Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 2016 оны есдүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Уг дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Үндсэн хуулийн цэц 2016 оны есдүгээр сарын 21-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно …” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Тиймээс дээрх заалтын үйлчлэлийг 2016 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар цэцийн дүгнэлтийг хэлэлцэх явцад уг дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа гэхэд орон нутгийн сонгуулиар нэр дэвшигчид ийм асуудал гаргавал хүлээх хариуцлага байгаа юу гэдгийг бид бодох хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийллээ.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүний 11 нь буюу 91.7 хувь нь Үндсэн хуулийн цэцийн 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэв. Энэ талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button