Энэ сарын 4-нд троллейбус үйлчилгээнд гарахгүй
Энэ сарын 4-нд “Автомашингүй өдөр” болох гэж буйтай холбогдуулан өчигдөр Үндэсний мэдээллийн төвд албаны хүмүүс хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр ЗЦГ-ын УСХ-ийн дарга, хурандаа Э.Бөхбатаас Автомашмнгүй өдөртэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
-“Автомашингүй өдөр” энэ бямба гарагт тохионо. Энэ өдөр Замын цагдаагийн газрынхан ямар зохион байгуулалттай ажиллах вэ?
-Монгол Улсын Засгийн газрын Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдөр “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн олон улсын гүйлт зургаадугаар сарын 2-ны өдөр тохионо. Автомашингүй өдөр болон марафонтой холбогдуулан ЗДГ-аас 330 гаруй цагдаа уртасгасан цагаар гарч ажиллана.
-Энэ үеэр зам хэсэгчлэн хаана гэсэн. Хэдэн чиглэлд зам хааж байгаа вэ. Иргэд хотын аль хэсгээр авто замын хөдөлгөөнд оролцох боломжгой вэ?
-“Автомашингүй өдөр”-өөр олон улсын марафон гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбогдуулан автозамыг хэсэгчлэн хаана. Нийт найман чиглэлд зам хааж байгаа. Тодруулбал, Чингис хааны талбай, Их тойруугаас дотогш зам, Сөүлийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Залуучуудын гудамж, Энхтайвны өргөн чөлөө буюу зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл, Чагдаржавын гудамж, Олимпийн гудамжнаас дотогш замуудыг хаахаар болсон. Өглөө 08:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг хаана.
-Авто зам хэсэгчлэн хаахтай холбогдуулан нийтийн үйлчилгээний чиглэлд өөрчлөлт орсон байх. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-“Улаанбаатар марафон-2016” Олон улсын гүйлтийн тэмцээний үеэр зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайвны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 31 чиглэлийн 311 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орсон. Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилэхээр болсон. Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 “Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд явахгүй болохыг иргэддээ анхааруулья.
-“Авто машингүй өдөр” гурав дахь жилдээ болж байгаа. Уг өдрийг тэмдэглэх нь ямар ач холбогдолтой вэ. Энэ жил ямар онцлогтой болж байна вэ?
-Эрүүл мэнд, спортын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ГССҮТ, НЭМГ манайхтай хамтран зохион байгуулж байгаа. “Автомашингүй өдөр” нь автозамын ачааллыг үе шаттайгаар бууруулах, улмаар хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой. Тиймээс автомашин хэрэглээнээс татгалзаж, нийтийн тээвэр, унадаг дугуй, явган зорчилт зэрэг автомашинаас бусад ачаалал багатай тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, мөн замын хөдөлгөөний аюулгүй байдал, нийгэмд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа явуулах зэргээр жил бүр тэмдэглэн явуулдаг.
Энэ жилийн хувьд “Зөвхөн өнөөдөр биш… Өдөр бүр” гэсэн уриан дор тэмдэглэж байгаа. Учир нь хүмүүс зөвхөн энэ өдөр л автомашин хэрэглэдэггүй. Маргаашаас нь эхлээд л машинаа унадаг. Энэ хандлагыг өөрчилж, өдөр тутам авто машинаас татгалзаж, байгаль дэлхийгээ хайрлая гэсэн санааг хүмүүст өгөхийг зорьж байна.
Манай улсын хэмжээнд нийт 800 гаруй мянган тээврийн хэрэгсэл бий. Үүнээс 200 гаруй мянга нь 20 жилээс дээш наслалттай машинууд байдаг. 300 мянга нь 10 жилээс дээш наслалттай тээврийн хэрэгсэл. Энэ 10-20 жилийн наслалттай авто машин гэдэг аль хэдийн хэрэглээнээс гарсан гэсэн үг. Бид ийм л аюултай унааг унадаг. Одоо ГССҮТ-д ирж байгаа дуудлагын 14 хувь нь авто машины осол байдаг. Ихэнх хувийг 20-30 насны залуучууд эзэлдэг. Тэгэхээр авто машинаас татгалзах нь өөрийгөө болзошгүй аюулаас хамгаална. Мөн агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой.
Монголын мэдээ
Н.Заяа