“Нүүдэлчдийн наадам”-аар үндэсний өв соёлоо танилцуулна

АСЕМ-ын Үйлчилгээ соёл урлаг, хоол хүнс ба түүний аюулгүй байдал хариуцсан ажлын хэсгийн 16 дугаар хуралдаан 6 дугаар сарын 2-нд НЗДТГ-ын хурлын танхимд болж, “Нүүдэлчдийн наадам” арга хэмжээг зохион байгуулах төсөв, “Улаанбаатар Смарт Карт” ХХК- наас ирүүлсэн санал зэргийг хэлэлцлээ. 

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үеэр ирэх гадаадын зочид төлөөлөгчдөд монгол зан заншил ахуй, урлаг соёлыг сурталчлах “Нүүдэлчдийн наадам”-ыг 7 дугаар сарын 15-нд “Чингисийн хүрээ” цогцолборт  зохион байгуулах бөгөөд энэ үеэр ардын болон язгуур урлагийн тоглолтууд,  эрийн гурван наадам, монгол зан заншил ахуйг харуулсан бусад арга хэмжээийг зохион байгуулахаар бэлтгэж байна.

Наадмын зочдод зориулан гэр хэлбэртэй тайз засахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар тайз болон бусад чимэглэлд шаардлагатай төсвийг хэлэлцэж, Үндэсний зөвлөлийн хурлаар батлуулахаар тогтлоо.

Мөн Монгол Улсын нүүр царайг илтгэх Хүндэт харуулын хувцсыг шинэчлэх, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тоглолтод үндэсний хэв шинж бүхий хэсэг  оруулах,  үүнд шаардагдах хувцас хэрэглэлийн төсвийг хэлэлцэж шийдвэрлэлээ.

“Улаанбаатар Смарт Карт” компани АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад зориулан иргэдийн нийтийн тээвэрт ашиглаж байгаа “U money” картыг АСЕМ-н албан ёсны лого, АСЕМ-ын 20 жилийн ойн логотой гаргах саналаа ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа. Шинээр гаргах карт нь АСЕМ-ын 20 жилийн ойн шуудангийн маркийн эх загвартай ижилхэн байхаар төлөвлөж байгаа бөгөөд 2000-5000 ширхэгийг хэвлэх саналтай байгаа аж.  

 

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button