АСЕМ-ын бизнесийн уулзалт болж байна

Ази-Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт өчигдөр Төрийн ордоны их танхимд нээлтээ хийлээ.Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ АСЕМ-ын 20 жилийн ойн босгон дээр гадаадын болон дотоодын томоохон хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн манлайлагч нартай уулзаж байгаагаа баяртай байгаагаа илэрхийлээд дээд хэмжээний уулзалтын хүрээнд 9 дагалдах уулзалтыг Монгол Улс зохион байгуулаад байгаагаа мэдэгдэв.

 

Тэрбээр цааш хэлэхдээ, "Өнөөдрийн энэхүү уулзалтад 43 орны 700 гаруй зочид төлөөлөгчид санал бодлоо солилцохоор ирээд байна. Манай улс хоёр том улсын дунд оршдог, тэр хэрээрээ худалдаа наймаа дамжин өнгөрөх таатай бололцоог бүрдүүлдэг. Тиймээс манай улс бизнесийг дэмжсэн таатай нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана" гэлээ.

 

Чуулга уулзалтаар “Оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх”, “Ази-Европын хамтын ажиллагаа”, “Жижиг, дунд бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгтгэх”, “Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Чуулга уулзалтын зохион байгуулалтын ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ажиллаж байна.

 

Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү “Хүнд болон хөнгөн үйлдвэрүүд дэлхийд гарахад ямар асуудал байна вэ. Төр засаг ямар байдлаар дэмжих вэ гэдгийг олон улсын туршлагатай байгууллагуудтай хамтран хэлэлцэнэ гэдэг нь том боломж. Мөн олон улсын бизнесийнхний зөвлөгөөг нэг дор сонсох боломж ирнэ. Уулзъя гээд ч очих боломжгүй, аварга хөрөнгө оруулагчид нэг дор цугларна. Ийм үед Монголын бизнес эрхлэгчид өөрсдийнхөө бизнесийг таниулж, хөрөнгө оруулалт татах таатай боломж гэж харж байна” хэмээн тодотгосон юм.

 

Үүнээс гадна олон улсын хөрөнгө оруулагчид Монголд ирсэн энэ үед л бизнесийнхэн бараа бүтээгдэхүүнээ үнэгүй сурталчлах боломж олдож буйг ч тодотгож байв.

 

Чуулган дөрвөн хэсгээс бүрдэнэ. Тухайлбал:

        -“Оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх”

        -“Ази-Европын уялдаа холбоо”

        -“Жижиг, дунд бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх”

        -“Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил”

 

Оролцоотой эдийн засгийн хөгжүүлэх салбар хуралдааны хүрээнд Монгол шиг жижиг улс орнууд дэлхийн бүс нутгийн эдийн засгийн интеграцилал, том улс орнуудын эдийн засгийн нэгдэл, холбоо зэргээс хэрхэн таатай нөхцөлүүдийг эдлэх, харилцан ашигтай хөгжих талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн түүнчлэн, үндэстэн дамнасан корпорациудын нийгмийн хариуцлага, эдийн засгийн өсөлт, орлогын тэгш хуваарилалт зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцэнэ. Ази-Европын уялдаа холбоо салбар хуралдааны хүрээнд дэд бүтцийн тээвэр ложистикийн уялдаа холбоо, эдийн засгийн коридор, худалдаа, шилжилт хөдөлгөөн, мэдээлэл солилцоо, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, тогтвортой аялал жуулчлал, соёлын өвийг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Жижиг, дунд бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх салбар хуралдаанаар эдийн засгийн интеграц, үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээ, бүс нутгийн хэмжээ дэх үйлдвэрлэл хоорондын тоног төхөөрөмжийн худалдаа, түгээлтийн сүлжээ, ажиллах хүчний шилжилт, дотоодын үйлдвэр болон үндэстэн дамнасан корпорацийн харилцаа, ЖДҮ дэлхийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх боломж ба бэрхшээл зэрэг асуудлаар хэлэлцэнэ. Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил салбар хуралдаанаар хөрөнгө оруулалтыг дэмжих, компанийн засаглал, санхүү, нээлттэй засаглал, хариуцлагатай бизнес эрхлэлт болон ногоон технологид хөрөнгө оруулах, сэргээгдэх эрчим хүч зэрэг асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

 

Чуулга уулзалтын зохион байгуулалтын ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ажиллаж байна. Мөн МҮХАҮТ, “Монголын эдийн засгийн форум” ТББ, “Монголын ажил олгогчдын эздийн холбоо” зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button