Сонгуулийн хууль дэндүү чангаджээ

УИХ-ын болоод Орон нутгийн сонгууль эхлэхэд 24 хоног үлджээ. Өмнө нь бүх шатны сонгуулиуд тус тусдаа УИХ-ын сонгуулийн тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль гэх мэт хуультай, түүгээрээ зохицуулагддаг байлаа. Харин энэ удаад үүнийг өөрчилж бүх шатны сонгуулийг нэг хуулиар зохицуулж байхаар болов. Нөгөөтэйгүүр хуулийн шинэ орчин нь дэндүү хатуу болсон талаар нэр дэвшигчид дээр дооргүй л шүүмжилж байна. Аягүй л бол сонгууль болоод өнгөрсний дараа нэр дэвшигчдийн ихэнх нь хууль зөрчсөн гэдэг асуудлаар шүүхийн хаалга татаж балрах вий. Хуульд заасанчлан УИХ-ын Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11-ээс эхлэх ёстой. Учир иймээс нэр дэвшигчид сурталчилгаа эхлэх албан ёсны өдрийг хүлээн дэмий хэвтэцгээж байгаа байх.

 

Үнэндээ ч тойрог нь жижиг юм даа. Том газар нутагтай тойрогт нэр дэвшсэн хүмүүсийн тухайд нэг сумаас нөгөө рүү нь давхисаар бүтэн өдрийг барж орхих гэмтэй. Зам зуур таарах ганц нэг айлаар үлдэх аваас баларна. Орохгүй гээд ч яалтай билээ. Цаг нь тулбал нэг хүний санал ч нэгдэхгүй.

 

Намын томилолтоор нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн тухайд эхлээд өгүүлье. Сурталчилгааны 18  хоног цаг хугацааны хувьд шинэковуудад дэндүү хатуу тусч буй. Нэрийг нь дуулснаас цаашгүй, эсвэл явдлын далимаар буугаад мордсон аймаг, суманд нэр дэвшинэ гэдэг чухамдаа аянганд ниргүүлснээс ялгаагүй сонсогдсон байж таарна. Тэгээд ч монголчууд нутагнугаа гэдэг хачин зантай. Таньж мэдэхгүй Ардчилсан намын Доржид саналаа өгч байснаас эцэг өвгөдийг нь мэдэх юм МАХН-ын Пунцаг эсвэл бие даагч Бат нь дээр гээд л нэрийг нь дугуйлж орхино.

 

Энэ мэтээс болоод улс төрийн намууд суудлаа алдах магаддалтай. За, энэ ч яахав нэр дэвшигчийн сүйхээ мэдэх асуудал. Нэр дэвшигчийг зовоож буй өөр нэг зүйл бол санхүүжилт. Сонгуулийн дараа санхүүжилтээ хаанаас босгосон, АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө оруулгын мэдүүлгээс чинь харвал танаас ийм хэмжээний санхүүжилт гарах үндэслэл алга гээд шалгаж гарна. Бас хандив өгсөн найз, нөхдийг нь ч хамруулна. Тиймээс санхүүжилт дээр тус дэм болж, хандив өгөх хүн тэр бүр гарахгүй байгаа сурагтай. Олон улсын болоод шашин, төрийн байгууллагаас хандив тусламж авахыг хуулиар хоригложээ. Татварт өртэй аж ахуй нэгжийн тухайд ч хориотой зүйл. Хаанаас санхүүжилт авч болохгүй талаар Сонгуулийн тухай хуулийн 53.1-д тодорхой заасан байна билээ. Үүнийг олоод үзчихэд гэмгүй байх.

 

Түүнчлэн нэр дэвшигчид 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш бүх шатны сонгуулийн сурталчилгаанд интернэт орчныг идэвхтэй ашиглаж ирсэн. Жишээ нь, МАН 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдсаныхаа дараа интернэт орчинд сайн ажиллаагүй нь ялагдах нэг шалтгаан болсон гэж дүгнэсэн байдаг. Гэтэл 2016 оны сонгуулиас эхлээд интернэт орчинд сурталчилгаа хийх үйл ажиллагаа хуулиар зохицуулагдаж, сонгуулийн сурталчилгааны үеэр сонин, телевиз, радиотой мөр зэрэгцэх болсон ч зарим талаар амыг нь барьж орхижээ. Тухайлбал, нэр дэвшигч нам, эвсэл буюу тэдгээрийн сонгуулийн штаб сонгуулийн сурталчилгаанд зориулж зөвхөн өөрийн нэр дээр нээсэн цахим хуудсаа л ашиглаж болохоос олон нийтийн сүлжээний цахим хуудас хориотой юм байна.

 

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрэн сурвалжлах сэтгүүлзүйн үндэслэлээр нэр дэвшигчийн ухуулга сурталчилгаа ямар төвшинд яваа, нэр дэвшигчийн рейтингийг тогтоох, сонгогчийн сэтгэлзүйд нөлөөлөхүйц мэдээлэл цацах, сонгууль дуусмагц сонгуулийн дүнг ямар нэг байдлаар урьдчилан мэдээлэх эрхгүй болжээ. Хэрэв хуулийн 84.4, 84.5-д заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, аливаа этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно. Мөн 84.7-д “Энэ хуулийн 84.4-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан аливаа этгээдийг олж тогтоох боломжгүй бол Харилцаа холбооны зохицуулах хороо тухайн цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн санал хураалтын хугацаа дуустал хязгаарлана” хэмээн заажээ. Энэ бүхнээс харахад, сонгуулийн хууль халтай чиг, хаалттай чиг болсон гэлтэй. Бүх зүйл нь болохгүй, нэр татах эсвэл торгууль, шоронд явах л зүйл заалтттай ажээ.

Монголын мэдээ

Ч.Норжин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button