Засгийн газрын ээлжит хуралдааны товч мэдээ

Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн төслийг дэмжлээ

Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд зөвшөөрлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2014 онд зохион байгуулагдсан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын анхны уулзалтаар гурван тал худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм. 2015 онд төрийн тэргүүн нарын хоёрдахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар Монголын “Талын зам” төсөл, БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлага болон ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”-той уялдуулан гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулахаар тохиролцсоны дагуу хөтөлбөрийн төслийг боловсруулжээ. Төсөлд гурван тал хамтран хэрэгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалт буюу авто болон төмөр замын коридорууд, дамжин өнгөрөх тээвэр, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хилийн хянан шалгалтыг хөнгөвчлөх, эрчим хүч, аялал жуулчлал, байгаль орчин, гаалийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, боловсрол, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэг, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр 32 төсөл тусгасан байна. Талууд энэ сарын 23-нд Ташкент хотноо хөтөлбөрт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болголоо.

Улс орны хөгжлийн чиг баримжаа, эдийн засгийн салбаруудын өсөлтийн хандлага, техник, технологийн дэвшил, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцэхүйц мэдлэг, ур чадвар, төлөвшилтэй мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажилтны мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх зорилт тавигдаж байна. Нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх,  мэргэжлийн түвшний үндэсний тогтолцоог төлөвшүүлэх, чанарын баталгаажуулалт, байгууллагын менежмент засаглалыг сайжруулах зорилгоор мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийг боловсруулжээ.

Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын зохистой түншлэл өргөжиж ажил олгогчийн захиалгат сургалт, элсэлт нэмэгдэж, мэргэжлийн болон техникийн боловсролын нийгэмд эзлэх байр суурь дээшилнэ. Мэргэжлийн түвшний үндэсний тогтолцоог төлөвшүүлснээр мэргэжилтэй ажилтны ур чадварыг бодитой үнэлэх, мэргэжлээрээ өсч дэвших, ур чадвартай уялдсан цалин хөлс авах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Үндэсний хөтөлбөрийг 2016-2021 онд хэрэгжүүлнэ.

 Товч мэдээ:

–   Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн төгсгөлийн шатны хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

–  ”Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай” Засгийн газрын 2007 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button