Ш.Анхмаа: Алт, зэс шавхагдана, харин үйлдвэрлэл үлдэнэ
МАН-аас НИТХ-ын сонгуулийн зургадугаар тойрогт нэр дэвшигч Ш.Анхмаатай ярилцлаа. Хүний эрхийн “Эмнести интернэйшнл” байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн, “Future" группийн захирал, “Анхдизайн” ХХК-ийг үүсгэн байгуулагч, “Нийслэлийн шилдэг эмэгтэй”-гээр тодорсон Шижирбаатарын Анхмаа. Манай уншигчид түүнийг “Анх дизайн” ХХК-ийг үүсгэн байгуулагч гэдгээр нь, тус компанийн гайхалтай шийдэл бүхий бүтээгдэхүүнүүдээр нь эчнээ таних болсон билээ.
-Ш.Анхмаа гэдэг бүсгүйг “Анх дизайн” гэх брэнд нэр дагалддаг. Үндэсний хэв маягийг шингээсэн тансаг бүтээгдэхүүнүүдийн санаа анх хэрхэн төрснөөс хоёулаа ярилцлагаа эхлүүлье?
-Ажлын шаардлагаар улс орноо төлөөлөн олон улсын хурал, чуулганд явах тохиолдол их гардаг. Би тэр бүрийд зөвхөн монгол дээлээ өмсдөг. Энэ маань гадаадад Монголоороо гоёх, гайхуулах, таниулах гэсэн хувь хүний эрмэлзэл л дээ. Монгол үндэсний дээл урлал өөрөө их тансаг шүү дээ. Гаднынхны нүдэнд дээлийг хийсэн торго нь биш, сампин, шилбэ, тасам зэрэг нарийн элементүүд илүү сонин содон тусдаг юм билээ. Тэд ердийн товчийг сампин зангидаж шийдсэнийх нь төлөө урласан хүний ухааныг нь шагшдаг. Бидний өвөг дээдэс тийм нандин хэрэглээтэй ихэмсэг бардам ард түмэн шүү дээ. Тиймээс яагаад товч, шилбийг дэрний уут, хөшиг, орны бүтээлэг, ширээний бүтээлэг гээд гэр ахуйдаа, өдөр тутмын амьдралдаа шингээж болохгүй гэж. Бүхий л оёмол хэрэглэлийн шинэ загварыг бий болгоё, анхны компани нь байя, тэгээд бүр Монголын гэсэн брэнд бий болгоё гэсэн санаагаар компаниа “Анх дизайн” гэж нэрлэсэн.Үндэсний хээ, угалз, шийдлийг орчин үеийн орон сууцны айл, модерн хэв маягт хэрхэн шингээх вэ гэдэгт анхаарал хандуулснаар “Анх дизайн”-ы ажил анх эхэлж байлаа. Бас миний нэр Анхмаа. Эцэг, эхийн минь хайрласан нэртэй уялдсан, миний хүсэл сонирхол, зорилго тэмүүлэл шингэсэн ийм л компани.
-Танай бүтээгдэхүүнүүдийг, ялангуяа дэрнүүдийг харахад бодит бус юм шиг, хэтэрхий гоёмсог болоод ч тэр үү үзэсгэлэнд тавигдсан уран зураг шиг сэтгэгдэл төрүүлэх юм билээ?
-Зүү ороох, хонин холбоо, тасам барих оёдол, товч шилбэ зангидах, хатгамал, нэхмэл гээд бидэнд өвлөгдөж ирсэн гайхалтай баян өв байна. “Анх дизайн’’-ы бүтээлүүд Монголдоо анхдагч. Нэг удаа манай дэлгүүрт орж ирсэн гэр бүлийн хоёрын нөхөр нь зүү ороосон чимэгтэй дэр харчихаад "Хайран юм” гэж дуу алдсан. Тэр ахын сэтгэлийг ойлгож байна уу? Үнэхээр хайран байхгүй юу. Яагаад гэвэл ганц даалинг зүү ороож гоёхын тулд нэг сайн оёдолчин долоо хоног хөдөлмөрлөж байж гараасаа гаргадаг эд шүү дээ. Гэхдээ энэ бол өвөг дээдсээс үлдээсэн бидний соёл, орчин цагийн монголчуудыг дэлхийн бусад үндэстнүүдээс ялгах эрхэмсэг оршихуйн онцлог нь юм. Бид л өөрсдөө урлаж, бас эдэлж хэрэглэж, уламжилж, үр хойчдоо өвлүүлэх ёстой. Тиймээс зөвхөн цагаан сараар ил гаргадаг даалин төдийгүй, дэр, хөшиг, ханын чимэглэлд ч зүү ороох шийдэл, товч шилбэ ашиглаж, нэг үгээр эвдлээ, бас эдүгээчиллээ.
-Танай дэрнүүд олны таашаалыг хүлээж байгаад өөр ямар нэг учир шалтгаан бий болов уу?
-Манай дэрнүүд нэлээд алдартай болж байгаагийн учир гэвэл монголчууд эртнээс жинтүү хэрэглэх, ялангуяа орон гэрээ дэр, жинтүүгээр гоёх уламжлалт соёлтой байсантай маань холбоотой болов уу. Дэр хэзээнээсээ л монгол айл гэрийн декорацын нэгээхэн хэсэг байлаа шүү дээ. Бидний багад ээжүүд маань дэр, хөнжлийн уутан дээрээ хатгамал оёдог байсан нь санаанд тод үлджээ. Дэрний соёл хөгжлийнхөө явцад өөрчлөгдсөөр яваа. Жишээ нь, социализмын үед цэцэг навч, хүүхэд, бүсгүй хүн, бүр сансрын хөлөг гэхчилэн бодит зүйлийг хатгаж ор дэрээ чимэглэдэг байсан. Тэгвэл одоо илүү эртний хээ, угалз хүмүүсийн сонирхлыг татах болж.
-Та яаж бизнесээ богино хугацаанд амжилттай хөгжүүлэв?
-Яг миний төлөвлөсөн амжилт ирээдүйд уггаж байгаа гэж боддог шүү. Гэхдээ ингэж асуусанд баярлалаа. “Анх дизайн”-ы өнөөдрийн амжилтыг би гурван зүйлтэй холбоно. Нэгдүгээрт, гар урлал бол намайг хүүхэд байх үед эхэлж, өнөөдөр миний салшгүй хэсэг болоод байгаа хобби. Хоёрдугаарт, гap урлал бол монгол брэндийг дэлхийд таниулах томоохон төлөвлөгөөний минь үндэс юм. Гуравдугаарт, Швейцарийн хөгжлийн агентлагт хөтөлбөрийн удирдагчаар ажиллахдаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх, тулгарсан бэрхшээлүүдийг даван туулахад нь туслах гэж хичээсний дүнд хэдэн зуун бизнес эрхлэгчийн ажлыг урагшлуулсан байна. Эргээд бодоход тэр хугацаанд би эдгээр хүмүүсийн бизнесээ эхлүүлсэн урам, хөдөлмөртэй хамт байж, хамгийн хүнд хэцүү үед нь босох зориг нь ч болж, өөрөө ч маш их туршлагажсан юм билзэ. Ингээд нэгэнт алсын хараа, хобби, туршлага гурваа нэгтгэчихсэн учраас миний бизнес богино хугацаанд харьцангуй амжилттай явж байгаа хэрэг.
-Таны уугуул нутаг ус хаана вэ, Баянгол дүүрэгтэй ажил амьдрал тань хэдийнээс холбогдсон юм бэ?
-Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 1975 онд төрсөн. Миний аав, ээж сумандаа багшилж байгаад мэргэжлээ дээшлүүлэхээр намайг нэгдүгээр анги төгссөний дараа Улаанбаатар хотод нүүж ирэхдээ л тухайн цагийн нэршлээрээ Октябрийн район, одоогийн Баянгол дүүрэгт суурьшсан юм билээ. Би 1992 онд хорооллын 13 дугаар дунд сургуулийг төгссөн. Яг 33 жил Баянгол дүүрэгтээ амьдарч, сурч, ажиллаж, бизнес эрхэлж явна. Тус дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт манай компани байрлаж үйл ажиллагаа явуулж байна. Би МАН-ын Баянгол дүүргийн дөрөвдүгээр үүрийн даргын сонгуульт ажил хийдэг. Яг 33 жил энэ дүүрэгтэй ажил, амьдралаа холбоод явж байна даа.
-Та яагаад улс төрд орох болов. Улс төрийн сонголтоо хэдийнээс хийсэн юм бэ?
-Би гурван дүүтэй, айлын ууган охин. Өвөө, эмээдээ долоон хүүгийн араас ирсэн анхны ач охин. Миний удирдлагад байдаг, миний үгэнд ордог гурван Төрсөн дүү, гуч дөчин үеэл минь байна. Тэгэхээр нуруутай, зангарагтай өсөх амин чухал шаардлага надад дөнгөж төрсөн цагаас эхлэн заяажээ гэж би ойлгодог. Би өөрөөсөө асууж үзсэн л дээ. “Би яагаад заавал хүмүүнлэгийн байгууллагад ажиллаад хажуугаар нь нийгэм, олон нийтэд нөлөөлдөг ажлуудыг хийгээд явдаг юм бол оо” гэж. Надад энэ ажлууд маань мөнгө, эрх мэдэл авчирдаггүй юм шүү дээ. Хүнд үйлчилдэг, олон хүнд тустай явах нь миний зан араншин юм билээ. Яагаад надад ийм зан байдаг юм бэ гээд бодтол би ууган охин, айлын анхны ач охин гэдгээрээ маш том үүрэг хариуцлага үүрч төрсөн юм байна. Миний дүү, үеэлүүд бүгд надаас үлгэр авч, даган дуурайна гэдгийг ухамсарласан болохоор, тэдний төлөө гэх үүрэг хариуцлагыг өөр дээрээ авсан юм байна гэдгээ ойлгосон. Энэ чанар миний ажил, амьдралд тэр чигээрээ буусан. Сургуульд орсон ч анги хамт олныхоо төлөө гэсэн идэвхтэй, ажил дээр гарсан ч олон нийтийн байгууллагад элсчихнэ. Хүний эрхийн байгууллагад очоод гишүүнчлэлд нь орчихно. Нийгмийн идэвхтэй болоод төлөвшчихсөн минь л улс төрийн сонголт хийхэд нөлөөлсөн. Би Монголын “Эмнести интернэйшнл” хүний эрхийн байгууллагад Удирдах зөвлөлийн гишүүнээр нь арав гаруй жил ажиллаж, удирдаж манлайлаад явж байна. 2001 онд МАН-д элссэн. Миний итгэл үнэмшил МАН-ын үзэл баримтлалтай ойр учраас дэмжсэн. Намын анхны сонгуульт ажлын гараагаа Хан-Уул дүүргийн НАМЗХ-ны тэргүүлэгчээр эхлүүлж байлаа. МАН-ын үзэл баримтлал бол олсноо хуваалцъя, жигд тэгш амьдарч, хамтдаа хөгжье гэсэн зарчимтай. Олон хүний өмнө үүрэг хүлээгээд ирэхээр хувь хүн би өөрөө болж байвал түүнийгээ бусадтайгаа хуваалцана гэсэн зарчимтай болчихдог.
-Та хүний эрхийн төлөө тэмцэгчийн хувьд Монголд нөхцөл байдал ямар байгаа талаар өөрийн байр сууриа илэрхийлэх байх?
-“Эмнэсти интернэйшнл” бол даян дэлхийн хүний эрхийн төлөө байгууллага. Энэ байгууллагад анх хүний эрхийн төлөөх үйлсийг Монголд дэлгэрүүлнэ гэсэн чиглэлээр нэгдэн орж байлаа. Эмэгтэйчүүдийн бүлгийн ахлагчаар ажиллаж, эмэгтэйчүүдийн хегжлийн зөрчил, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох кампанит ажпыг зохион байгуулж, хүчирхийлэл үйлдэгчдийн зан үйлд нөлөөлөх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гар бие оролцож байлаа. Монгол Улсад хүний эрхийн зөрчлүүд байгаагаас хамгийн энгийн хэрнээ хамгийн эмзэг нэг л жишээг татмаар байна. Нийслэл Улаанбаатар хотод бид өвөл, зунгүй л амьсгалахын тоогоороо эрхээ зөрчүүлж байна. Агаар, хөрс, ус үнэхээр гамшгийн түвшинд хүрчихлээ. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Агаар, хөрс усны бохирдлыг байгаль экологийн асуудал гэж салгаж ойлгож болохгүй. Энэ чинь хүний эрүүл амьдрах эрхийн эсрэг аймшигтай зөрчил юм. Үүнээс гадна ядуурал, ажилгүйдэл, ажлын байрны асуудал ч байсаар байна.
-Та хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл гэрээсээ гарах боломжгүй, гэртээ хүүхдээ хараад суудаг ээжүүдийг ажлын байраар хангадаг юм билээ. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр их идэвхтэй ажилладаг гэсэн. Энэ талаараа та сонирхуулахгүй юу?
-Би гурван хүүхэдтэй эх хүн. Хүүхдээ төрүүлчихээд гэртээ сууж байхдаа мөнгөгүй байхын зовлонг хангалттай үзсэн. Үнэндээ үүнийг зовлон гэх эсэхээ мэдэхгүй байна. Эхчүүд бид хэрхэн давж гарахаас л шалтгаалах тул сорилт гэх нь оновчтой ч байж мэднэ. Миний хувьд тухайн үед үнэхээр тарчиг байснаа мартдаггүй ээ. Ийм нэг эмзэг, тарчиг үе эмэгтэй хүний амьдралд тохиолддог шүү дээ. “Анх дизайн” гар урлалыг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг нь гэртээ байдаг эмэгтэйчүүдийг орлоготой болгох давуу тал юм. Гар урлалыг хөгжүүлэхэд ямар нэг тоног төхөөрөмж хэрэг болж, ажлын найман цагт яг таг суух шаардлагагүй. Тиймээс гэртээ суудаг эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшдөө асардаг эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй болохоор гэрээсээ гарч чаддаггүй эмэгтэйчүүд, хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь зөөгөөд ажил хийж амждагтүй өрх толгойлсон эхчүүдэд боломж олгоё гээд оёж шидэх, нэхэх, хатгах ажлыг гэрээр нь олгож мөнгө олох гарцыг нь нээж өгдөг.
-Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд 50 мянга гаруй аж ахуйн нэгж үүдээ барьчихлаа. Та үүнд бизнэс эрхлэгчийн хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Манай улс нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувийг импортоор оруулж ирж байна. Уул уурхай, ашигт малтмал бол Монголын өнөөдөр. Өнөөдөртөө л болно. Үүний нөөц нь тодорхой хэмжээтэй, шавхагдаад дуусчих зүйл. Монгол Улс маань цаашид үр хойчдоо юу үлдээх гээд байгаа юм, яаж хөгжүүлэх гээд байгаа юм. Хөгжлийн хамгийн зөв гаргалгаа бол жижиг, дунд үйлдвэрлэл. Монголын арьс шир, ноос ноолуураар үйлдвэрлэл хөгжиж байна. Мөн өв соёлын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх боломж ч хангалттай байна. Тийм учраас би “Өв соёлын бүтээгдэхүүнийг Монгол Улсад хөгжүүлэх нь" сэдвээр докторын зэргийн судалгааны ажлаа хийж байгаа л даа. Үүн дээр суурилаад лаборатори болгоод “Анх дизайн” гэсэн өв соёлын бүтээгдэхүүнд тулгуурласан rap урлалыг хөгжүүлээд явж байна. Үүнийгээ цаашид дэлгэрүүлж, гадны улс орнуудыг зах зээлээ болгох зорилготой. Монголд өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил анхан шатан дээрээ явж байгаа.Өндөр хөгжчихсөн орнуудын үйлдвэрлэлийн салбарын түүхийг нь анзаарахад тэд анх манай өнөөдрийн жижиг дунд үйлдвэрлэгчдийн туулж байгаа шатыг дамжсан байдаг юм билээ. Тэр “GUCCI”, “LV” бүгд манайхны энэ шатнаас л эхэлж байсан. Гэрээрээ, өрхийн үйлдвэрлэлээр ээж охин хоёр, аав хүү, ах дүүс нийлээд үйлдвэрлэлээ эхлүүлсэн нь яван явсаар үндэсний хэмжээний брэнд болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Аливаа юм багаас эхэлдэг. Урт хугацааны туршид тууштай, хэмнэлттэй, хөдөлмөрч хичээнгүй байсны үр дүнд жижиг, дунд үйлдвэрлэл боодог. Мэдээж төр засгийн дэмжлэг хэрэгтэй. Өнөөгийн нийгэмд жижиг, дунд үйлдвэрлэлд төрийн дэмжлэг хэрэгтэй байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүст тулгардаг гурван том асуудал байдаг л даа. Нэгдүгээрт, санхүү. Хоёрдугаарт, борлуулалт. Гуравдугаарт, ажиллах хүчин. Би өөрөө үйлдвэрлэл эрхлэхийн зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрийн зөвлөхөөр ажилладаг. Тийм болохоор залуучуудад ээлтэй санхүүгийн нөхцөл бүрдээсэй гэж боддог. Залууст барьцаа болгоод өгчихдөг үл хөдлөх хөрөнгө байхгүй учраас зээл аваад бизнес эрхэлнэ гэдэг хэцүү. Залуу хүнд залуу насны эрч хүч, сэтгэлгээ, хурд нь байдаг. Тиймээс залуус руу хандсан зээлийн уян хатан бодлого гаргаж ирвэл жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бас нэг том боломж гэж харж байгаа. Манай үйлдвэрлэгчдэд онол болоод бизнесийн удирдлага, менежментийн талаарх мэдлэг хэрэгтэй байгаа нь харагддаг. Энэ мэдлэгийг бизнес эрхлэгчдэд төрөөс үнэ төлбөргүй олгох хэрэгтэй.
Баянгол дүүргээс Нийслэлийн ИТХ-д нэр дэвшигч Ш.Анхмаагийн сонгуулийн штаб