Айл бүхний гал голомт ашид бадран гийх болтугай
Ногооны үнэр ханхалж
Нанчид нэрсэн айлаас охийн ааг сэнгэнэж
Жижигхэн жаахан болжмор босон суун жиргэж
Зунтай жилийн минь өдөр иймэрхүү л байдагсан хэмээн Яруу найрагч М.Билэгсайхан шүлэглэсэн байдаг.
Найрагчийн яруу үгсийн хэлхээс шиг өнөө жил нар хур тэгширсэн сайхан зун болж байна.
Монголчууд бид түүхэндээ долоо дахь удаагийн парламентаа сонголоо. Сонгууль элдэв будлиангүй өндөрлөж, шинэ засаг, шинэ парламентийн гишүүдтэйгээр Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр ойн баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Өндөр дээдсийн үеэс уламжлагдан ирсэн, их түүхт, эрх чөлөөт Монгол түмний билэгшээл, бахархлын дээд улс үндэсний их баяр наадам эхэллээ
Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр, өргөн их нутаг минь гэрэлтэн сайхан наадаарай
Агуу их өв соёл, зан заншлаа дээдлэн
Амжилт бүтээл, ашдын ерөөл дүүрэн
Сайхан наадаарай!