Байшингаа шар шавраар хийсэн, усанд тэсвэргүй блокоор барьсан нь нурах үндэслэл болжээ

Баян-Өлгий аймагт болсон байгалийн гамшгийн улмаас үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс дөрөв дэх удаагийн хурлаа зохион явуулж Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагатай цахимаар шууд холбогдсон юм.

Видео хурлын үеэр аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Х.Дармен гамшгийн хор уршгийг арилгах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн.

Аврах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний анги байгууллагын албан хаагчид хуулийн дагуу цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч ажилласныг ОБЕГ-ын даргад илтгэсэн. Мөн иргэдээс болон аймаг, орон нутгаас ирүүлсэн саналыг шуурхай шийдвэрлэж Улсын Онцгой комиссоос 70 гэр олгож байгаад талархлаа илэрхийллээ.

Урьдчилсан байдлаар хүчтэй аадар борооны үерт Өлгий сумын 160 гаруй айл өртөж, 105 байшин нурсан, 70 байшин нурах аюултай байгаа тооцоог гаргажээ.

Одоогийн байдлаар түр хоргодох байранд 29 өрхийн 107 хүнийг байрлуулан 45 айлыг нүүлгэн аюулгүй газарт шилжүүлж, үерт нэрвэгдсэн 104 айлд шинээр газар олгоод байгаа юм байна.

Мөн нийт 350 тонн ус соруулж, 216 м3 элс буулгаж далан босгожээ.

Аймгийн Онцгой комиссоос үерт өртсөн айлуудад шинээр газар олгох, орон байраар хангах, иргэдийг түр хоргодох байраар хангах, хохирлын хэмжээг нарийвчлан тогтоохоор шуурхай ажлын хэсгийн гурван бүлэг ажиллаж байгаа юм байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сум нь үер усны аюулд өртөх эрсдэлтэй бүсэд оршиж байна.  Өлгий сумын хэмжээнд ус зайлуулах суваг байхгүй. Газар олголтын асуудлыг зөв төлөвлөөгүй, үерийн аюултай бүсэд иргэдэд газар олгосон, иргэд өөрсдийн дураар аюултай бүсэд суурьшсан нь аюулыг улам нэмэгдүүлэх нөхцөл болж байна.

Мөн зарим иргэд стандарт бус, шар шавраар хийсэн, усанд тэсвэргүй блокоор байшин барьсан нь бороонд норж, нурах үндэслэл болж байгаа мэдээллийг тус аймагт ажиллаж байгаа шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн мэдээлж байлаа.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Өлгий сумын үерийн эрсдэлийн энэхүү нөхцөл байдал нь цаашид ч эрсдэл үүсгэхгүй гэх газаргүй. Тиймээс, аймаг, орон нутгаас анхаарч, урт хугацааны зөв төлөвлөлт хийх, 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт инженерийн байгууламж бүхий үерийн далан суваг байгуулах асуудлыг тусгах, ирэх оны улсын төсөвт зардлыг суулгах зэрэг бодлогын арга хэмжээ авч ажиллахыг анхааруулсан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button