ГЕГ, Улаанбаатар хотын гаалийн газарт шалгалт хийж эхэллээ
Авлигатай тэмцэх газраас гаалийн байгууллагын авлигын эрсдлийг тодорхойлох, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах зорилгоор Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газарт хяналт шалгалтыг эхлүүллээ.
Ажлын хэсэг нэн түрүүнд гаалийн салбар дахь эрсдэлтэй ажлын байр, албан тушаалын судалгаа хийж, байгууллагын эрсдлийг тодорхойлох юм. Авлига, ашиг сонирхлын зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоож, арилгах чиглэлээр цаашид ажиллах нь ажлын хэсгийн өөр нэгэн томоохон зорилт ажээ. Түүнчлэн гаалийн салбарт мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хянан үзэж, албан тушаалтанд хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан хэм хэмжээг сахин мөрдөж буй явц байдалд дүн шинжилгээ хийж, тодорхой санал боловсруулна.
Гаалийн байгууллагын албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн бүрдүүлсэнд хяналт шалгалт хийхийн зэрэгцээ гаалийн байцаагчдыг сэлгэн ажиллуулсан нөхцөл байдлыг судлан, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
Хяналт шалгалтын ажлын хэсгийг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах комиссар Д.Дуламсүрэн ахалж байна.
Эх сурвалж: АТГ