтоо сайжруулах зэргээр бэлтгэлээ хангаж байна.

Одоогоор төвийн 3 зочид буудал болох “Шангри-Ла” зочид буудалд 24 орны 280, “Блюү Скай”  зочид буудалд 7 орны 180, “Бэст Вестерн Туушин” зочид буудалд 16 орны 190 төлөөлөгч байрлахаар албан ёсоор захиалгаа өгчээ. Зочид буудлууд хөнгөлөлттэй зээлийн хүрээнд  өнгө төрх, тохижилтоо сайжруулах, зочлох үйлчилгээнийхээ чадварыг нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд бэлтгэл ажил амжилттай үргэлжилж, зочдыг хүлээн авахад ерөнхийдөө бэлэн болжээ.

Харин АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарыг “АСЕМ Вилла” цогцолборт байрлуулах бөгөөд одоогоор 40 орчим орноос хүсэлтээ ирүүлсэн байна. Цогцолборын барилгын ажил үндсэндээ дууссан бөгөөд 6 дугаар сарын 15 гэхэд АСЕМ-ын ажлын албанд хүлээлгэн өгөх аж.

Түнш зочид буудлуудад шаардлагатай зарим ажлын байруудад мэргэжилтэн бэлтгэх сургалт зохиогдож байгаа, одоогоор сургалтад хамрагдсан 800 хүнээс 560 гаруй нь ажлын байртай болсон байна.

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button